Цагтаа бид “Ах дүүгийн найрамдал” гээд оросыг дагаад салдаггүй байв даа. Оросгүй юм гэж байхгүй бүх л юм орос байсан үе бий. Одоо ч хуучны дурсамжуудаас хэдэн сайхан кино л үлдэж. Зөвлөлтийн тэр аймаар үзэл суртал, хавчлага дундуур амьдралын үнэнийг харуулсан, ухаарал хайрласан, жинхэнэ урлагийн бүтээл цөөнгүй гарч байсан билээ.
Та бүхэнд Орос, Зөвлөлтийн нэрт найруулагч, зохиолч, жүжигчин, яруу найрагч Эльдар Александрович Рязановийн тухай хэдэн үг хэлье. Манайхан түүнийг хийсэн кинонуудаар нь сайн мэднэ дээ. Тэрээр “Багт наадмын шөнө” /1956/, “Торгон цэргийн дууль” /1962/, “Итгэмээргүй явдал буюу Италчууд орос оронд” /1973/, “Хачин тохиол ба хөнгөмсөг хос” /1975/, “Ийм нэгэн явдал” /1977/, “Буудалд учирсан хоёр” /1982/, “ Лимбэний мартагдсан аяалгуу” /1987/ зэрэг үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон кинонуудыг бүтээсэн энэ салбарын домог болсон найруулагч юм. Түүний кинонууд үргэлж үзэгчдийн сэтгэлд хүрч амжилтанд хүрдэг шалтгаан нь хүний сэтгэлд байгаа хамгийн нарийн утсыг хөндөж чаддагт байдаг. Бид энэ удаа түүний олон сайхан кинонуудаас манай үзэгчийн сайн мэдэх “Лимбэний мартагдсан аялгуу” хэмээх гайхамшигтай киног нь танилцуулъя.
Эльдар Рязанов бүр 1976 онд анх энэ киноны зохиолынх нь санааг нь олж дууг нь хүртэл бэлэн болгосон боловч тухайн үеийн хяналтаас болж хойшилсоор “өөрчлөн байгуулалт” эхэлсэн 1986 онд боломж гарч дараа жил нь үзэгчдийн хүртээл болсон билээ. Үйл явдал нь тухайн үеийн үзэл суртлын нэг байгууллагын түшмэлийн хайр сэтгэлийн тухай юм шиг боловч бас л хүний амьдралын мөн чанарыг харуулсан сэтгэл зүйн бүтээл.
“Чөлөөт цагийн удирдах газар”-ын гайгүй том түшмэл Леонид Семеновичд бүх юм бий. Сайхан байр, машин, эрдэмтэн эхнэр, нэр төртэй ажил гээд бүгд. Гэвч тэр үргэлж нэг юм дутагдаад байгааг мэдэрч, дүр үзүүлж амьдарч байгаадаа залхаж өөрийхөө Би-тэй тэмцэж явдаг. Ингэж явахаар чинь мэдээж зүрх яаж тэсэх вэ. Нэг удаа зүрх нь өвдөж ухаан алдаж унахад байгууллагын сувилагч бүсгүй Лида /Татьяна Догилева/ ирж сувилж өгч гэрт нь очиж тариа хийж байхаар болно. Леонид анх уулзаад л түүнээс өөрт нь дутагдаад байгаа зүйл нь “харагдаад” байгааг мэдэрч сэтгэл татагдана. Түүний сэтгэлд байсан хуучний нэг сайхан аялгуу эгшиглээд унтраад байсан зүрх сэтгэл догдлох болов. Ингээд үлгэр эхлэнэ дээ. Хүмүүс гэдэг дурлахгүйгээр байж чаддаггүй юм хойно.
Нэг удаа Лида гэрт нь ирж тариа хийж өгсний дараа тэрээр түүнд найрал хөгжимд ажиллаж байснаа хэлж лимбэ тоглож үзүүлэх үед өөр хотод удаан хугацаагаар судалгааны ажил хийж байсан эхнэр Елена /Ирина Купченко/ нь ирж таарч. Сандарч барьц алдсан мань эр хэн болохоо харуулна. Сэтгэлгүй ч гэсэн даргын охинтой сууж, албан тушаал сайхан амьдралд хүрэх гэсэн аль ч цаг үед байдаг л нэгэн байж. Түүнийг ямар нэг юм хийгээд байгаа гадарласан эхнэр нь нэг ирэхэд нь хамаг хувцсыг нь цуглуулаад гэрээсээ хөөчихөв. Бүх юм бялхсан энэ амьдралаас явж чадахгүй зүгээр л хэн болохоо мэдэрч “уйлаад” гуйгаад ирнэ гэж бодож. Харин мань эр энэ хооронд “хортой алим” хазчихсан юм чинь зүрх сэтгэлээ дагах болов уу, ашигч ухаанаа дагах болов уу. Тэр энэ удаа хоёрдохь замыг сонгов.
Лида түүнд татагдах боловч эргэлзэнэ. Нийтийн байранд амьдардаг жирийн нэгэн сувилагч түүнийг мундаг түшмэл энэ гоё амьтан өгч байгаа амлалт шигээ хаячихгүй байж чадах болов уу. Ямар жижиг гээд ядуу гээд гарзанд гарсан амьдрал нэр төр байх биш дээ бодох л асуудал. Леонид Лидатай нийтийн байрны жижигхэн өрөөнд амьдарч, нийтийн унаагаар чихэлдэж явсан ч өөрийнхөөрөө амьдарч, өөрийнхөөрөө инээж чадаж байна. Энэ хооронд эхнэр нь эцгийн нэр төр, эд баялаг шийдэж чадахгүй юм гэж бас байдаг гэдгийг ойлгож эргэж ирэхийг гуйна. Мөн ажлынхан нь ч удалгүй тэтгэвэрт гарах даргынхаа оронд гаднаас хүн ирвэл бүгд хэцүүдэх тул түүнийг гэртээ эргэж очиж хадамтайгаа эвлэрч дарга болохыг гуйна. Амьдрал гэдэг үргэлж л шийдвэр гаргаж байхыг шаардаж байдаг. Тэр нэр төр, албан тушаал, эд баялагийн дэнсэнд сэтгэл зүрхээ өгсөн жирийн нэг сувилагч бүсгүйг сонгож чадсангүй. Гэртээ эргэж очиж дарга болж хүссэнээ авна.
Киноны төгсгөлд шинэхэн дарга хуралдаж төлөвлөгөөгөө танилцуулж байхдаа зүрх сэтгэлийн хулгайчтай нэг байшинд хамт ажиллаж чадахгүй болсон Лидаг халагдах өргөдлөө өгөөд гараад явж байгааг нь цонхоор хардаг. Леонид бүхнийг хаяад хайр сэтгэлтэй түүнийхээ хөлд өвдөг сөгдөн гуйж гэмээ наминчилан буруугаа хүлээн насан туршдаа хамт амьдрахыг хүсэх боловч бас л зориг нь хүрэхгүй. Өөрийнхөө энэ арчаагүй байдалдаа бухамдсан түүний зүрхний өвчин сэдэрч ухаан алдан унаж амь тэмцэж байхдаа хайртай хүнээ “дуудаарай дууд” гэж хэлснийг нь бусад нь түргэн тусламж гэж ойлгоно.
Гудамжаар дохиогоо хангинуулан давхих түргэн тусламжын тэргийг хараад Лида зөн совингоороо гарч явахад нь цонхон дээр харж байсан хайрт нь биш байгаа хэмэээн амьсгаадан гүйж ирнэ. Эмч нар зүрх нь зогсож амьсгал хураасан гээд багажаа хумьж байхыг хараад түүнийгээ тэврэн авч “Битгий үхээч гуйя, Би дахиж чамайг зовоохгүй, нүдэнд чинь харагдахгүй, ганцхан битгий үхээч” гэж уйлан гуйна. Бурхан чин сэтгэлийн үгийг л сонсдог учир түүний гуйлтыг биелүүлэх мэт Леонид үл мэдэгхэн сэргэхэд эмч нар гүйн ирж тусламж үзүүлнэ. Энэ үед Лида хүмүүсийн дундуур чимээгүйхэн гарч одоход намуухан уянгалж байсан аялгуу тасарлаа. Тэр эргэж ирэхгүй жинхэнэ хайр гэдэг зүрх сэтгэлд л байдаг хайрыг хэлдэг.
Сэтгэл зүйн нарийн өгүүлэмжтэй уянгын драм. Бидний дэргэд байдаг ч хүний ухаарч ойлгодоггүй олон зүйлийг өгүүлдэг. Эльдар Рязанов энэ кинондоо найруулагчын ур ухааныг харуулж билэгдэл зүйн аргаар олон зүйлийг өгүүлж байдаг. Тамбовын найрал дууны хамтлаг, зүүд, диваажин зэрэг сонирхолтой кадрууд бий. Сонин чамин хийцтэй энэ кинонд тухайн үеийн нийгэм, өөрчлөн байгуулалт зэргээс гадна хайр сэтгэлээр дамжуулж хүний мөн чанарын нарийн асуудлыг хөндөж тавьсан байдаг. Хайр сэтгэл сохор зоосны үнэгүй болж зүрх сэтгэлээ эд баялаг албан тушаалаас чөтгөрт арилжсан хүмүүс олон болсон энэ цаг үед урлагийн бүтээлийнх нь хувьд үнэ цэнэ нь хэзээд буурахгүй юм даа.
Та ч гэсэн энэ буцалсан амьдрал дунд хааяа зүрх сэтгэлийнхээ ”мартагдсан аялгууг” сонсож байгаарай
/Дараа дэлгэрүүлье. Маш товчхон бичлээ./