2010-07-16
“АХ ДҮҮС”


            Mongolz production-ны шинэхэн бүтээл "Ах дүүс" /мелодрама/ кино дэлгэцнээ гараад удаагүй байна. Энэ киноны багт кино зохиолыг С. Бэхбаатар Д. Энхбаяр, найруулагчаар А.Төгсбаяр, зураглаачаар Ж. Отгондаваа зураачаар Ж. Мөнх-Оргил хөгжмийн зохиолчоор Г.Хишигбүрэн, А. Төгсбаяр нар ажилласан бол дүрүүдэд: Ч. Болд, М. Наранмөнх, Д. Сарангуа Д.Оюунзул, МУСТА М. Дорждагва,  МУСТА М. Саранцэцэг нар тогложээ.                                          

Нэгэн рок хамтлагийн дуучин Чинзориг гайгүй залуу. Хамтлагийнхаа ганц эмэгтэй гишүүн Цэкүгийн найз Анкатай үерхэнэ. Чинзориг ээжтэйгээ хоёулаа даруухан амьдардаг бөгөөд удалгүй ээж нь нэг сайн хүнтэй ханилан амьдрахаар болно. Ээжийнх нь нөхөр болох хүн  бас нэг хүүтэй гэнэ. Түүнийг нь Галт гэдэг. Гэтэл ээжтэйгээ хамт, ирээдүйн аав ах хоёртойгоо танилцахаар очиход хамтлагийнх нэг найз нь “дээрэлхээд” байдаг гэж гуйхаар нь хэдүүлээ нийлээд гөвшчихсөн нөхөр хүү нь "шинэ ах" нь байдаг байгаа.
     Эндээс зөрчил эхлэнэ. Дээр
нь дээрх зодооны үеэр Чинзоригийн найз охин Анка Галтыг өрөвдөж, эмнэлэгт хэвтүүлж эргэж тойрсоор дотносож Чинзоригоос хөндийрсөн нь бүр нэрмээс болно. Энэ бүх зөрчил, хэрүүл маргаан, үзэн ядалт хэрхэн төгсөх бол?  Энэ айл нэгэн гэр бүл болон  эвлэж, тэр хоёр  жинхэнэ ах дүүс болж чадах болов уу гэхчлэн үйл явдал өрнөнө. Галт хүмүүстэй нийлж хэн нэгэнд өртэй хүмүүсээс авлага нэхэх “ажил”-аараа Анкагийн ахтай холбогдож ахад нь тусласнаар тэр хоёр улам дотносно.  Харин Чинзориг “ах”- даа найз охиноо алдсандаа галзуурах шахна. Гэвч тэр багын найз Цэкүгийн түүнийг гэсэн сэтгэлийг ойлгож хайрласнаар Анкаг уучлах бөгөөд удалгүй дээрх зодооныг Галтын хамтран зүтгэгч нь түүнийг замаасаа зайлуулах гэж  найзад нь мөнгө төлж захиалсан болохыг тэд мэдэж, учраа ололцоно.

Дээрх киноны зохиол нь  логик алдаатай ч боломжийн, сонирхолтой.  Амьдрал дээр байж болмоор, бодитой. Дүрийн сонголт сайн. Жүжигчид нь ч харьцангүй жигд гайгүй тогложээ. Харин найруулагч нь зохиолоо сайн мэдэрч, жижиг сажиг алдааг нөхөж үзэгчдийн сэтгэлд хүртэл буулгаж чадсангүй. Наад зах нь Галтын дүр зөрчилтэй.  Нэг болохоор хүмүүсийг дарамталж “яс барьдаг”, өртэй хүн нь хараад л өмдөндөө “морь харчихдаг” аймаар этгээд гэх мөртлөө харсан хүмүүстээ хүнд тусладаг сайхан сэтгэлтэй бас юу хийдэгийг нь гэрийнхэн нь гадарлах ч үгүй аавын сайн хүү. Ийм байж болох ч  зөрчилтэй талуудынх нь жорыг тааруулж чадсангүй.

 Чинзориг ч гэсэн найз охиноо харанхуй шөнө гудамжинд зодоон хийсэн газраа хаяж явчихаад дараа нь хайртайгаа гайхаад байх юм. Анкагийн ах нь зочид буудалд Галт тэр хоёрын өмнө өмдөндөө “морь харчихдаг” баргийн хүний нүүр улаймаар эвгүй байдал гаргасны дараа Анка гарч ирээд огтхон ч тоохгүй инээд алдаад ярилцаад байх шиг. Мөн Галт Анка хоёрын харилцаанд хэн хэнтэй нь холбоотой Чинзориг огт дурьдагдахгүй байгаа нь ойлгомжгүй. Үйл явдлын учир эхнээсээ нууцлагдмал өрнөж байснаа хамаг хэргийн тайлал болсон зодооны учир олддог хэсэг жул болчихжээ. Дүрээ тодруулах юм уу үйл явдлаа өрнүүлэхэд ач холбогдол багатай кадрууд ч байна. Зарим хэсгүүд нь хоорондоо холбоос муу үзэгчид тааж ойлгохоор хэсгүүд байна.  

Сүүлийн үед манай киноныхон хөгжмийн найруулга маш муу байгаа нь энэ кинон дээр бас л давтагдлаа.  Энэ кино дөрвөн ч дуутай боловч үзэгчдийн сэтгэлд хүрэхээр уянгалаг биш үйл явдалтайгаа наалдацгүй авцалдаа муутай болжээ. Бас хөгжмийн найруулга нь оновчгүй хэсгүүд олон байлаа.

Энэ нь уг кино бүхэлдээ муу болж гэсэн үг биш бөгөөд харин  жижиг алдаанууд бүр илүү сайн кино болоход нь саад болжээ. Энэ киноны багийнхан  жижигхэн шүүмжийг минь олж уншаад тусгаж абвал, дараа дараагийн бүтээлд нь дэм болох биз ээ.


Бичсэн: Батбаяр | цаг: 20:05 | Шүүмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax