2010-07-27
Акира Куросавагийн “Дэрсү Узала”

           

          Намайг багаа байхад 70 80-аад оны социализмийн хаалттай үед солонгосын “Хон гил дон”-оос ч өмнө кино театруудаар “Гени жудо”  /японоор Жудогийн домог/ гэж гайхалтай кино оросоор гардаг байв. Хүүхдүүд баатруудыг нь дуурайж тоглоод ах нарын ярианы гол сэдэв байсансан. Дараа нь телевизээр “Дэрсү Узала” гэж суут киног үзээд бас л биширч явлаа. Сүүлд нь энэ кинонуудыг 20-р зууны японы нэрт найруулагч Акира Куросавагийн бүтээл гэдгийг нь мэдсэн билээ. Хаалттай тэр үед манайхан түүний хоёр ч киног нь үзээд амжсан байж шүү.

            Тэрээр 1910 оны 3-р сарын 23 нд жирийн япон гэр бүл Исамү болон Симы Куросавагын гэрт мэндэлсэн байна. Багаасаа кино урлагт дуртай болсон тэрээр насанд хүрмэгцээ кино бүтээдэг хүн болохоор шийдэж тухайн үеийн японы алдартай PCL фирмд сайн найруулагч Казиро Ямамотогийн туслах найруулагчаар ажиллаж эхэлсэн байна. Удалгүй бие даан уран бүтээлээ туурвих болж хамгийн анх 1943 онд японы засгийн газрын хяналтан доор үндэсний үзлийг сурталчилсан “Жудогийн домог” киноныхоо анхны ангийг хийсэн нь залуу найруулагчийг шууд алдартан болгожээ. Японы кино урлагын оргил, уудалж баршгүй авьяасын ундрага нэрт найруулагч олон шилдэг бүтээлүүд туурвиж япон төдийгүй дэлхий даяар алдаршсан бөгөөд маш олон шагналын эзэн болж байсан билээ. Түүний 1975 онд тухайн үеийн ЗХУ-тай хамтран хийсэн “Дэрсү Узала” киног та бүхэнд товч танилцуулья.

                 

            Анх Оросын нэрт газарзүйч, судлаач, зохиолч ахмад В.К.Арсеньев 1923 онд “Дерсу Узала” номыг бичжээ. Тэр бол олон удаагийн домогт аялалд оролцсон гайхамшигт аялагч, зохиолч хүн бөгөөд олон сонирхолтой адал явдалтай аялалын тэмдэглэл болон судалгааны ажлуудаараа алдаршсан хүн байсан байна. Түүний дурсгалд зориулан 1956 он ЗХУ-д шуудангийн марк хүртэл гаргаж байжээ. Тухайн үед Сибирь, Уссур, Примоийн хязгаар Алс дорнодын байрзүйн зураг бүтээх их ажил хийгдэж байсан бөгөөд “Дерсү Узала” кинон дээр гардагчлан ахмад В. К.Арсеньев өөрийн цэргүүдтэйгээ судалгааны экспедицээр явж байхдаа нанай үндэстний анчин Дерсү Узала хэмээх нутгийн өвгөнтэй тааралдаж газарчлуулж явсан байна. Судалгааны багийнхны аялах явцад тохиолдсон адал явдал, Дерсу өвгөний амьдралаас сэдэвлэсэн энэхүү кино нь бодит үйл явдал дээр тулгуурласан бөгөөд зохиолын гол дүр Дерсу, ахмад нар бодит дүр юм. 1961 онд В.К.Арсеньевийн энэ зохиолоор зөвлөлтийн найруулагч Агаси Бабаян яг энэ нэрээр кино хийж байсан ч нэг их амжилттай болоогүй байна. Хожмоо уг зохиолыг нэрт найруулагч А.Күросава, Юрий Нагибин нар дахин кино зохиол болгож өөрчилснөөр бидний мэдэх энэ кино бүтээгдсэн байна. Манай телевизүүдээр олонтаа гарсан тул үйл явдлыг нь давтаж нуршаад яахав.

     

Дэрсү Узала бол зовлон жаргалын гэрч болсон атираа бүхий нар салхинд гандсан бор царай, майга хөл, ноорхойдуу хувцас, намхавтар биетэй монголжуу царайтай хүн. Хэдийгээр түүний дүр төрх эгэл боргил авч дотоод сэтгэл нь булгийн ус шиг тунгалаг, бас эхийн сүү шиг цагаан гэдэг нь киноны явцад олон зүйл дээр тодордог. Сайхан сэтгэлт хөгшин эр Дерсү Узала, зоригт аялагчид, ухаалаг бас ноён нуруутай ахмад, зожигрон тэнүүчлэх Хятад өвгөн бүгд л дахин давтагдашгүй мэдрэмжтэй дүрүүд. Дерсу юуны учир ойд тэнүүчлэн амьдрах болсон, бас согтохоороо бусдаас зайдуу ганцаархнаа суучихаад дуулдаг дуу нь яагаад тийм гунигтай байдаг тухай, яагаад хятад өвгөний зовлонг дэндүү сайн мэдэрдэг тухай, Дерсу тэр барыг буудчихаад яагаад тэгтэлээ өөрчлөгдсөн тухай олон үйл явдлууд нь хүний амьдралын утга учир, хүн байгалийн шүтэлцээ мөн чанарын гүн ухааныг нээж байдаг. Аливаа зүйлийн гадаад болон дотоод ертөнц хоёр өөр хоорондоо асар их ялгаатай өөр байж болох жишээг киноны найруулагч бидэнд Дерсугийн дүрээр, мөн Уссурын бараар төлөөлүүлж харуулсан билээ. Тэр тусамаа монголчууд бидний сэтгэлд их ойрхон буух гол дүрийн маань үг яриа, байгаа байдал үйл хөдлөл нь бидэнд хүн байгаль хоёрын харилцан шүтэлцээний талаарх маш нарийн зүйлүүдийг өгүүлж байдаг. Тэрээр "Вода это люди. Ветер тоже люди. Если вода сердиться худо будет" /Ус амьтай, салхи ч амьтай. Хэрвээ ус уурлавал муу юм болно/ гэж хэлдэг шүү дээ. Дорно дахины гүн ухаанд ус, уул бүгдийг амьд хүн мэтээр үздэг нь цаанаа үнэхээр нэгийг хэлдэг. Харамсалтай нь одооны хүмүүс бид тэр нарийн шүтэлцээ, байгаль эхтэйгээ холбогдсон тэр сэжмийн талаар даанч огтхон ч бодолгүй байгаль дэлхийгээ уурлуулаад байн уу даа гэж бодогдох боллоо. Сүүлийн үед улам бүр тод мэдрэгдэж байгаа байгаль дэлхий өөрчлөлт үүний тод жишээ болж байна.

Найруулагч А.Күросавагийн арга барилд дүр болон үйл явдалаа тодруулахын тулд цаг агаарын элементүүдийг өргөн ашигладаг нь энэ кино дээр тод харагддаг. Ахмадтай явж байгаад хоюулаа төөрөөд гэнэтийн шуурганаар Дэрсү Узалагийн амьдралийн болон байгаль дэлхийн тухай мэдлэгийн ачаар амь гарч байгаа зэрэг олон үйл явдал гардаг.

Энэ кино маань А.Күросава найруулагчийн гадаад хэл дээр хийсэн цорын ганц бүтээл бөгөөд 1976 онд Гадаад хэл дээрх шилдэг кино” номинациар Оскарын шагнал авсан юм.

          
            Анхны бүтээлээсээ эхлээд л хийсэн кино бүр нь тэсрэлт болдог кино урлагын амьд бурхан байсан А.Куросава 1998 оны 9-р сарын 6 нд 88 насандаа бурханы оронд заларчээ.


 
 Зохиолын эх дүр болсон жинхэнэ В.К.Арсеньев болон Дэрсү  нар





Бичсэн: Батбаяр | цаг: 12:37 | Кино ярьж өгье
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Энэ үнэн шүү.Хүн төрөлхтөн байгаль эхтэйгээ хүйн холбоотой гэдгээ умартдаг маш буруу юм.Манай өвөг дээдэс байгалаа хайрладаг байсан зан үйл учир жанцантай л хэрэг.
Бичсэн: TIKTAK цаг: 23:17, 2010-12-29 | Холбоос | |


ene bol uneheer goy kino !
Бичсэн: chuluunaa цаг: 14:19, 2010-09-16 | Холбоос | |


сайхан кино
Тийм ээ гоё кино алга ташилт
Бичсэн: Zurai цаг: 14:01, 2010-07-27 | Холбоос | |


new article
Одоо шинээр бич ээ, бүгдийг нь оруулж дуусгаад
Бичсэн: Боролзой цаг: 13:41, 2010-07-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax