2010-07-22
"Сибирийн үсчин" аль нь вэ?

Судалгааны Левада-центрээс саяхан сүүлийн 10 жилд бүтээгдсэн оросын шилдэг 10 киног шалгаруулахад орчин үеийн оросын гайхалтай найруулагч Никита Михалковын хоёр ч кино багтсан бөгөөд түүний “Сибирийн үсчин” 2-р байрт орсон байна. Найруулагч Никита Михалковын 1999 онд Орос, Франц, Итали, Чехийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уянгын түүхэн драм “Сибирийн үсчин” кино 35 сая америк долларын төсвөөр бүтсэн байна. Гол дүрд нь Олег Меньшиков, Джулия Ормонд, дүрүүдэд Алексей Петренко, Ричард Харрис нар тогложээ. Ер нь Никита Михалков Олег Меньшиков нарын хослол их амжилттай ажилладаг билээ. Тухайн үедээ Голливудад ид мандаж байсан Жулия Ормонд киноны гол эмэгтэй дүрд чадварлаг тоглосон билээ. Тус киноны зураг авалтыг Горбатов хотын ойр орчимд авсан бөгөөд Америкийн цэргийн зуны сургуулилтийн лагерийн зургийг бол Португалид авсан байна.

                                                        

Кино Жэйн Каллаханы дурсамжаар эхэлнэ. 1905 он. Жэйнийн хүү нь Америкийн цэргийн сургуулийн сонсогч 20 орчим насны залуу. Цэргийн сургуульд сурдаг хүүгээ шийтгүүлж байгааг харсан Жэйн 20 орчим жилийн өмнөх дурсамжаа нэхэн санана. Тэрээр 20-иод жилийн өмнө өөрийнхөө зохион бүтээсэн мод унагагч машинаа Оросуудаас дэмжлэг авч Сибирийн ойд ашиглахаар зэхэж яваа инженер зохион бүтээгч МкКракен гэгчийн ажилд туслахаар Орос орныг зорьжээ. Түүний энэ төлөвлөгөөг биелүүлэхэд Оросийн цэргийн эрхтнүүдэд нэр нөлөөтэй Генерал Радловыг /Радловын дүрд Алексей Петренко/ иймэрхүү ажлыг өмнө нь нэг бус удаа хийж байсан Жэйн бүсгүй урхидаж МкКракений төлөвлөгөөг дэмжүүлэх зорилготой байв. Галт тэргэнд ганцаардсан Жэйн Анна Каренина-г уншиж байхад цэргийн академийн сонсогч Андрей Толстой түүний купе руу санамсаргүй ороод ирнэ. Тэд танилцаж Толстойн нэрийг Жэйн асуухад Толстой тоглоом шоглоомоор “Толстой. Гэхдээ наад номын чинь зохиолчтой хамаагүй шүүгэж хариулсанаар тэдний яриа эхэлдэг.

Ингээд ирээдүйн залуу орос офицер зальтай Америк бүсгүйн ээдрээтэй харилцаа эхэлнэ. Толстой Жэйнийг анх хараад л дурладаг. Толстой бол гэнэн цайлган сэтгэлийн их хөдөлгөөнтэй  хөрөнгө мөнгө багатай ч ч язгууртан гаралтай залуу байв.

Жэйн генерал Толстойн сурдаг цэргийн академийн захирал Радловтай уулзахаар түүний албан өрөөнд ирнэ. Төлөвлөгөө ёсоор болж Радлов Америк бүсгүйд татагдаж өөрийн толгойлдог цэргийн сургуулийнхаа цэнгүүнд урина. Толстой найзуудтайгаа цэнгүүний танхимыг бэлтгэх болж галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй залуу сонсогчид дүрсгүйтэж үдэшлэгийн өрөөний шалыг дээр нь хүн бүжиглэх аргагүй тослоно. Харин Толстой ба түүний нөхөд гуталандаа давирхай түрхээд тостой шалан дээр хүссэн авхайтайгаа ядах юмгүй бүжиглэж өгнө.  Үдэшлэг дээр Толстой Жэйнтэй дотносч чаддаг. Толстойн ангийн анд бас Жэйнд дурлаж Толстойтой муудалцаж тэд шөнө дунд сургууль дээрээ дуэль хийж Толстой шархадаж хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтэх болно. Энэ үед нөхдийнх нь гуйснаар Жэйн Толстойг эргэж ирэх бөгөөд Жэйн ч Толстойн гэнэн омголон зан цайлган сэтгэлд татагдаж эхлэх болно. Залуу хос бие биедээ аль хэдийн дурлачихсан байлаа. Энэ нь мэдээж хэрэг Жэйнийн Орост ирсэн зорилго биш учир хажуугаар нь генерал Радловоор МкКракены төслийг дэмжүүлэхээр ятгаж явна. Харин генерал бүсгүйн хөнгөн сээтгэнэлд татагдаж түүнд сэтгэлээ илэрхийлэхээр англи хэлэнд сайн гэж Толстойг тохиолдолоор гэрт нь дагуулж очиход залуу хархүү захиралаасаа ч айлгүй өөрөө сэтгэлээ илчилчихээд гарч одно. Удалгүй Жэйн Толстойн араас гэрт нь очиж өөрийн насандаа ихдэхээр амьдрал үзсэн бүсгүйн янзаар түүнтэй ойлголцох гэтэл түүний хүүхэд шиг цэвэр ариун эмзэг сэтгэлийг хараад уярч бүх сэтгэлээ өгч хамаг амьдралаа ярина.

   

Цэргийн ангийн сонсогч нар В. Моцартын “Фигаро гэрлэсэн ньдуурийг сургууль дээрээ тоглож байх үед гол дүрд нь тоглож байсан Толстой Орост ирсэн зорилгоо бушуухан гүйцээхээр яарч Радловт ярьсан Жэйнийн яриаг санамсаргүй сонсох бөгөөд тэр яриаг гүйцэд дуустал сонсоогүйн улмаас буруугаар ойлгоно. Өөрийгөө хууртсан гэж бодсон Толстой сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй тайзан дээрээс үзэгчдийн суудалд байсан Радлов руу дайрч морин хийлийн хөвчөөр ташуурдаж орхино. Өндөр дээд ихэс дээдсийн өмнө нэг хүүхнээс болж сонсогч нь генерал руугаа халдсан гэвэл орос офицерийн нэр хүндэд халтай тул түүнийг эзэн дээдст халдах гэсэн хуурамч ял тулгана. Жэйн бүсгүй хайртай хүндээ буруу ойлголт төрүүлэн хоцрох бол өөрийгөө хууртсан гэж бодсон Толстой үнэнийг хэлэлгүй хэргээ хүлээн Сибирт цөлөгдөнө.

   

Есөн жилийн дараа Сибир... Жэйн МкКракентэй суужээ. Түүний МкКракентэй суусан зорилго нь зөвхөн Орост ахин ирэх байлаа. Түүний сэтгэлд өнгөрсөн жилүүдэд дурлаж хайрлаж явсан эр хүн болох Толстойтой уулзах ганцхан хүсэл л байлаа. Жэйн мод хяргагч машины туршилтын үйл ажиллагаа эхлэхийг ч хүлээлгүйгээр ойролцоо байх Толстойн амьдарч байгаа гэж сонссон тосгон руу морин тэрэгтэй давхина. Тосгоныг ч, Толстойн байшинг ч олох болно. Үүдэн дээр нь “Үсчин”  гэсэн хаяг хадсан түүний байшинд хуучин Толстойн гэрийн үйлчлэгч нь байсан одоо түүний эхнэр болсон бүсгүй 3 хүүхэдтэйгээ Жэйнээс нуугдана /яагаад нуугдаад байдаг вэ?/. Жэйн байшингаас гарч морин тэргэндээ суугаад хурдлан давхина. Түүний нүднээс урсах нулимс зогсохгүй байлаа. Дотроо хадгалж явсан сүүлчийн найдвар нь мөхөж байлаа. Үнэндээ бол аль хэдийн л өнгөрчихсөн байсан зүйл. Гэхдээ л түүнийг гэсэн найдвар хамгийн сүүлд үхэж байгаа нь энэ.

Бахардсандаа морио ташуудаад шавдуулаад орилох Жэйний дууг ан хийж явсан Толстой сонсоод ойгоос гүйсээр гарч ирдэг. Тэгээд цааш давхиж буй түүнийг харсаар таньсан ч нэгэнт бүх зүйл дууссан тул тамхиа ороож гунигтай хоцорно. Тэр ганцхан зүйлийг мэдэж чадсангүй. Жэйн түүнд хүүтэй болсноо хэлж чадсангүй. Иймэрхүү л хайрын түүх... харамсмаар хайрын түүх...
                                     найруулагч жүжигчин Никита Михалковын өөрийн бүтээсэн дүр
             /Найруулагч жүжигчин Н.Михайлковын өөрийнх нь бүтээсэн дүр/

            “Оросын үе үеийн бүх офицеруудад зориулав“ гэсэн тирттэй энэ кино орос цэргийн үнэнч шударга, бас ихэмсэг, нэр төрөө эрхэмлэдэг зан чанарыг төдийгүй орос хүний хайр сэтгэл, барууныханд бол хэзээ ч ойлгогдохгүй стандарт бус орос сэтгэлгээг гайхалтай харуулсан тул үзэгчдийн таашаалыг хүртсэн кино юм. Шар тосны баяр... Шар тосны баярын нэгээхэн хэсэг гол дээрх уламжлалт зодоон. Уурлаж бухимдсандаа юм уу эсвэл хэн нэгнийг үзэн ядсандаа биш зүгээр л дотроо буцалж байдаг дэвээ дарахын тулд баян хуурийн аянд бөөндөө бие биетэйгээ үхтэл зодолдоно. Ханатлаа зодолдож дуусаад тэврэлдэнэ үнсэлцэнэ, тэгээд үргэлжлүүлээд ууна, уусны маргааш нь харин уучлалын өдөр гээд бие биенээсээ уучлал гуйгаад л... гэх мэтээр орос орны ёс заншил ахуй амьдралыг үнэхээр гайхалтай тусгасан.

Бас согтуу генерал байна. Түүнийг харахаар яг жинхэнэ Орос хүн харагддаг. “Утгагүйтэл замбаарагүйтэл гэдэг төгс төгөлдөрт хамгийн дөхсөн чанар” гэсэн үг яг Оросуудад л хамгийн их таардаг.

Ер нь сайн орос нь сахиусан тэнгэр шиг саар муу нь чөтгөр шиг байдаг харин дундаж орос гэж байхгүй шүү дээ. Ерөөсөө л хайр сэтгэл, баяр гуниг, үзэн ядалт бүх л юманд өөрийн өвөрмөц гайхалтай гажууд зан араншингаар ханддаг Орос ухаан, сэтгэлгээг дэлхийн нийтэд тодоор харуулсан кино гэж боддог.

Ингэхэд энэ киноны “Сибирийн үсчин” нь аль нь вэ. МкКракены бүтээсэн Сибирын модыг үс хяргаж байгаа юм шиг огтлох машин уу, цөллөгөнд Сибирт очоод үсчин болсон Толстой юу, хүний хайр сэтгэл ариун нандин бүхнийг үс шиг хярган дэвслэх хувь тавилан уу.

 

Сонирхуулахад уг киноны зураг авалтанд зориулж Михалковын хүсэлтээр Кремлийн орой дээрх таван хошуу одны гэрэлтүүлгийг унтраасан нь дэлхийн  Хоёрдугаар дайнаас хойших анхны тохиолдол байв. Спилбергийн 2007 онд бүтээсэн “Индиан Жонс ба Болор гавалын эзэнт улс” кинон дээр Өмнөд Америкийн ширэнгэн ойд Оросын КГБ цэргийн техник хэрэгслийг ашиглаж, модыг баруун зүүнгүй огтчиж байгаа нь  Спилберг “Сибирийн үсчин”-ээс санаа авсан хэрэг байв.  Мөн киноны эхэнд Америкийн төрийн далбааг харуулдаг хэсэгт 50 одтой одооний далбааг харуулдаг бөгөөд 1905 онд энэ нь 45 одтой байжээ. Жейн хүүгээ лагерь дээр эргэж очихдоо 1905 онд очиж байгаагаар кинонд гардаг боловч хорьдугаар зууны 20-30-аад оны үеийн Фордын загварыг унаж очдог байна.


Бичсэн: Батбаяр | цаг: 10:48 | Кино ярьж өгье
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


uneheer saihan kino. tolstoin nz nar tuuniig olohiin tuld demjihiin tuld galt tereg dagan duuldag heseg uneheerr setgel hudulmuur баярлах
Бичсэн: arius цаг: 03:23, 2011-06-24 | Холбоос | |


үнэхээр гайхалтай бүтээл. үдэшлэг,дуэлийн дараа дарга нь төмөр дуулга цохиж байдаг гээд гайхалтай хэсгүүдээр дүүрэн миний мэдэх хамгийн гайхалтай кино
Бичсэн: төгсөө (зочин) цаг: 20:30, 2011-06-23 | Холбоос | |


миний хувьд хамгийн эвгүй хэсэг нь Толстой Жейн-ийг ойгоос харчихаад хөдөлж чадахгүй зогсдог тэр хэсэг.
бас цөллөг рүү явуулах вагонд ачсных нь дараа найзууд нь олох гээд дуу дуулаад л.
Тэр үед нээрээ цөллөгт явуулж байгаа хүмүүсийнхээ толгойг хагас халзан болгодог байсан юс болов уу.
Бичсэн: tamerlan13 цаг: 18:07, 2010-07-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax