Эртээ урьдын цагт Монгол газар амьдран сууж асан Түрэгийн хаант улс гэж байсан гэнэм. Нэгэн цагт хүчирхэгжин мандаж асан энэ улс талын нүүдэлчдийн эртний өшөөт дайсан нангиадын эрхшээлд 50 гаруй жил дарлагдан зовж байгаад МЭ 693 онд /зарим судлаачид загалмайтны тооллын ч гэдэг/ босч тэмцэн дахин тусгаар улсаа байгуулсан байна. Түрэгийн хожуу хаант улс хэмээн одоо нэрлэх болсон сэргэн мандсан хаант улсыг үе залгамжлан дайн тулаан дундаас Их Билгэ хаан ор суужээ. Түрэгийн гурван ч хааны зөвлөх байсан Мэргэн Тоньюкук зөвлөхтэй, баатар жанжин Культегин дүүтэй Их хаан Билгэ хятадын цагаан хэрмээс Байгаль далай Хянганаас дундад Ази хүртэлх өргөн уудам нутгийг эзлэн улсаа өргөжүүлж өөрийн нэр сүрийг дэлхий дахинд дуурсгаж байлаа. Түрэгийн түүхийн энэ догшин ширүүн түүхийг бүтээж явсан ах дүү хоёрын тахилын онгон гэрэлт хөшөө эдүүгээ Орхоны Хөшөө цайдамд /Архангай аймгийн Хашаат сум/ сүндэрлэн буй.
VI-VIII зуун Түрэгийн хаант улс “Хааны алтан титэм”
Сэргэн мандсан Түрэгийн хаант улс 60 гаруй жил оршин тогтноод тэднээс хойш удалгүй мөхөж их түүхийн жимээр оджээ. Орхоны хөшөөны бичээст “Эл улс бөлгөө би. Эл улс маань хаана байна. Хэн дор улсуудыг дагуулнам билээ би. Хаантай улс билээ би. Хаан минь хаана буй? Ямар хаанд хүчээ өгнөм билээ би. Тийн хэмээгээд нанхиад хаан дор дайсан болж хуучин нутагтаа хүчийг тэжээсүгэй хэмээн нүүн эчвэй. хэмээн хайлан өгүүлсэн байдаг. Манай зарим судлаачид түрэг хаант улсыг дан одоогийн Түрэг буюу Турк улсын өвөг дээдэс гэж андуу бодох нь бий. Тэд бол эртний Монгол нутагт амьдарч асан монгол олон овог аймгийн нэг бидний түүхийн тасархай билээ. www.nationalmuseum.mn