2010-03-25
Орцны жижүүр - Шинэ мэргэшил

 

          Манай орцны жижүүрийнх их олуулаа тав зургаан хүүхэдтэй. Тэдний дэрсхэн жаахан баньд нарын тоглож наадах дуу цангинаж орцыг ёстой л “эзэгнэнхэн төрж” байгаа нь харагддаг. Өдөрт хүүхдүүдтэйгээ нийлээд орцоо цэмцийтэл угаагаад үүдээ цэвэрлэх тэднийг ажилтай гэж магтах суугчид олон. Хаа газрын хэнийх гэж айл энэ алгын чинээ газар төвхнөж бужигнаж байдаг юм бол гэж  бодож  яваагаа хэлж хууч хөөрөв.

Эгэлхэн амьдрал

Гэрийн эзнийг Пүрэвжавын Наянбаатар гэдэг. Тэднийх хоёр охин, дөрвөн хүүтэй. Наянбаатар Улаанбаатарынх. Тэр 51-р сургууль төгсөж 1991 онд Барилгын ТМС-ийг цахилгааны мэргэжлээр төгсөөд Автобус II баазад цахилгаанчнаар ажиллаж байж. Зах зээл гэж гарч бүх юм хямарч удалгүй ажилгүй болсон байна. Тэр цагаас хойш олны жишгээр хийгээгүй юм байхгүй гэнэ. 1995 оноос Нарантуул зах-Шар хадны чиглэлд микро барьдаг байж тэгж яваад 1999 онд зах дээр хоол цай хийж зардаг нэг бүсгүйтэй танилцан гэр бүл болсон нь Отгоны Оюун-Эрдэнэ юм. Оюун-Эрдэнэ Архангайн Өндөр-Улаанынх тэндээ сургууль төгсөөд мал маллаж байж. Тэгэхэд хөдөөнөөс орж ирээд удаагүй Шар хаданд айлын хашаанд бууж, хоёр нялх хүүхдээ тэжээх гэж зах дээр хоол цай хийж зардаг байв. Ингээд залуус сэтгэл нийлж дэм дэмэндээ зүтгэж эхэлжээ. Удалгүй ам бүл нэмж 2 хүүтэй болж Оюун-Эрдэнэ Шар хадандаа цэцэрлэгт ажиллах болов. Багын дээдэх Отгонбатыгаа гаргахдаа гам алдснаас унадаг өвчтэй болж. Хүүхдүүддээ хичээл орж байгаад татаад уначих тул аргагүйн эрхэнд ажлаасаа гарсан байна. Хүмүүсийн дахин хүүхэд гаргаж сайн гам хийвэл эдгэнэ гэж зөвлөснийг дагаж удалгүй багыгаа гаргаснаас хойш нээрээ гайгүй болсон гэж байна. Тэгэхээр хамгийн бага гурван настай Отгонпүрэв ээжийгээ өвчнөөс салгасан том эр байх нь. Тэднийх ийнхүү 6 хүүхэдтэй болжээ. Одоо Ариунбуян 19, Ариунаа 17, Нямдорж 13, Чингис 7, Отгонбат 5, Отгонпүрэв 3тай гэнэ. Тэднээс Ариунаа охин нь Архангайд аав дээрээ амьдарч хааяа ирж очдог байна.

Наянбаатар 2004 он хүртэл микрогоо барьж байгаад хуучин тэрэгнүүдийг үйлчилгээнээс шахахад тэргээ зараад ажил олдохгүй тул зах дээр тэрэг түрдэг болжээ. Авгай нь орцны жижүүр хийж сарын 108.000 төгрөгийн цалингаасаа суутгуулаад 90.000 гаруй төгрөг авна. Өрхийн тэргүүн тэрэг түрж гайгүй өдрөө 10.000 төгрөг олж түүнээсээ захын татвараа хураалгаж ойр зуур юманд хэрэглээд 5000 төгрөгтэй ирнэ. Сардаа 150.000 орчим болох юм уу даа. Саяхнаас том охин тусад орж нэг хувийн компанид ажиллаж сардаа 100.000-г аваад унаа хоол гээд 40-50-ийг нэмэрлэдэг гэнэ. “Энэ хэдийгээ нийлүүлээд бид болоод байдаг. Ямар ч байсан хоёр идэхгүй ч хоосон хонохгүй хүнээс гуйхгүй өөрсдийгөө болгоод байдаг” гэж сууна. Шар хаданд нэг айлын хашаанд байдаг байж. Даан ч амьдралын эрхээр ажил гээд хоёулаа гараад явахаар хэдэн жаал нь гал хөс хоол ундгүй зутарч тэгээд ч захаас хол болохоор ядарсан хэдэд ирж очиход ч хэцүү аж. Хүн амьтнаас сураглаж хөөцөлдөж байж авгай нь энэ ажилд орсондоо баяртай байдаг байна. Шар хадны сургуульд хүүхдүүдээ оруулах гээд чадаагүй гэнэ. “Ганга” СӨХ-ынх нь дарга нь ажилд авч, хөөцөлдөж байж хүүхдүүдийг нь 111-р сургуульд оруулж өгсөн гээд олон зүйл дээр тусладагт нь баярлаж явдаг гэнэ. Жижигхэн ч гэсэн дулаан байранд байж багын дээдэх хоёр нь ойрхон сургуульдаа санаа амар явдаг болж юм юм нь тэгшрээд ирж. Амьдралдаа сэтгэл хангалуун байхад заавал мөнгөтэй баян байх хэрэгтэй биш шүү дээ.

Орцны жижүүр шинэ мэргэжил

Орцны жижүүр гэдэг зах зээлтэй хамт ирсэн шинэ мэргэжил. Бидний амьдрах орчинг цэвэр цэмцгэр, амар тайван байлгахын төлөө зүтгэдэг хийсэн бүхэн нь олны нүдэн дээр ил хүн бүхэнд хамгийн ойр ажил. Тэдний ажил өглөө эрт эхлэнэ. Гадаах талбайгаа цэвэрлэж цас мөсийг нь шүүрдээд орж ирж орцоо цэвэрлэнэ. Хүүхдүүдтэйгээ нийлээд арван давхрын орцыг хоёр цаг гаруйд л угаадаг гэнэ. Нэг угаагаад орхихгүй цэвэр байлгах гэж үүд хавийг өдөрт хэд хэд арчдаг гэнэ. Ханаа шаттайгаа угаана, байр СӨХ-ийн мөнгөө төлөөгүй айлуудаар явж өр нэхнэ. Үүд хогний бункерийн орчмыг байнга цэвэрлэж орцонд эргэлдэх согтуучуудыг харгалзана. Тэр орой болсон хойно биднийг яриад сууж байхад нэг нөхөр орцонд агсан тавиад цагдаа дуудаж хүлээлгэж өгөв. Цэвэрлэгч, жижүүр, манаач, хамгаалагч гээд өөр юу ч юм ер нь их олон ажил давхар хийдэг аж. Тэдний ажлын цаг бидэнтэй адил найман цагаар биш бараг хоногийн 24 цагаар хэмжигдэнэ. Үргэлж орж гарч айл амьтан асууж сурах олны хөл тасрахгүй юм. Овортой том юм барьсан нэгнийг асууж сураглаж бас л хариуцлагатай ажил байна лээ.


Хорин боовны “хэрэг”

Саяхан даа, хэд хоногийн өмнө гэрийн эзэгтэйг ойрхон гараад ирэх хооронд бага хэдийг нь байхад охиных нь цалингаасаа авч өгсөн сар шинээр хэрэглэх 20ш тавгийн боовыг нь хулгайч аваад явчихаж. Ирэх жилийн гарлага гараа биз гэж сууна. Ядарсан хэдэд ямар сайн байхав. Наянбаатарынх өнөөхөндөө хүүхдүүдээ торнитол орцныхоо жижигхэн зайнд дулаахан, сэтгэл амар, зүтгэлтэйхэн амьдарч орцны жижүүрээ хийх төлөвлөгөөтэй. Алсдаа хүүхдүүд эхнээсээ ажил амьдралын захад хүрч байгаа болохоор хаа нэгтэй газар авч айлын хашаанд хураасан гэрээ барьж төвхнөх санаатай гэнэ.

Ийм л нэг эгэл бор амьдрал байна. Орцны жижүүрийнхээ өрөөнөөс гадна дээд давхрынхаа цахилгаан шатны дэргэд нэг жижиг өрөөтэй. Хоёр өрөө нь нийлээд 6м2 хүний нэг ам дөрвөлжин газарт амьдардаг юм байна. Тэд оршин суугчдынхаа сэтгэлд хүрч ажиллахсан гэж л хичээдэг. Тэр хавийнхаа жижүүрүүдээс ажилтай, сэтгэлтэй гэдгийг нь цөөнгүй хүн хэлж байна лээ. Хүүхдүүдээ сургуульд сургаж, хөр цасны хайрууд зутрахгүй, цалин хөлстэй, талх тариатай амьдарч яваадаа тэд их урамтай байна лээ. Хэн хэн ажилтай хоорондоо эвтэй болохоор амьдрал аяндаа болно доо. Сэтгэл дүүрэн амьдрахад нэр хүндтэй ажил их мөнгө хэрэгггүй ээ. Баячууд маань ч сэтгэл дүүрэн байдаг юм уу хэн мэдлээ. Ийм эгэл хүмүүсийн нуруун дээр амьдрал тогтож байдаг гэдэг дээ.

 


Бичсэн: Батбаяр | цаг: 19:26 | Ёстой хүний тууж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Эзэн хичээвэл Заяа хичээнээ гэж...
Үнэхээр амьдрахыг хүсвэл, мөнгө олохыг хүсвэл ингээд ариун цагаан хөдөлмөрөөрөө олоод амьдраад байж болно шүү дээ яг энэ гэр бүл шиг...
Бичсэн: Зоригт ван цаг: 23:13, 2010-03-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax