2010-07-31
“Секс эрх чөлөө”

Манай нэртэй зохиолч Дармын Батбаярын “Цахилж яваа гөрөөс” гэж гайхалтай тууж байх. Амьдралын утга учир, хайр сэтгэлийн мөн чанар, хүний сэтгэлийн олон өнгө аясийг их л нарийн чимхлүүр сэтгэлд буутал уянгатай яруухан гаргаж монгол хүний сэтгэл зүйн онцлогийг их нарийн гаргасан үнэхээр сайн зохиол байдаг. Бид хоёр хөршөөсөө ер нь дэлхий ертөнцөөс талын монголын нүүдэлчний сэтгэхүйн онцлогоороо эрс ялгаатай. Тэр нь бидний эцэг өвгөдийн аж амьдрал хайр сэтгэлийн зөрчил дээр тод ялгарч харагддагыг энэ зохиол их л нарийн гарсан байдаг.

Алдуурсан сэтгэлийн жолоо цулбуураа барьж дийлэлгүй сэтгэлийн зовлонд унаж амьдрал, ар гэрээ хувийн жаргалын дэнсэнд тавьсан залуу, хань ижил үр хүүхэд хамаг амьдралаа гэж сэтгэлдээ тарчлах гэргий, зүрхний дуудлагаар зүглээд хайраас харц буруулж чадаагүй бүсгүй гурвын сэтгэлийн драмыг талын монгол хүний онцлог сэтгэл зүйн үүднээс гайхалтай дүрслэн харуулснаараа гайхалтай болсон билээ энэ тууж.  

Саяхан “Өргөө” кино театрт “Эссэч интертайнмэнт“-ийн бүтээсэн Секс эрх чөлөө” хэмээх кино гарч эхэллээ. Нэр нь хүртэл “Секс эрх чөлөө” гээд зарлан тунхаглаж хашгирсан сонирхол татахуйц уг кинонд жүжигчин Ж.Жамьянсүрэн зохиолыг нь бичиж найруулсан бол хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг, зураглаач Н.Төгсөө, дууны найруулагч, С.Нэргүй, зураач Х.Энхтүвшин нар ажиллажээ.

Зохиол нь өнөөгийн манай амьдрал дээр зарим гэр бүлүүдэд тохиолддог нууц амрагийн асуудлыг тухайн нийгэмтэй нь холбон харуулж, амьдралд бидний дэргэд өдөр тутам байдаг ч бид анзаардаггүй аз жаргалын үнэ цэнийг  өгүүлэхийг зорьжээ.

Гол дүрүүдийг манай чадварлаг залуу жүчигчин Р.Анхням, Б.Хулан, А.Баттүшиг, Г.Эрхэмбаяр нар тогложээ. Жүжигчин А.Баттүшигийг манай үзэгчид саяхан гарсан “Адам” киноны дүрээр нь сайн таних байхаа. Ер нь залуус маань энэ кинонд зоригтойгоор өөрсдийгөө өөрчлөн, дайчилж тоглосон харагдаж байв.  

 

Ажил төрөл нь өөдрөг яваа Итгэл /А.Баттүшиг/ захирал болов. Найз нөхөд нь баяр хүргэж тэр дундаас сайн найз Хуяг нь /Г.Эрхэмбаяр/ баярлан нэгэн томоохон төсөл дээр хамтран ажиллах санал тавина. Түүний хуучин ажлыг нь гадаадад ажиллаж байгаад ирсэн залуу сайхан бүсгүй Уянгаа /Б.Хулан/ авч хамтран ажиллах боллоо. Удалгүй тэдний харилцаа ажил хэргийн хүрээнээс хальж гүнзгийрэх болов. Нөхрөө халамжлан үр хүүхдээ асран гэртээ суух эхнэр Энэрэл /Р.Анхням/ нь ажил ихтэй хэмээн алга болох түүний энэ байдлыг нь гадарлаж “Чи ямар л ажил хийгээд яваад байна даа” гэх боловч тэвчин өнгөрөөнө. Шинэхэн захирлын амрагын явдал өрнөсөөр эхнэр хүүхдээ хаяж шинэ амьдралыг сонгов. Түүнийг хувийн амьдралдаа түүртэж явах зуур сайн найзынх нь санал болгосон төсөл бүтэлгүйтэн ажил нь нурж тэрээр халагдана. Ажилгүй болсон тэрээр сэтгээр унаж гэртээ бүгэх үед шинэхэн эхнэрийнх нь тар танигдаж ажил ихтэй хэмээн хонон өнжин алга болж ирэхэд хуучин авгайнхаа зовлонг эдлэн “Чи ямар л ажил хийгээд яваад байна даа” гэхээс өөр үг хэлж чадахгүй болно. Итгэл өөрийн эрхгүй өмнөх амьдралаа үгүйлэх болов.  Гэвч буцаж очьё гэвч хуучин эхнэртэй нь найз Хуяг нь суучихсан тул гарцгүй. Сэтгэлээр унасан мань хүн амиа хорлохоос өөр гарц үлдээгүй учир уулын модонд очиж найзынхаа бэлэглэсэн буугаа.... Тэр гэнэт цочин сэрлээ. Энэ бүхэн зүүд үү үнэн болсон явдал уу. Та бүхэн үзэж

Үзэгчид их эмоцтой сэтгэлээсээ хүлээж авч сонирхон үзэж байгаа нь ажиглагдсан. Олон зүйлээрээ сүүлийн үед гарахгүй байгаа сайн кино болжээ. Гэхдээ хэлмээр жижиг санжиг зүйлүүд байнаа.

Уул сэдэв нь маш их драмтай хурц гаргаж болохоор өгөөжтэй сэдэв. Хурц гэхээр заавал чанга дуу сүртэй том үг их хашгираан биш л дээ. Тогтсон амьдралаа золин байж дотносож байгаа тэр сэтгэлийн хувирал өөрчлөлт хэн хэнийх нь гаргаж буй амьдралын хүнд шийдвэрүүдийн шийдэлийг харуулсан нь нэг л сул илээд өнгөрөх юм. Итгэл Уянгийн юунд нь яагаад дурлав ер нь тэр үнэн сэтгэлээсээ дурласан юм уу угийн тийм хүүхэмсэг нөхөр үү гэдэг нь тодорхойгүй. Итгэлд татагдсан Уянгын хайр ч үнэн сэтгэлийн хайр юм уу албан тушаал эрх сүрэнд нь дарагдав уу гэдэг бас оньсого. Энэрэл ч гэсэн долоон жилийн амьдрал хайрынхаа төлөө ганц ирээд нэг сайн уйлж аваад болоо.
                           

Энэ бүгдийг нуршилгүйгээр арай жаахан үзэгчдийн сэтгэлд хүртэл тодруулж өгсөн бол бүрч сайн кино болох байлаа. Хүн амьдралийн алдаа ч бай оноо бай ийм шийдвэрүүдийг гаргахдаа их л хүчилж байж, сэтгэлийн болон үйл явдалын олон уулзварт шахуулж байж гаргадаг байх. Тэр тусмаа ийм хэмжээний байр суурьтай хүн. Даанч энэ бүхэн харагдсангүй. Дээр дурьдсан “Цахилж яваа гөрөөс” туужид яг ийм дурлалын гурвалжинг үнэхээр тод томруун гайхалтай нарийн дүрслэн харуулсан байдаг. Гол дүр болох Итгэлийн нийгэмд эзэлж буй байр суурь байгаа байдал хоёр нь амьдралтай даанч нийцэхгүй болжээ. “Арван тэрбумын төсөл” хэрэгжүүлдэг группын захирал хүн нэг тийм нэгдүгээр курсын оюутан шиг год шод гээд сонголт шийдэл нь байнд ч үгүй банзанд ч үгүй байдаггүй л дээ. Зүйн нь нэг газрын мэргэжилтэн ч юм уу байхаар байж. Зохиолын энэ өнгөц байдал нь жүжигчдийн тоглолтод тусч зарим хэсэг нь жүжиглэлт дутсан тал харагдаж байна.

Киноны зураглаачын ажил, дууны найруулга ер нь бол дажгүй нийцтэй харин хөгжим нийтэд нь нэг хэвийн гунигийн аястай үргэлжилдэг нь киног аймшгийн кино шиг сэтгэгдэл төрүүлж байв. Алдаа оноотой ч хүний амьдрал юм хойно хөгжим нь ч олон өнгө аястай байсан бол үйл явдал нь сэтгэл буух нь илүү байх байсан сан.   

 Энэрэл Итгэлийг надаас салаад явлаа ч БИ БОЛ тэр хүний амьдралд долоон жил ханилсан хань, хүүхдийнх ээж гэдгээрээ, өвдөж зовоход нь дэргэд нь байж, тал бие нь болж, хамт өнгөрүүлсэн баяр жаргал инээд баяслын нь эзэн нь гэдгээрээ баллуурдаж арилгахын аргагүй том зай эзэлсэн хэвээр л байж, сэтгэлийнх нь нэгээхэн чавхдасыг хэзээд хөндсөөр байж чадах тийм л хүн гэдэгт, надаас холдон явлаа ч зүрх сэтгэл нь хэзээд үгүйлэх тийм л хүн гэдэгт итгэлтэй байдаг. Энэ байдлыг Р.Анхням жүжиглэлтээрээ сайн харуулж чаджээ. А.Баттүшигийн эхнэртэйгээ муудалцаж байгаа хэсэг ч сайн болсон.

Сүүлийн үед гадуур гараад байгаа хошин шогийн бичлэг юм уу сонирхогчдийн анхны оролдлогуудыг бодвол ямар ч байсан үйл явдлын шугамтай, хэлэх гэсэн санаатай кино урлаг гэдэг талаас нь харж, хэлж шүүмжилж болохоор киноны хэлээр өгүүлсэн бүтээл болсон байна. Кино багийнхан кадр сцен бүрээ бодож сэтгэл шингээж авсан нь олон зүйл дээр харагдаж байсан. Ухаарал хайрласан сэтгэл дотор байгаа эмзэг сэдвийг хөндсөн иймэрхүү бүтээлүүд манай кино урлагт хэрэгтэй байна даа.

Хүмүүсийг ажиглаж байхад цаг хугацааны эрхэнд удаан амьдраад ирэхээрээ үнэт зүйлсээ алдаад эхэлдэг юм шиг. Эсвэл анзаардаггүй ч юм уу. Үргэлж миний дэргэд байхаас хойш гэж боддог юм уу. Тэрнээс гомдол үүсдэг. Хажууд байгаа хүнээ болж л өгвөл хайрлаж, үнэ цэнэтэй бүхнээ тэр чигээр нь ариун нандинаар хадгалж, дурсаж явах хэрэгтэй гэж боддог. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.


Бичсэн: Батбаяр | цаг: 17:59 | Шүүмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


sss
ssssss
Бичсэн: sss (зочин) цаг: 13:49, 2011-04-16 | Холбоос | |


Одоо ч бараг эр эмгүй цахилж байна дөө. Эр хүний хоёр улаан хоолой гэж
Бичсэн: dadido цаг: 12:21, 2010-11-21 | Холбоос | |


цахилж яваа гөрөөсийг уншлаа их сэтгэл хөдөлсөн, хүн нэг л амьдрана олон дурлаж нэг л хайрлавал болмой ярзайтал инээх
Бичсэн: гэрэл (зочин) цаг: 16:56, 2010-11-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичсэн танд баярлалаа. Энэ хүний овог нь Дарма тул ингэж бичих нь зөв бөлгөө.
Бичсэн: Батбаяр цаг: 18:36, 2010-07-31 | Холбоос | |


Дармын биш Дарамын
Хүний нэрийн араас нөхцөл залгахад эгшиг гээдэггүй болой. Ингэж бичвэл Батбаяр гуайн аавын сүнс нь танд уурлах амой. гуниглах
Бичсэн: Боролзой цаг: 18:26, 2010-07-31 | Холбоос | |


Браво
Баабар браво, сексийн эрх чөлөөг монголд дэлгэрүүлэхийн тухайт үйл хэрэгт оруулж байгаа хувь нэмрийг тань үнэлмү. ярзайтал инээх
Бичсэн: Боролзой цаг: 18:22, 2010-07-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax