2010-03-29
Хүргэн хүү "хүчтэй"

 

Манай кино урлагт их найруулагч Дэжидийн Жигжид гэж ноён оргил бий. Хөвсгөлийн Дархад зоноос гаралтай ээж нь гурван хүүхдээ айлд өргүүлж, отгон хүү Жигжидийгээ эгчтэй нь авч үлджээ. Д.Жигжид хар багаасаа зовлон үзсэн амьдралын хар ухаантай, гүжирмэг, шулуун шударга нэгэн байж. Тэр чанар нь амьдралын үнэнийг өгүүлэх бүтээлүүдэд нь нэвт шингэсэн нь харагддаг.  “Цогт тайж”, “Сэрэлт”, “Ардын элч”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үер”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Баянбулагийнхан”, “Хөдөөгийн баясгалан”, “Хөх ногооны униар”, “Газрын жигүүр”, “Өнөр бүл”, “Ард аюуш”, “Жаргал даахгүй зовлон” гээд үзэгчдийн сэтгэлд хүрсэн манай кино урлагийн нүүр царай болсон олон бүтээл зууны манлай найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Д.Жигжидийнх. Тэрээр “Цогт тайж”-ийг дэлгэцнээ бүтээснээр 24-хөн насандаа урлагийн гавьяат зүтгэлтэн болж 51-тэйдээ төрийн шагнал хүртжээ. Арван долоон насандаа Кино үйлдвэрт орсноос хойш нийт 70 гаруй баримтат, 20 шахам уран сайхны кино найруулснаас гадна орчуулгын 20 гаруй кинонд найруулагчаар ажиллажээ. Жигжид гуайн кино тухайн цаг үеийнхээ үзэл суртлыг дагасан юм шиг мөртлөө одоо эргээд харахад зохиолын санаа өгүүлэмж нь огтхон ч хуучрахгүй дахин үзэх бүр шинэ санаа, шинэ өнгө аяс, шинэ ухаарлаар тайлагдаж байдаг. Цаг цагийн саалтыг даван хүний сэтгэлийг татах түүний бүтээлүүдийн амин сүнс нь цаг зуурын үзэл суртлын өнгөнд баригдалгүй амьдралын үнэнийг ухааруулан уяраах ур хийцэндээ байдаг. Түүний бүтээлүүдээс бид бүхний сайн мэдэх “Хүргэн хүү” хэмээх  киноны тухай дахин ярилцахыг хүслээ.

Уг киног анх 1970 оны шинэ жилээр кино үйлдвэр ажилчиддаа үзүүлснээс хойш өдгөө 40 жилийнх нь ой тохиож байна. Киноны найруулагчаар “агуу” Д.Жигжид, кино зохиолыг С.Удвал Д.Дожоодорж, зураглаачаар дөнгөж Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг онц дүнтэй төгсөж ирээд байсан Г.Цэрэн, зураачаар Л.Бямбаа, хөгжмийн зохиолчоор Э.Чойдог, дууны найруулагчаар Ө.Чойжилсүрэн нар ажиллаж Дэмбэрэлд Д.Довдон, Должинд С.Батсүрэн, Хайдавт Б.Дамчаа, Жамц баяны дүрд Д.Найдан, хадам ээж Аюушид Л.Цэндсүрэн, ээж Санжидад гавьяат Т.Цэвээнжав нар тогложээ.
          1968 онд “Монгол кино нэгтгэл” одоогийн байрандаа ороод удаагүй байв. Нэг өдөр баримтат киноны шинэхэн найруулагч Довдонг хонгилд явж байтал ард нь хоёр хүн “Нөгөөдөх чинь энэ явж байна” гээд л яриад байна гэнэ. Эргээд харсан чинь найруулагч Жигжид гуай, зураглаач Цэрэн хоёр “Хөөе, Довдоон уулзъя” гэж. Тэгээд Жигжид найруулагч “Би кино хийж байгаа юм. Одоо дүрээ хайж байна. Гол дүрд чи яг тохирно” гээд  “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн дүрд сонгосон байна. Тэр үед уран сайхны кинонд дүр сонгоно гэдэг нарийн байж. Д.Жигжид гуай кинонуудынхаа дүрүүдийг сонгосон тухай үлгэр домог шиг л юм яригддаг. Хайж хайж “Хүргэн хүү” киноны хадам аав Найдан гуайг Ховдын театраас олж ирж, Должинд телевизийн хөтлөгч байсан Батсүрэнг оноож байжээ.

Баян Жамцын ганц охин Должинд нутгийн баян Цамбын хүү Хайдав санаатай эргүүлэх боловч ажилд муу архи ууж моринд дэл дээр хийсэх “ганган” Хайдавыг Должин нэг нүдээрээ харахгүй. Харин хар багаасаа хамт өссөн “адууныхаа хүн” Дэмбэрэлд сэтгэлээ өгч хуримлана. Зарц нь байсан Дэмбэрэл баян айлын хүргэн болоод хадам аавынхаа санаснаар гар хөлийнх үзүүрт зарагдаж “юмны эзэн сумны занги” боллоо гэж андуурч зан ааш нь эвдэрнэ. Гэхдээ хүний юм гэдэг хүний л юм байдаг гэдгийг удалгүй ойлгож залуу хүний шазруун зангаар өөрийн санаснаар амьдрахаар тэр үед байгуулагдаж эхэлж байсан нэгдэлд /одооны залуучууд нэгдэл гэж ер нь мэдэх болов уу/ орохоор салж нүүхэд бага зэрэг ам муруйсан баян айлын ганц охин эхнэр Должин нь аав ээжийн аяыг харж хоцорно. Хамаг байдгаа хаяад ирсэн мань Дэмбэрэлийг нэгдэлд орох гэтэл хадам ээжийнх нь хамаатан Сэрээнэн дарга янз бүрийн шалтаг хэлж цааргалахад ажил ч үгүй, мал ч үгүй Дэмбэрэл ээжтэйгээ сумын төвийн шороон дээр ёстой “их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэгч болов. Тэгж тэгж нэг чулуун заводад ойр зуур ажилд хийж байгаад төллөх хонь авч үзэж тарна даа. Амархан юм гэж байдаггүй хойно эхлээд хэцүү үе байсан ч хар багаасаа айлд зарагдаж ажилд нухлуулж сурсан хүнд өөрийн амьдралын төлөө ажиллах юу байх вэ. Должинг Хайдав цуцалтгүй эргүүлж Дэмбэрэлд Лхам эмч талтай байдаг боловч нэг нэгнээ гэсэн сэтгэлээ алдалгүй байсаар удалгүй хар багаасаа ижилдэн дассан чин сэтгэлээсээ хайртай Должин нь ирж, ам бүл бүтэн болж хамтран зүтгэж эхлэнэ. Тэгж зүтгэсээр удалгүй ажил төрлөөрөө шалгаран мандаж аймаг сумын аварга малчин болж бүр БНМАУ-ын хөдөлмөрийн баатар болж “угаасаа цоорхой” гэдгээ харуулж байгаа тухай гарна. Өнгөцхөн харвал тухай үеийн НТХ-оос нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойд зориулж хийлгэсэн болохоор социалист систем, нэгдэлийг сурталчилж хүн ажиллаад байвал юунд ч хүрч болно гэсэн ухуулга шиг боловч цаагуураа хүний амьдрал хайр сэтгэлийн тухай сэтгэлд ойрхон чадварлаг үзүүлсэн байдаг. Аль ч нийгэмд ажилсаг зүтгэлтэй хүн л сайхан амьдарч юманд хүрдэг хойно доо.

Зохиол нь янз бүрийн сюжет байхгүй үйл явдал зохиомж нь энгийн ойр зуурхан нэг залуугийн амьдралын богинохон үеийг харуулж байгаа боловч найруулга жүжиглэлт гайхалтай. Ер нь энэ кино монголд кино урлаг хөлөө олж өөрийн гэсэн үндэсний өнгө төрхтэй өрнө дорно хосолсон хэв маягтай найруулгын дэг сургууль тогтож хэлбэржсэний нэг баталгаа болсон байдаг.

Кино дөнгөж эхлэхэд согтуу Хайдав шөнө ирж Должинг хоргоодог хэсгийн найруулга үнэхээр гайхалтай. Тэгэхэд Должин Санжид гуайн гэрт орж эзгүй байсан Дэмбэрэлийн орон дээр унтахад сум ороод шөнө ирсэн Дэмбэрэл эргэн харахад хайртай хүн нь орон дээр нь унтаж байхыг хараад гайхснаа баярлан инээмсэглэнэ. Яруухан ая эгшиглэж хайртай хүнээсээ “Юу болоов” гэж асуухад “Хайдав оролдоод” гэхэд баян айлын танхай хархүүг яаж ч чадахгүй ч гэсэн эрх биш хайртай хүүхнийхээ өмнө байгаа эр хүн юм болохоор “Үгүй Хайдав ер нь яах гээд байгаа юм” гэж ямар ч омог хорсолгүй хайрандаа уярсан зөөлөн хоолойгоор хэлдэг. Тэгээд “Гарах уу” гэхэд Должин “аан” гэж асуугаад “Гаръя” гэхэд “за” гээд дагаж гардаг. Хэдийгээр энд маш жижигхэн ч гэсэн шууд “за” гэж хэлүүлэхгүй “аан” гэж асууж байгаа нь найруулагч юм бүхэнд нь хичнээн нямбай ханддагийн илэрхийлэл болдог.
           Бас Должин уранхай хөвөнтэй хүрэмтэй, сахал нь ургасан гар хуруу нь хагарсан ядарч зүдэрсэн Дэмбэрэлтэйгээ чулууны үйлдвэр дээр уулзах гэж ирдэг дээ.  Тэгээд “Наад гар хуруу чинь болохоо байлаа. Ээ чааваас ингэж ч явах гэж. Энэ ажилд бүр ороо юу” гэж хэлээд л уйлдаг. Хатуу аав ээжийн аяар холдоод санаж ирсэн хар багын сэтгэлтэй хүнээ ядарч явааг хараад хайртай л юм бол уйлахгүй яах юм бэ? Үзэгчид биеэ хураан дэнслээд цаашдынх үйл явдлыг хүлээж эхэлдэг. Иймэрхүү жижиг ч гэсэн уран шигтгээнүүд нь гол баатрын албан намтрыг зөөллөж үзэгчидтэй ойртуулж өгдөг тул найруулагчийн ур чадварын илэрхийлэл байдаг. Ингэж чадамгай дүрсэлсэн хэсэг энэ кинонд олон байдаг даа.
          Батсүрэнгийн бүтээсэн Должингийн дүр жинхэнэ сайхан монгол бүсгүйн дүр болж мөнхөрсөн билээ. Жигжид гуайн киноны дүрүүд үзэл сурталд хашигдаж нэг талыг барьдаггүй хүн л юм болохоор сайн муу тал нь хосолсон байдаг. Дэмбэрэл гэхэд ажилч хичээнгүй амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй боловч хүний ая харсан бас “юм үзээгүй” ойворгон нэгэн болохыг Сэрээнэн даргын айлчилж ирдэг, худаг дээр зодоон хийдэг зэрэг хэсгээр харуулдаг бол Должин эд хөрөнгө хардаггүй хайрандаа үнэнч зөөлөн сэтгэлтэй нэгэн байхын хажуугаар бас баян айлын ганц охин болохоор өөрийнхөөрөө хэл амтай бас хартай нэгэн болохыг тэр хоёрын салж нүүхийн өмнөх ам муруйдаг, Дэмбэрэлийг Лхам эмчтэй хардаж байгаа гэх зэргээр чадамгай хослуулан гаргасан нь улам амьдралд ойр байж үзэгчдийн сэтгэлд хүрч байдаг. Бас Должинг Дэмбэрэлд хичнээн хайртай түүнийгээ санан үгүйлж байгааг дурсамжаар нь ойлгомжтой тодорхой бөгөөд товчхон харуулдаг хэсэг бий.
          Хэдий туслах дүр боловч гол дүрээсээ дутуугүй товойлгон гаргасан Санжид эмгэний дүр алтан үеийнхний нэг Цэвээнжав гуайн авьяас чадварын илэрхийлэл юм. Сумын төвийн шороон дотор муу гэрийнхээ гадаа сууж байгаа Санжид гуайн дүр үзэгчдийн сэтгэлд хадагдан үлдсэн билээ. Кино зураг авалтын үеэр Цэвээнжав гуай уйлж байна гэнэ. Та яасан гэж асуувал “Энэ муу Жигжид намайг хэтрүүлж тоглолоо гэж байна” гээд гомдоод сууж байсан гэдэг. Дарж л байхгүй бол хэтэрчих гээд байдаг их авьяас байж. Найруулагч ингэж л бүгдийг хэтрүүлж дутаалгүй нарийн мэдэрч бодитой хандаж байсан учраас л энэ кино амьдралтай болж хүмүүсийн сэтгэлд хүрсэн байна.  
          Кино хийж байх үед уран бүтээлчид тэр үеийн улсын банкнаас мөнгө авч байтал банкныхан хүмүүс мөнгөө банкинд биш гэртээ гудсан доогуураа хадгалаад байна үүнийг хөндөж өгөөч гэжээ. Үүнээс санаа авч найруулагч зохиолд байгаагүй “Хорин шарыг хоёр муу хулгана иддэг” хэсгийг оруулсан нь дүрүүдээ тодотгож кинонд хошин аяс оруулсан найруулагчын ур чадвар болж үлджээ.

Нууц товчоон дээр Есүхэй баатар Тэмүүжинг сүй тавьсан Хонгирайд аймагт 9 настайд нь хүргэж өгдөг. Эхийн эрхт ёсны үеэс улбаатай энэ заншил нь залуу хүү хадмынхтайгаа ойртож дотносох нь хожим гэр бүл бат бэх байх үндэс гэж үздэг уламжлалаас үүдэлтэй бөгөөд энэ заншлаас хүргэн хүү гэсэн нэр үүссэн гэж судлаачид үздэг. Хожим ядуу нэг нь эхнэр авч чадалгүй бэр буулгаж биш эхнэрийнхээ гэрт орж суухыг хүргэн орох ч гэж нэрлэх болсон. Чухам найруулагч энэнээс үүдэлтэй санаагаар баян айлд хүргэн орж суусан өөрийн гэсэн өмч хөрөнгө эрх мэдэлгүй нэгэн ядуу залуу өөрийн хайр сэтгэлдээ үнэнч байж хөдөлмөр зүтгэлээрээ нэр төртэй сайхан амьдралд хүрч байгааг өгүүлж байна.

Сүүлийн үед телевизийн чатаар санхүүгийн туслалцаа авна гэсэн хүргэн орох нь юу ч биш болж бүр биеэ үнэлэгч болсон залуучуудын зар их явах болж. Залуучууд минь ээ, эрчүүд бид л хүүхнүүдээрээ тэжээлгэвэл энэ улс орныг чинь хэн авч явах болж байна даа. “Хүргэн хүү”-гийн Дэмбэрэлээс үлгэр авч өөрийнхөө гараар амьдралыг цогцлоон бүтээгээрэй.   

Бичсэн: Батбаяр | цаг: 12:06 | Кино ярьж өгье
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax