1987 оны хавар. Талын хот Чойрт математикийн багш Болд гурван настай хүү Амарбатдаа саагийн 2-р шатны урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхээр очлоо. Харамсалтай нь эмчийн хариуцлагагүй хайхрамжгүйгээс тарилгын хэмжээг хэтрүүлснээс хүү нь насан туршдаа суугаа болно гэдгийг тэр яахан мэдэх билээ дээ.
Хожим нь хүү -“Манайхан элдэв хэл ам хийлгүй орхисон. Тэр хүнд арга хэмжээ авахууллаа гээд би хөл дээрээ босоод ирэх биш. Гомдоод байдаггүй. Ийм боллоо гээд алдсан юм байхгүй ээ. Сэтгэлээрээ өөдрөг байдаг. Юм бүхнийг сурахсан гэж дотроосоо тэсрэх гэж байгаа юм шиг л явдаг. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл их байна даа” гэж хуучилсан. Гэхдээ л хайхрамжгүй эмчийн балгаар нэг сайхан залуу бүх л насаа суугаа өнгөрөөнө гэж бодохоор өмнөөс нь үнэхээр харамсмаар. Би тэр эмчийг түүнийг харах болгондоо, сайн явж, олны хүндэтгэл хайрыг хүлээх болгонд нь -“ Хэрэв би тэгэхэд мэргэжилдээ хариуцлагатайхан байж энэ хүү эрүүл саруул байсан бол...” гэж харамсдаг гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр гомддоггүй харамсдаггүй гэж хэлж байгаа ч хүн л юм болохоор хүүхэд байхдаа ч юм уу энэ байдалдаа цаагуураа ч гэсэн шаналж харамсаж л байсан байх.
Б.Амарбат сэтгэлээсээ сайхан дуулна. Түүний дууг сонсох бүрт зүрхний угт байх нэг нарийн утсыг хөндөх увидас мэдрэгдэж сэтгэл гөхөлзөөд явчихдаг. Магадгүй гаднаа хэлдэггүй ч хайхрамжгүй эмчид гомдсон гомдол, амьдралын өнгийг биеэрээ мэдэрсэн шаналал, эрүүл байсан бол илүү ихийг хийж бүтээх байсан харамслаа шингээж дуулдаг болохоор тэр байх. Та түүнийг сайн мэднэ дээ. Жилийн өмнө UBS TV-ээс зохион байгуулсан "Universe best song" шоуны анхны тэмцээнд амжилттай оролцож амьдралыг мэдэрсэн уянгалаг хоолойгоорой олныг уярааж үзэгчдийн талархлыг хүлээж байсан. Болдын Амарбат нямбай шүүгчдийн хатуу шалгуурыг даван 4-р шат хүртэл шалгарч төгсгөлийн гала концертонд оролцож танхим дүүрэн үзэгчид түүнийг уухайлан дахиулж хамтран дуулж байсныг та мартаагүй байх. Гавьяат “Чингис хаан”-ы Жагаа тэгэхэд “Чиний сэтгэл өөрийнхөөрөө уянгалж байна” гэж үнэлж байсан. Тийм ч учраас түүний дууг хүмүүс сонсох дуртай. Хоёр гурван жилийн өмнө Чойрынхоо “Боржигин” театрт хоёр удаа тоглолтоо хийхэд үзэгчид дүүрэн байсан гэдэг. Батаа /гэрийнхэн түүнийг ингэж дууддаг/ мөнгө төгрөгийн бололцоо гарвал өөрийнхөө CD-гээ гаргаж олонд хүргэхийг мөрөөдөж явдаг.
0йрд ажил төрөл бүтэл муутай сэтгэл санаа тааруу байсан ч түүнтэй уулзаад энэ тэрийг ярилцах зуураа өөрөөсөө ичих шиг боллоо. Миний зовоод байгаа юмнууд түүний ажралгүй даван туулж байгаа бэрхшээлийн дэргэд өчүүхэн жаахан болохыг ойлгосон. Харин тэр өмнөө тулгарсан аливаа саадыг бэрхшээл гэж боддоггүй юм байна. Ярилцаж суухдаа түүнээс зовлон бэрхшээл гэх юм сонссонгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, хөдөө хол суудаг, орлого багатай амьдрал хэцүү гэх үг хүлээж суусан би харин ч ийм юм хийсэн, тийм юм бүтээсэн энийг ч сурна тэрнийг ч чадна гэсэн урмын үг л сонсож байлаа. Түүний “Зүгээр залуусыг бодвол миний явдаг зам арай илүү хол бартаатай байх. Гэсэн ч хүний очдог хүрдэг газар би адилхан л хүрнэ” гэсэн үг ихийг бодуулсан.
Манайд юм хийх хэцүү. Гэвч тэр аливаа бэрхшээлд шантрахгүй. Амарбатын хувьд зүгээр сууна гэж хэзээ ч байдаггүй заавал ямар нэг юм уйгагүй оролдон сууна. Тэр олон авьяастай. Өөрөө хичээж оролдсоор дуулахаас гадна. зураг зурна, баримал барина. Түүний зурсан хэдэн сайн зураг бий. Техникийн талын юм бүр илүү сонирхоно. Хийж бүтээж аливааг оролдож байх нь түүний амьдрал. Болж бүтэхгүй байх нь ч олонтаа. Гэхдээ мань хүн хэзээ ч бууж өгдөггүй. Угаасаа шантарч гуниж гутарч үзээгүй. Ингээд болдоггүй юм бол тэгээд болгоно доо гээд зүтгэнэ. Хар багын л сурсан зан нь аж. Түүний нэг санаа, нэг алхам бүр амьдралтай хийсэн тэмцэл байдаг. Тэр өөртөө монголын нөхцөлд тохирсон гараар залдаг хөнгөвчилсөн тэргэнцэр зохион бүтээж түүгээрээ дуртай газраа хүрэх болж бүр холын Америкийг хүртэл зориод амжсан байна. Шинэ бүтээгдхүүндээ загварын патент хүртэл авч ХЗДХЯ-аар батлуулан бусад хүмүүст ч зориулан хийж өөрийн амьдралдаа тус дэм болгодог аж. Дараахан нь бурхны дутаасан, эмчийн алдсаныг нөхөхөөр өөрөө өөртөө тулгуур хөл хийж суга таягтай явах болсон байна,. Түүнийхээ буянаар аль ч газар орж гарахад амар болж хоёр хөл дээрээ баттай зогсчээ. Харин саяхан уулзахад гурван дугуйтай мотоцикл зохион бүтээгээд туршиж шалгаад түүнийгээ олноор үйлдвэрлэх төсөл хийжээ. Удахгүй түүнийг ниснэ гэдгийг би харж байна. Тэр жигүүртэй. Алсын алсад холын хол мөрөөдлийнх нь үзүүрт хүргэх сэтгэлийн жигүүр түүнд бий. Түүний тухай сонин TV-ээр нэвтрүүлэг сурвалжлага хэдэнтээ гарч байсан. Гэсэн ч түүний алхам бүрийг, амжилт бүрийг, ялалт бүрийг зарлан тунхаглаж баймаар байна. Буруу бүхнээ бусдад тохож зовлон бэрхшээлд бүхнээ даатгасан хүмүүст ч тэр үлгэр дууриал нь болж байг ээ.
/Эдгээр нь түүний олон бүтээлийн нэг хэсэг нь/
Гурван дугуйт мотоциклын төсөл
Б.Амарбатын 2003 онд зохиосон “Тэрэг GS-A”-г бүтээсэн туршлага дээрээ тулгуурлан бүтээсэн “Гурван дугуйт мотоциклын төсөл”-ийг товч танилцуулж байна. Энэ хэрэгцээт бүтээлээ олон удаа туршиж шалгаад хүмүүст хүргэж олон тоогоор үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чанартай тэдний эрх ашигт нийцсэн хэрэгцээт бүтээгдхүүнээр хангахаар зорилгоо болгосон туулах чадвар сайтай гурван дугуйт нь ганц ХБИ ч биш хөдөөгийнхөн хөгшин хөвөө гэлтгүй унаад ойр зуурын юмаа ачаад хөл залгуулаад байхаар амарчилж бүх жолоодлого болон системийг 2 гарт шилжүүлсэн байна. Эрэлт хэрэгцээ, зах зээлийн давуу тал, холбогдох тооцоонуудаа төсөл дээрээ тодорхой тусгасан байна лээ. Та түүнд туслах юм уу хамтран ажиллах эсвэл дээрх бүтээгдхүүнийг худалдан авахаар сонирхож байвал түүний 99549851 дугаар луу нь холбогдоорой. Таньд илүү тодорхой тайлбарлаад өгнө.