2010-04-02
Гайхамшигт оюун ухаан ба галзуу эрдэмтний үнэн түүх

1998 онд америк сэтгүүлч Сильвия Назар нэрт математикч 1994 оны Нобелийн шагналт Жон Нэшийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Суут математикч Нобелийн шагналт Жон Нэшийн амьдрал” гэдэг ном бичсэн нь гарсан дороо шууд бестселлер болж олныг шуугилсан байна.

Номын гол дүр Жон Форбс Нэш 1928 онд баруун Виржинийн Блюфильд хотод инженер болон сургуулийн багшийн гэр бүлд төржээ. Тэрээр дунд сургуульд идэвхгүй сурч тэр ч байтугай математикт дургуй нэгэн байсан боловч 14 насанд нь Эрик Т.Беллийн бичсэн “Математикийг бүтээгч” ном амьдралыг нь эрс өөрчилсөн байна. “Энэ номыг уншаад би өөрөө хэний ч тусламжгүйгээр Фермийн жижиг онолуудыг баталж байсан. Ямар ч байсан өөртөө математикийн авьяас байгааг мэдэрсэн” гэж хожим намтартаа бичсэн байдаг. Дунд сургуулиа төгсөөд Карнегийн Политехникийн дээд сургуульд хими, олон улсын эдийн засаг үзэж дараа нь өөрийнхөө сонгосон математикаа судалж эхэлсэн байна. 1948 онд тэрээр сургуулиа баклавар болон мастерийн хоёр дипломтой төгсөж Принстоны их сургуульд орлоо. Эрдмийн удирдагч нь түүнийг “Энэ хүн бол суутан” гэсэн ганцхан үгээр тодорхойлж байсан гэдэг. 1949 онд 21 настай залуу судлаач “Тоглоомын онол”-ын диссертацаа бичиж эхэлсэн бөгөөд 45 жилийн дараа энэ ажлаараа Нобелийн эдийн засгийн шагнал авчээ. Тэрээр математикийн шинжлэх ухаанаар амжилттай ажиллаж олон сэдвээр ажиллаж байсан бөгөөд 1958 онд “Фортуна” сэтгүүл түүнийг “Америкийн математкийн шинэ од” хэмээн зарлаж байлаа. Тэрээр 1957 онд колумба гаралтай математик суралцагч Алиси Лардтай гэрлэсэн байна. Гэвч удалгүй тэрээр сэтгэцийн шизофрен өвчнөөр хүнд өвчилсөн ба дээрх ном нь түүний математикийн авьяас, сэтгэл зүрхээрээ өвчинтэй хэрхэн тэмцэж ялсныг харуулснаар асар их амжилт олжээ.

Удалгүй дээрх номноос сэдэвлэн Холливуд “Гайхамшигт оюун ухаан” кино хийжээ. 2001 оны 12-р дугаар сарын 21 нд нээлтээ хийсэн энэ кинонд 61 сая доллар зарцуулж 300 саяын ашиг олсон байна. Тэр ч байтугай энэ кино дөрвөн Оскар, “Алтан бөмбөрцөг” бас дээр нь BAFTA-гийн /Английн кино телевизийн шагнал/ гээд олон шагнал авчээ. Бид бүгдийн сайн мэдэх “Да Винчийн код” , “Ангели ба Демон”, “Апполон 13” зэрэг олон киноны эзэн Рон Ховардын найруулсан энэ кино Жон Нэшийн бодит амьдралыг бүрэн харуулснаас гадна жүжигчдийн чадварлаг тоглолт, гайхалтай найруулагаараа үзэгчдийн таашаалд нийцсэн байдаг.

Киноны үйл явдал 1947 он авьяаслаг оюутан Жон Нэш Принстоны их сургуульд суралцахаар ирснээр эхэлдэг. Сэжигч зожиг зантай онцгой авьяастай тэрээр орчин тойрноос бүрэн тасарч зөвхөн математикаар амьдарч  эрдэм шинжилгээний нээлт хийхээр ажиллана. Тэр энд энэ хорвоогийн бүх л зүйлийг математиктай холбож, тоогоор амьсгалж математикийн унаган авьяасаа хөгжүүлж байлаа. Удалгүй нэр хүнд нь өсөж төгсөөд сургуульдаа үлдэн ажиллаж мөн янз бүрийн төслүүдэд уригдаж гялалзаж эхлэв.  Математикаас өөрийг мэдэхгүй Нэш Принстонд тэр үл таних нэгэн мэдрэмжтэй учирсан нь хайр сэтгэл байлаа.  Удалгүй Нэш түүний группэд сурч байсан Алиси хэмээх бүсгүйтэй амьдралаа холбосон бөгөөд Алиси Массачусетесийн Технологийн Их сургуулийн багш болсон байна. Нэгэн өдөр  Нэш дээр авьяасыг нь ашиглаж хамтран ажиллахаар ТТГ-ын ажилтан Паркер ирнэ. Түүний даалгавар, хийх ажил нь мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж нууц мэдээг илрүүлэх бөгөөд нээлттэй эх үүсвэрүүдээс тэдгээрийг хайж олох ёстой болно. Америкийн дайснууд- хууран мэхлэгчид сонин сэтгүүл ашиглан мэдээлэл солилцож тэднийг төөрөгдүүлж байна гэж тэр үзэж байв. Тэрээр даалгавруудаа тохирсон газар шуудангийн хайрцагт хийж байх ёстой байлаа. Энэ чухал нууц ажлыг хамаг анхаарал хүч авьяасаа дайчлан хийж байсан тул энэ нь түүнийг сульдааж улмаар мэдрэлд нь нөлөөлөх болов. Тэгээд нэг удаа шуудангийн хайрцагаа эргэх гэж очоод өөртэй нь хамтран ажиллах боломжгүй гэсэн хариу авлаа. Түүний Тагнуулын Төв газартай хамтран хийсэн ажлуудыг нь түүний өвчнөөс үүдсэн хоосон санаа гэж үзсэн байлаа. Удалгүй Нэш шизофренээр маш хүнд өвдсөн нь илэрхий болдог. Алиси Жоныг сэтгэцийн хүнд өвчтэй гэдгийг мэдсэн ч аймшигт өвчинд бууж өгөлгүй тэмцэж хайр сэтгэлээ, амьдралаа аварч чадсан юм. Жон ч түүний тусламжаар өөрийн оюун ухаанаараа дүгнэлт хийж өвчнийг эмээр биш сэтгэлийн чадал хатуужлаар давж байгаа тухай гарна. Төгсгөлд нь тэрээр бүх амьдралаа зориулсан математикийн “Тоглоомын онол”-ын ажлаараа Нобелийн шагнал хүртдэг.


Кинонд дүрсэлснээр Жон анхнаасаа л математикт хамаг ухаанаа зориулсан эмзэг сэтгэлтэй “гажиг” нэгэн бөгөөд хэт их ачаалалтай ажиллаж хөвчирч ядарсан мэдрэл нь бүр муудахад хүрч буйг харуулна. Харин гайхалтай нь тэрээр хүнд өвдсөн үедээ түүний нүдэнд үзэгдэж үргэлж зааж зааварлаж түүнийг зовоох хий үзэгдэлүүд нь өөрчлөгдөхгүй нэг хэвэндээ буйг анзаарна. Тэр хий үзэгдлүүдийн нэг жаахан охин нь өсөж том болохгүй, нөгөө хоёр нь хэдийд ч өөрчлөгдөхгүй яг хэвээрээ байгааг мэдэж тэднийг хуурамч миний өөрийн ухамсраас гарсан үзэгдэл төдий зүйл болохыг ухааран ойлгож тэдэнтэй тэмцэж өөрийгөө ялж байгааг харуулдаг. Австрали Шинэ Зеландаас гаралтай Рассел Айра Кроу түүний дүрийг үнэхээр гайхалтай бүтээсэн билээ. Тэрээр өмнөх жил нь “Гладиатор” киногоороо Оскар хүртээд байсан юм.

Киноны гол дүр Жон Нэшийн дүрд Том Круз түүний эхнэр Алисийн дүрд Сальма Хайек нарыг тоглуулах төлөвлөгөөтэй байсан боловч найруулагч дүрээ найрийвчлан сонгохдоо тэднийг сольсон байна. Бас Жон Нэш ТТГ-ын ажилтан Паркертай анх уулзаж байгаа хэсэг нь Ж.Оруэллын “1984” романы “Том ах”-тай уулзаж байгаагаас санаа авсан байдаг байна. Кинонд мэргэжлийн математикчдийн тусламжыг олонтаа авсан байдаг бөгөөд жишээ нь Барнардскийн коллежийн профессор Дейв Байерийн баруун гар гол дүрийн жүжигчнийг орлон самбар дээр ээдрээтэй тоонуудыг бичиж тогложээ.  Нэшийн кабинетийн самбар дээрхи түүний гайхалтай бичсэн грек цагаан толгойн үсэг, математикийн  тэмдэг тэмдэглэгээ бүхий бодлогууд нь кино гарснаас хойш нэлээн хэдэн жил бичээтэй хэвээрээ хадгалагдаж байсан гэдэг.

Бичсэн: Батбаяр | цаг: 10:49 | Кино ярьж өгье
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


өөөөө уучлаарай
Бичсэн: Зочин цаг: 02:26, 2014-10-29 | Холбоос | |


Нэш д том круз тоголсоооон Рассл бгааздэ]
Бичсэн: Зочин цаг: 02:26, 2014-10-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax