Одоогоос зуугаад жилийн өмнө Америкт жүжигчин, зохиолч, кино найруулагч, хөгжмийн зохиолч Чарлз Спенсер Чаплин гуай амьдарч уран бүтээлээ туурвиж байлаа гэж. Дуугүй, дан хөгжимтэй, хар цагаан, одооны энэ техник технологиор зодож хийдэг кинонуудыг бодоход зарим кадр нь хүртэл баларсан түүний бүтээлүүд цаг хугацааг даван одоо ч үзэгчдийн сэтгэлийг булаасаар ухаарал баяр гуниг бэлэглэсээр байдгийн учир нь юу юм бол?
Хошин урлагийн “Шинэ үе” продакшн, Заяа иш студи хамтран Английн зохиолчийн “Эхнэрийнхээ төлөө давхи” зохиолоос сэдэвлэсэн “Үлгэрийн хайр” инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ өргөн барилаа. Уг кинонд ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлдчид оролцон тоглосноороо онцлог бөгөөд киноны ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Алтансүх ажиллаж, Ариунболд, Ундармаа нар гол дүрийг нь бүтээжээ.
Мөн гавьяат жүжигчин Б.Батзаяа, Д.Батсүх, Н.Чаминчулуун, Б.Туяа, Золбоот гээд хошин урлагийн мастеруудаас гадна дуучин Ану, “Киви” зэрэг рок попын уран бүтээлчид оролцсон байна. “Үлгэрийн хайр” кинонд өнөө цагийн залуусын хайр дурлалын үзэл бодлын болон сэтгэхүйн зөрчлийг инээдмийн өнгө аясаар үзүүлж, хайр дурлалд болгоомжтой хандахгүй бол санасан бүхэн бас биелэдэггүй гэдгийг хөгжилтэйгээр харуулахыг зорьжээ.
Амьдралын төлөө зүтгэсэн таксины жолооч нэг залуу яагаад ч юм хоёр эхнэртэй, гурван ч хүүхэдтэй юм уу даа. Баригдалгүй нэг юм зохицуулаад явж байтал нэг гайт өдөр цаг нь болж баригдана. Учир нь сайн олдохгүй тохиолдлоор нэг авгай толгой руу нь цүнхээр гөвшиж, тэрээр гэмтэлд хүргэгдэж ирээд ухаан алдаж, сэргэх бүртээ хоёр хаягаа ээлжлэн цагдаад мэдүүлнэ. Бас эхнэрүүд нь түүнийг гэртээ ирсэнгүй гэж цагдаад дуудлага өгснөөр үйл явдал зангирч, өрнөснөөр эцэстээ бүх юм тодорхой болно. Киноны санаа нь олон туулай хөөсөн хүн хоосон хоцрохын үлгэрийг харуулахыг зорьсон юм уу даа.
Мэдээж туршлагатай жүжигчид оролцсон болохоор тоглолт нь хэтэрсэн үү гэхээс дутаагүй техник хэрэгсэл бусад олон зүйлс нь хангалттай гэхээр боловч кино урлаг гэдэг талаас нь харвал кино болсонгүй. Магадгүй хошин шоу тоглолтын нэг томоохон үзэгдэл ч гэх юм уу.
Кино гэж ер нь юуг хэлэх вэ? Ер нь камерт буулгасан болгон кино болдоггүй. Бид голын зах дээр найз нөхөдтэйгээ зугаалсан бичлэгээ засаж монтажлаад цаана нь хөгжим хийсэн нь хичнээн нийцтэй болсон ч кино гэж нэрлэх бил үү. Ямар ч өвөрмөц зохиомж, сонирхолтой шийдэл, гайхалтай зохиол байж болно. Тэр бүгдийг киноны хэлээр, киноны тавилаар дэглэж байж л, тэр нь кино гэж хэлэгдэж, кино урлаг гэх хэмжүүрээр шүүх боломжтой болно.
Сүүлийн үед манай зарим нэг продакшн студийн хийж буй кино нь тайзны хошин шоуны тавилтыг чирээд кино болгох гэж оролдсон нь харагдах болсон. Киног урлаг талаас нь биш зоосны нүхээр харж, муухан зохиомжийг сайн реклам, гоё клипээр зодсон, арилжааны бичлэгүүд манай кино урлагийн хөгжлийг хойш нь чангааж байна.
Манай зарим киночид хөрөнгө мөнгөн дульхан, техник хэрэгсэл хангалттай сайн биш байгаа болохоор жинхэнэ галзуу сайн кино хийж чадахгүй байна гэхийг нь сонсож байсан. Гэхдээ тэд дээр өгүүлсэн зуугаад жилийн өмнөх Ч.Чаплинаас аль ч талаараа илүү техник технологийг ашиглаж байгаа. Тэдэнд урлагийн тэр галзуу бүтээлийг нь хийхэд зөвхөн авъяас, хөдөлмөр хоёр л дутаж байгааг ойлгох хэрэгтэй.
Чарли Чаплиний 1921 онд Жэки Кугантай хамтран бүтээж, гол дүрд нь тоглосон ноорхой жаалхүүтэй ядруухан шилчин эрийн түүхийг харуулсан “Жаалхүү” кино амьдралын үнэнийг хошин өнгө аясаар инээдэм нулимсийг хослуулан харуулсан нь зуу шахам жил үзэгчдийн сэтгэлийг татсаар байна. Кино урлаг үзэгчдийг хөгжөөн баясгахаасаа илүүтэйгээр амьдралын өнгийг үнэнийг киноны хэлээр өгүүлж, уярал ухаарлыг өгч байдаг. Үүгээрээ тэр цирк, хошин шоу, цэнгээнт хөтөлбөрөөс ялгардаг байна. Манай найруулагчид, продюсерууд киног урлаг талаас нь харж, энэ шугамыг хэлбэрэлтгүй барьвал бид кино урлаг хөгжих тухай ярьж чадах болноо.