2010-08-08
Тэр өнгөөр тоглож, дүрсээр наадаж, шрифтээр жонглёрддог

Дизайн урлаг…  Хаашаа л харна дизайн, дизайнгүй юм гэж ганц ч байхгүй бүгд дизайн. Бид дизайн дээр гишгэж, дизайн дээр сууж, дизайныг өмсөж, дизайныг  идэж, дизайн дотор амьдарч дизайн дотор үхэж байна. Тийм ч учир бидэнд үргэлж л энэ талын хэрэгцээ гарч хэн нэгнээс зөвлөгөө тусламж авдаг. Дизайн гэдэг бол мэргэжил авъяас мэдрэмж шаардсан нарийн ажил. Монголд дизайны урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх гэж зүтгэж яваа цөөхөн мэргэжлийн зураачдын нэг нь яах аргагүй Чулуунбаатар юм байна.

ЧУБА энэ нэр урлаг соёлынхон тэр дундаа тайзны урлагтай ойр байдаг хэн бүхэнд “хэвлэл дизайн” гэсэн ойлголтыг хамгийн түрүүн төрүүлдэг шиг санагдлаа. Тэд зураач дизайн гэхээрээ, энэ төрлийн зүйл хэрэгтэй болохоороо Чуба л санаанд нь буудаг аж. Учир нь тэд урлагын ямар нэг тоглолт хийх болохоороо хэлэлцчихсэн юм шиг “ЧУБА”-г зорин ирнэ. Энд л тоглолтод хэрэгтэй урилга танилцуулга анонс сурталчилгааны самбар тайз гээд тоглолтод хэрэгтэй бүх зүйлийнхээ эх загварыг гаргуулж, хэвлүүлж хийлгэж аваад явж байгаа харагдана. Яаж тэгж бүгдийг нь ховсдсон юм шиг цуглуулж чадаж байнав.

Цаасан дээр үгээр буусан эсвэл бүр найруулагч уран бүтээлчдийн сэтгэлд дуншиж яваа санааг мэдэрч дүр дүрслэл болгон буулгах амаргүй. Урлагийг зөвхөн харж биш өөрийн зөн сэрэхүй мэдрэмжээрээ мэдэрч гэмээнэ итгэл үнэмшил бүрдэх байх гэж бодно. Чуба өөрийн тэр л зөн мэдрэхүй мэдрэмжээрээ уран бүтээлчидтэй сэтгэл зүйн нандин холбоо тогтоож чадсан учраас тэдэнтэй  ойлголцож тэдний сэтгэлд байгааг онгойтол нь дүр дүслэлээр, өнгө будгаар илэрхийлж өгдөг аж. Үнэнийг хэлэхэд түүний бүтээл нэгэн уран бүтээлчийн хэлснээр “байж болохоос бүр төсөөлж ч чадамгүйг дүрслэн яг л үерийн ус шиг хүний сэтгэлийг эзэрхийлж чаддаг” байна. Тэр өнгөөр тоглож, дүрсээр наадаж, шрифтээр жонглёрддог.  

Анонсны “загалмайлсан эцэг”

 Сугарын Чулуунбаатар чимэглэгч зураач мэргэжилтэй. Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. Түүний мэргэжил төрсөн газар оронтой нь холбоотой санагдсан. Уянга хийцийн эрээн гэр гээд л ярьдаг биз дээ. Нээрээ эндээс холбоод бодохоор энэ Уянга сумынхан чинь дизайн гээч юмыг хэн ч мэддэггүй байхад хамгийн “дизайнтай гарууд” байж одоогийнхоор “чимэглэх урлаг” гээчийг чинь  хөгжүүлж өгч байсан юм биш үү. Тэгэхээр түүний авъяас билэг унасан газар уул уснаас нь шингэчихэж.

Тэрээр мэргэжлийн сургуулийг нь дүүргээд ерээд оны эхнээс тэр үед байсан “Ард” бас саяханаас дахин үүдээ нээсэн “Өргөө кино театруудад ажиллаж урлагийхантай холбогдож эхэлсэн хүн. Кино театруудад шинээр гарч байгаа бүх киноны зурагт самбарыг даавуун дээр урлаж анонс афишаа хэрхэн хийж байснаа яривал үлгэр. Үзвэр тарж хөл татарахаар коридортоо томоос том цууямбуугаа дэлгэж байгаад зурж гарна. Тэр үед  компьютер, хэвлэл гэж байсан биш. Ямар ч том хэмжээтэй анонс байсан тэр дотор хичнээн ч хүний зураг байсан бүгдийг нь гараараа дурайтал зурдаг байсан. Одоо бол ч бүгдийг комьпютер, хулдаасан хэвлэлийн машин гэдэг бол тэр үед тийм юм байх биш өөрөө л комьпютер, скайнер, өнгөт хэвлэлийн “машин” болчихож байгаа юм. Долоо хоног бүр одоогийнхоор бол “рекламны самбар”-аа шинэчилнэ. Түрүүчийн анонсоо солих болохоороо нөгөө даавуугаа зад угааж шохойдож байгаад дахин зурах. Хичнээнийг ч зурсан юм бүү мэд ээ.
              
               Жаахан сүүлд нь хошин урлагийн продакшнууд бий болж тоглолтынхоо анонсоо хийлгэх гэж түүнд хандах болсон байна. Бас л олныг хийж дээ. Монголын хошин урлагийн театрын 10 жилийн ойд зориулсан анонсон дээр тэр үеийн хошин урлагтай холбоотой гол жүжигчдийг бүгдийг нь багтааж 31 хүний хөрөгтэй анонс зурж байв. Дурайтал зурсан хөрөг зургууд. Бүгдийнх нь жүжиглэх арга барил өөрийн гэсэн өнгө дүр төрхийг нь тод харуулж чадсан нь гайхалтай санагдсан шүү.

Одоо ч гэсэн олон концерт тоглолт шоуны постер, зурагт самбар анонсыг урласаар бүтээсээр байна. Уран бүтээлчид түүн рүү хандах олон шалгаан байнаа. Тэр юмыг уул юмных нь санааг их мэдэрч донжтой гаргаж ирэх юм.

 Ер нь энэ анонс зурагт самбар, постер чинь зүгээр нэг зургийг нь тавиад оролцох хүмүүс эхлэх цагийг нь биччихдэг эд биш байна энэ чинь. Тэр л тоглолтын санааг, өнгө төрхийг сонин сайхныг хүмүүс таниулж үзэх юмсан гэсэн хүслийг нь оргилуулж даллан дууддаг тул нухацтай ханддаг байна.  Ийм ч учир холливудынхан постертоо их ач холбогдол өгдөг. Постер нь агуулгаа илэрхийлж үзэгчдийг татах товч тодорхой бөгөөд сонирхол татахуйц хамгийн сайн сурталчилгаа болж өгдөг учир их анхаарал тавьдаг.  Бүр бие даасан урлагын бүтээл гэж үзэж дэлхийн шилдэг 100, бүх цаг үеийн гэх мэтээр шалгаруулдаг.  

Чуба үүнийг мэргэжлийн хүний нүдээр харж тэр л урлагийн,  мэргэжлийн түвшинд нь бүтээж туурвиж явна. Түүнийг анонсны “загалмайлсан эцэг” гэхэд аль ч талаасаа алдахгүй байх аа.  Өөрөө ингэж хэлэхэд дургүй байна лээ. Гэхдээ юм үнэнээрээ сайхан Тийм ч учир түүний энэ авъяас чадвар сэтгэлийг үнэлж хүндэтгэн 2001 онд “Шинэ үе” хамтлагын Боёо санаачлан “Хошин урлаг” гэдэг их армид багтсан бүх уран бүтээлчид оролцон түүнд зориулсан “Жаазтай инээд” тоглолтыг зохион байгуулж байв. Хэн нэгэнд тэр тусмаа зураачид зориулан ийм тоглолт болж байгаагүй учир найз нартаа их баярласан гэсэн.

Чуба захирал

Хоббигоо бизнес болгож амьдарч байгаа хүн хамгийн азтай гэдэг биз дээ. Зурах нь түүний хобби. Багаасаа цаас харандаанаас салдаггүй хүүхдүүдийн гуйсныг зурж өгч “кайф” авдаг хүүхэд байж. Цэрэгт ч АА-ын 256-р ангид алба хааж ангийнхаа зурж бичих бүх л ажлыг нугалж өгсөн байна.

Одоо зураач С.Чулуунбаатар “Чуба дизайн” нэрээр олон түмэнд хэдийнээ танил болжээ. 2001 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж “Чуба дизайн” компаниа байгуулсан байна. Ажил алба гэдгээс гадна хобби нь учир тэр яг л машин шиг ажиллах юм. Түүний тухай бичих гэж араас нь нэлээд хөөцөлдөх хэрэг гарсан шүү. Энд ч самбар тэнд ч тайз гээд тийм ч интерьер дизайн тохижуулалт гээд алга болно. Одоо бүр Улаанбаатартаа,  Монголдоо тогтохоо болиод хил дээс алхаад бүтээж туурвиж эхэлсэн байна. Саяхан тэр Хятадад нэг томоохон обьектын интерьер дизайн тохижуулалтын захиалга авчээ. Түүний авъяас чадвар, сэтгэлээ зориулдаг хичээнгүй хөдөлмөрийг үнэлээд л тэр тэрбум гаруй хүнтэй газраас санал тавьсан байна. Хүсэл мөрөөдөл нь болсон ажил нь учир бүхнийг сэтгэлээсээ хийж тэр  бүхэн нь  хүмүүст хүрдэг юм байна даа.

Өөрийн ур ухаан авъяас хөдөлмөрөөрөө Монголын реклам чимэглэлд хүч түрэн гарч ирсэн энэ эрхэм өнөөдөр хотын гудамж талбайн реклам чимэглэлийг атгаж байна гэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ. Түүний компани дээр өгүүлсэн анонс зурагт самбар, постероос гадна төрөл бүрийн катологи, танилцуулга, хаяг, шошго, уут сав баглаа боодлын дизайн календар, карт гээд зогсохгүй байгууллагын төрөл бүрийн хаяг реклам бүр цаашлаад үзэсгэлэн, тоглолтын тайз засал чимэглэл, павильон, байгууллага үйлчилгээний газрын интерьер дизайн засал чимэглэл дотоод тохижуулалтын ажил гээд өргөн хүрээтэй ажиллаж байна .
          Энэ бүхэнд бүгдэд нь түүний оролцоо авъяас хичээл зүтгэл харагдаж байна. Чуба би захирал дарга гээд холоос харж зааж зааварладаг хүн биш. Бүх ажилд ханцуй шамлаад нөгөөдүүлтэйгээ уралдаад орчихдог юм билээ. Мэдээж Чуба аливаа ажилдаа энэ яахав энгийн юм жижиг юм гэж ханддаггүй. Бүх л зураас өнгө будаг үсэг шрифт  гээд бүх л деталь эд ангид авъяасаа ивж сэтгэлээ шингээж урладаг нь түүний хүмүүсийг татаж чадаж амжилттай яваагийнх нь нууц нь болдог байна. Тэрээр хүмүүст жинхэнэ реклам гэж юу болох тухай ойлголт өгч түүнийг мэргэжлийн түвшинд бүтээдэг. Реклам хичнээн чухал болохыг, сэтгэлээ өгч бүтээсэн ажил, бараа бүтээгдхүүнээ рекламдах нь ямар чухал болохыг жинхэнэ ажил хэрэгч хүмүүс л ойлгодог гэж тэр ярьж байна лээ.

Уран бүтээлч Чуба

Чулуунбаатар дүрслэх урлагийн олон төрлөөр ажиллаж байгаа бөгөөд тайз дэлгэцийн урлагт ч өөрийн гэсэн өнгө төрхөө хэдийнээ олж мэргэжлийн түвшинд бүтээн туурвиж явна.  “Домог жаргасан цаг”, Учиртай гурван толгой”, “Хойд эх”, “Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Алмастай нөхцсөн нь”, Зүрхэнд шивнэсэн үг” гээд мэргэжлийн ур чадвар шаардсан, түүхэн цаг үеийг харуулсан кинонуудад зураачаар ажиллаж байв. Дээр дурьдсан 2001 онд “Хошин урлаг”-ийн бүх уран бүтээлчид түүнд зориулан зохион байгуулсан “Жаазтай инээд” тоглолтын үеэр жижиг хэмжээний хөрөг зургийн үзэсгэлэн гаргасан нь үзэгчдийн сэтгэлд их хүрсэн байна. Монголын гэсэн хаягтай монголын гэсэн өнгө төрхтэй дизайны урлагийг бий болгож энэ төрөлд олон залуучуудыг шунан дурлах хүсэл тэмүүллийг нь асаахад нэмэр болохоор дэргэдээ урлан байгуулж энэ чиглэлээр суралцдаг оюутан залуусыг сургаж байна.

Хэрэв та түүний урлангаар зочилсон бол ер нь түүний өдөр тутам бүтээж байгаа бүх л ажил нь уран бүтээл байж мэргэжлийн өндөр түвшинд бүтээгддэгийг харж болно. Түүний гараас өдөр бүхэн урлагийн бүтээл гарч байдаг. Хийсэн ажилдаа эзэн байхын үлгэрийг зураач Чулуунбаатар үзүүлж байгааг хэлэх нь зүйтэй биз ээ. Чуба үүндээ сэтгэл ханахгүй улам олон уран бүтээлээрээ монголынхоо хөгжилд нэмэр болохоор зүтгэж явна. Нөгөө “Анхны алхам" киноны буриад өвгөн сэтгэл нь хөдлөн “Ийм залуучууд олон байдаг бол ч тэр Хомунизмыг чинь байгуулаад хаячихъя” гэдэг шиг хүн болгон Чуба шиг ажилдаа эзэн болдог бол ч улс орон маань амархан хөгжинө дөө. Та бүхэн түүний урлангаар зочилбол өөрийн хийсэн бүтээсэн бүхний гэрэл зураг эх дизайнаар гаргасан  "CUBA" номыг нь заавал үзээрэй. Нэг үгээр хэлбэл миний яриад байгаа монголын дизайн урлагын түүх юм даа.

Төрөөс идээгүй төсвөөс луйвардаагүй амьдрал дундаас цэвэр өөрийн хүч чадлаар боссон ийм л хүмүүсийг жинхэнэ “Монгол мөрөөдөл” гэж ажил үйлс, амжилт ялалтыг нь олонд хүргэж сурталчилах хэрэгтэй санагдана.


Бичсэн: Батбаяр | цаг: 10:55 | Ёстой хүний тууж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


ура ура
Бичсэн: po цаг: 17:05, 2010-12-09 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 17:03, 2010-12-09 | Холбоос | |


тэврэлт тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 17:03, 2010-12-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax