2010-03-31
Би эр хүнд хайртай

Үдшийн 22 цагаас танхим дүүрэн цуглах олныг хараад манайхан чинь урлагт, театрт яасан дуртай хайртай юм дээ гэж бодогдож байв. Тэд бол Хувьсал продакшны “Би эр хүнд хайртай” жүжгийг үзэхээр ирсэн эрхэмсэг үзэгчид байлаа.

Үзэгчдийг байлдан дагуулахаар авьяаслаг, үзэсгэлэнтэй дөрвөн бүсгүйг сонгож өвөрмөц клип, сонирхолтой рекламаар менежмент хийсэн Хувьсал продакшны шинэ уран бүтээл “Би эр хүнд хайртай” драмын жүжиг олны анхаарлыг эрхгүй татаж байна. С.Жаргалсайханы зохиолоор хийсэн энэ жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Л.Балхжав, ажиллаж гол дүрийн дөрвөн бүсгүйн дүрийг МУГЖ У.Уранчимэг, СТА Ж.Оюундарь, залуу жүжигчин Д.Пүрэвсүрэн, н.Ганчимэг нар чадварлаг бүтээжээ. 


Солонгос улсыг зорьж амьдралаа дээшлүүлэх гэж хөвөрсөн монголчуудын их давалгаан дунд хөл алдсан дөрвөн бүсгүй тэндэхийн шоронд хоригджээ. Туул, Ундармаа, Өлзий Чимгээ нар хараал хүрсэн юм шиг эрчүүд нь ховордсон манай монголын жирийн л сайхан бүсгүйчүүд. Алдаж хүний нутагт хар гэрт хоригдсон тэд жаргал зовлонгоо хуваалцаж дотносож байгаа тухай бидний амьдрал байгаа жаргал зовлон л жүжигт гарна. Бүсгүйчүүд бүхэн өөр өөрийн өнгө төрхтэй зан араншинтай сонирхолтой дүрүүд байдаг.

Жүжгийн гол дүр болох дөрвөн бүсгүй сайхан тогложээ. Тэр тусмаа Урнаа үнэхээр гавьяат шиг чадварлаг гайхалтай тоглолтыг хэтэртэл үзүүлж энэ жүжгийн өнгө болж байсан. Оюундарь, Пүрэвсүрэн нар ч гэсэн туршлагатай жүжигчдийн хувиар дүрээ сайн бүтээсэн. Харин Туулын дүрд тоглосон “Ээжээ би танд хайртай” жүжгийн гол дүрд тоглож байсан Хувьсал продакшны залуу жүжигчин Баярмаа тэднээсээ арай дутуу байгаа нь ажиглагдаж байв. Магадгүй Туулын дүрд тоглох ёстой “ТВ коктейл” хамтлагийн жүжигчин Цэнд-Аюуш гэнэт өвдсөн тул бэлтгэл судалгаа хангалтгүй байсан байх. Залуу жүжигчин бүсгүй ахмадуудаасаа суралцаж цаашдаа ур чадвар нь өснө гэдэг нь тодорхой.

Жүжгийн хөгжим жаахан хангалтгүй наалдацгүй, ядаж клип хийлгэсэн сайхан дуу нь бүтэн бадаг ч явчихгүй энд тэнд жаахан гиншээд өнгөрөх юм. Гадуур цацаад байсан жүжгийн дуу нь үнэхээр сайхан болж олон хүнийг татсан байхаа. Зохиолын хувьд С.Жаргалсайханы “Бид эрчүүдийг хүснэ” зохиол яг дүрээрээ. Найруулга нь цогц болж чадсангүй. Сайхан өрнөөд хүмүүсийг уяраагаад дүрүүд маань жаргал зовлонгоо хуваалцаад үзэгчидтэйгээ харилцаад явж байснаа шууд төгсгөл. Тайлал байхгүй санаа нь тодорхойгүй болж. Уул нь ийм сайхан жүжигчдийн тоглолт дээр дууны найруулгагаа сайн хийж найруулга дээрээ ахиад жаахан ажилласан бол сайхан бүтээл болох байж гэж санагдаж байсан.

Театрийн урлагийг сонирхдог хүндэтгэж үздэг үзэгчид хошин шог шоуныхнаас их  өөр хүмүүс байдаг. Тэд хэн нэгэн халуухан хүүхний нүцгэн биеийн тухай шар сонины мэдээ, гайхалтай сайхан дуутай клип сонирхолтой рекламанд олон удаа хууртахгүй хүмүүс. Тэд дотоод мөн чанарын таашаалыг эрхэмлэдэг хүмүүс. Уран бүтээлч та бүхнийг сайхан бүтээлээрээ хэзээ бидэнд бэлэг барьж сэтгэлийн жаргал эдлүүлэх бол гэж чих тавин итгэл өвөрлөн хүлээж байдаг. Итгэвэл жүжгийг чинь шөнө дунд ч байсан зорин очих болно.

Бичсэн: Батбаяр | цаг: 09:32 | Шүүмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax