2010-03-23
Монгол улс цаазаар авах ялыг халахад бэлэн үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялаас татгалзах тухайгаа УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдсэнээс хойш гадаад ертөнц биднийг дэмжиж байгаагаа илэрхийлж дотоодод ч хүн бүрийн ярианы сэдэв болж зарим иргэд бухимдаж байгаагаа нуухгүй байна. Гэхдээ Монгол улсын анхны ардчилсан ерөнхийлөгч цаазаар авах ялаас татгалзах тухай мэдэгдсэн нь Монголд ардчилалыг улам бэхжүүлэх зоригтой алхам байлаа.

Цаазаар авах ялыг хэнд оноодог вэ? Мэдээж хүний санаанд багтамгүй гэмт хэрэг үйлдсэн, эрдэнэт хүний амь хохироосон, бусдад нөхөж баршгүй уй гашууг учруулсан этгээдүүд байдаг. Гэвч соёлт хүн төрөлхтний хувьд төр нэг иргэнийхээ эрх ашгийн өмнөөс хичнээн буруутай ч гэсэн нөгөө иргэнээ төрийн нэрийн өмнөөс цаазлах нь хамгийн харгис бурангуй дундад зууны шийтгэл гэж дэлхий нийт үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оноох нь гэм бурууг нь ухааруулж сэнхэрүүлж ойлгуулах гэсэн агуулгатай байдаг. Тэгвэл тухайн гэмт хэрэгтний амийг хороох нь ял шийтгэлийн энэ бодлоготой зөрчилдөж байдаг байна. Тэгээд ч ерөнхийлөгч өршөөх тухай яриагүй “амийг амьдралаар” нь төлүүлнэ гэж байна. Тэгэхээр тэр хэрэгтэн зохих цээрлэлээ төрийн нэрийн өмнөөс амсана гэсэн үг.  Гэмт хэргийн гаралт нь хамгийн өндөр ОХУ гэхэд цаазаар авах ялыг халсан, мөн хорих ялын дээд хэмжээ 15 жил байдаг.байна. Үүнтэй харьцуулахад манай улс ялын бодлого тун чанга нь харагдана.

          Тэгээд ч хохирогчийн амийг хохироосон гэмт хэрэгтнийг хороосон ч алдсан хүнийхээ амийг нөхөж чадахгүй. Мөн манай хууль шүүхийн байгууллагад эрсдэл гарахгүй байх магадлал багатай. Хилс хэрэгт яллагдан төрийн нэрийн өмнөөс цаазаар авах ялыг гурвантаа сонссон иргэний асуудлыг олон нийт мэдэх билээ.  Хэрэв энэ хүнд хилс хэрэгт нь тулган цаазалсан бол төр энэ алдаагаа залруулж чадах байсан гэж үү? Шүүхээс “Фүүдлэнд”-ийн гэж нэрлэгдсэн хэрэгт холбогдуулан шалгасан дөрвийн дөрвөн залууд цаазаар авах ял сонсгосон ч тэд эрүүдэн тамлагдсан шарх сорвио үзүүлж байж л цагаадсан түүх бий.

Цаазаар авах ялыг халах тухай яриа өндөр хөгжилтэй оронд ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар иржээ. 1981 онд Франц улс цаазаар авах ялыг халахад хүн амын гуравны хоёр нь эсэргүүцэж байсан боловч ард иргэд нь одоо энэ амжилтандаа сэтгэл хангалуун байдаг судалгаа байна. Манай улс 1926 оны эрүүгийн хуулиас эхлээд 2002 оны эрүүгийн хууль хүртэл цаазаар авах ялыг тусгасаар иржээ. Харин 1953 онд АИХ-ын тогтоолоор цаазаар авах ялаас түр татгалзаж, 10 сарын турш огт хэрэглээгүй туршлага ч байна. 

Ардчилсан замыг сонгосноос хойш цаазаар авах ялыг халах тухай яриа, оролдлого гардаг байсан боловч олигтой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрчээ. 1999 онд УИХ-ын гишүүн Д.Хувьтөгөлдөр нарын гишүүд цаазаар авах ялыг Эрүүгийн хуулиас хасах тухай хууль санаачилж, өргөн барьсан боловч, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэлгүй өөрт нь буцаан өгч байжээ.

Цаазаар авах ялыг яагаад халах хэрэгтэй вэ? Төр иргэнийхээ амьд явах үндсэн эрхийг бүдүүлгээр зөрчиж болохгүй гэсэн санаа юм. Нэг хүний амийг нөгөөг нь алж байж төлнө гэж байхгүй. Тэгээд ч бид хүний эрхийг хамгаалсан хуультай атлаа хүнийг алж хороох хуультай байж болох уу? Бид чинь хүмүүнлэг арчилсан нийгэм байгуулна гэж тунхагласан ард түмэн шүү дээ.

Бичсэн: Батбаяр | цаг: 13:21 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


hunii amid yawah erhiig zurchsun hun amid yawah erhgui.
Бичсэн: amulet цаг: 17:00, 2010-03-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax