2010-03-20
Америк мафи гудамжиндаа, монгол мафи төрдөө байдаг

          Их урлаг гэдэг амьдралын толь байдаг. Бид түүнд үнэн нүүр царай, сэтгэлийн гүн дэхь баяр гуниг алдаа оноогоо тольдон харж ухаарал сэтгэлийн баяр баясал, хүч тэнхээг авч байдаг. Өнөөгийн манай Монголын нийгмийн олон гажиг эмгэнэлийг харуулсан нэгэн гайхамшигт киног та бүхэндээ танилцуулья даа. 

1969 онд Нью-Йорк дахь Сицилийн мафийн гэр бүлийн бодит түүхээс сэдэвлэн бичсэн Марио Пьюзогийн “Загалмайлсан эцэг” роман гарсан даруйдаа бестселлер болж зохиолчдоо алдар хүнд ашиг орлогыг зэрэг авчирлаа. Удалгүй 1971 онд найруулагч Фрэнсис Форд Кополла уг зохиолыг кино болгох саналаа хэлэхэд зөвшөөрсөн зохиолч өөрөө кино зохиол болгон бичиж өгсөн гэдэг.

            Харьцангүй бага буюу зургаан сая доллар зарцуулж 1971 оны дундуур дөрөвхөн сар зургийг нь авсан уг кино 1972 он 3-р сарын 24-нд нээлтээ хийж гайхалтай  амжилттай болж зөвхөн тэр үедээ 250 сая доллар олж 1973 оны Оскарын Шилдэг кино, шилдэг зохиол, шилдэг эрэгтэй жүжигчин /Марлон Брандо/ болон “Алтан бөмбөрцөг”, Британийн кино, телевизийн академийн /BAFTA/-д олон төрөлд шилдэгээр шалгарч, өнгөрсөн зуун жилийн шилдэг зуун кинонд багтсан байдаг.

            Кино амжилттай болоход кино зохиол маш их үүрэгтэй байсан нь мэдээж юм. Адал явдал, мафийн сэдвээр голлон бичдэг Марио Пьюзо итали гаралтай хүнийхээ хувьд бодит явдлаас сэдэвлэн итали мафи болон тухай үеийн ялзарсан америкын нийгмийн холбоо, мөн чанарыг үнэхээр сайн судалж бас мэдэрч бичсэн байдаг. Тэр үед харьцангуй хаалттай байсан сициль мафийн дүрэм журам /Омерта/, бүтэц, мөн чанар гээд олон зүйлийг шинээр нээж үзэгчиддээ хүргэсэн билээ. Түүний зохиолоос “Жинхэнэ хүчийг өгч болдоггүй харин авч болдог”, “Бид түүнд татгалзахааргүй санал тавина” гэх мэт маш олон хэлц одоо хүртэл олны дунд хэлцэгдэж байда. Анх найруулагч Сержио Леонэг найруулахыг санал болгож байсан боловч тэрээр өөрийн бичсэн “Америкт нэг удаа” зохиолоо кино болгохоор шийдсэн байсан тул татгалзсан боловч хожим харамсаж байсан гэдэг.

Бас найруулга, дүр сонголт  үнэхээр агуу. Олон шүүмжлэгч судлаачид энэ киноны амжилт сайн найруулгадаа байдаг гэж тэмдэглэсэн байдаг. Найруулагч Фрэнсис Ф Кополла кино зураг авч эхлэх үед гол болон туслах дүрүүд дээр яригдаж байсан олон алдартай жүжигчдээс татгалзаж хэний ч мэдэхгүй нэр алдарт гараагүй жүжигчдийг сонгож байлаа. Сүүлд эргээд харахад энэ сонголтууд нь маш зөв байсан нь олон зүйл дээр харагддаг билээ. Тэдний нэг нь Майклийн дүрд тоглосон Альфредо Жеймс Пачино /Аль Пачино/ байв. Ядуу тарчиг амьдралд өссөн түүнийг жүжигчин болоход ээж нь дургүйцэж байсан гэдэг. Тэрээр найруулагч Фрэнсис Ф Кополла “Загалмайлсан эцэг” кинонд түүнийг урих хүртэл мөнгө төгрөг муутай дуртай мэргэжлээ эзэмшиж нэгэн хэний ч мэдэхгүй жижиг театрт ажилладаг залуу жүжигчин байж. Авьяаслаг энэ залуу алдарт Жек Николсоныг дагуулахгvй чадварлаг тоглож, гол дүрд хэний ч мэдэхгүй залуу жүжигчин урьснаа эргэж хараач гэж хүсч байсан Paramount Picturesийн олон хvнийг алмайрахад хvргэн нэг л өглөө од болж Америкийн хамгийн алдартай 10 жүжигчнийн нэгээр зүй ёсоор шалгарсан байна. Хожим зохиолыг нь баяжуулан үлдэх 2 ангийг хийсэн /1974, 1990-д/ энэ кино бусад кинонд төдийлөн амжилт олдоггүй /”Чөтгөрийн өмгөөлөгч”-ийг эс тооцвол/ түүний хувьд бүх л амьдрал нь байлаа.

Зөвхөн америк төдийгүй бүх дэлхийг байлдан дагуулсан энэ киноны амжилтын үндэс нь зохиолч, найруулагч, хөгжмийн зохиолч болох итали гаралтай америкчуудын чин зүрхнийхээ угаас мэдэрч эмзэглэж байдаг  төрөлх итали орныхоо эмгэнэлийг кино урлагт шингээж хүний зүрхэнд хүртэл гаргаж чадсанд байдаг. Киноны хөгжим болон сонгодог чиглэлээр бүтээлээ туурвидаг итали гаралтай алдарт хөгжмийн зохиолч Нино Ротагийн итали ардын дуу хөгжмийн дэвсгэр дээр зохиомжлон бичсэн энэ киноны аялгуу үнэхээр гайхалтай болж дангаараа ч тоглогддог гайхамшигт бүтээл болж чадсан билээ.

Удалгүй 1974 онд киноны хоёрдугаар ангийг хийхээр зориглосон найруулагч өөрөө зохиолоо бичиж Марио Пьюзо кино зохиол болгосон байна. Аливаа сайн киноны үргэлжлэлийг хийх их хэцүү ихэнхдээ бүтэлгүйтдэг бол тэд бас л гайхалтай амжилт олж 1974 оны Оскараас “Шилдэг кино”, “Шилдэг хөгжмийн зохиол” зэрэг шагналуудыг нь түүсэн байна. Бүр сүүлд 1990 онд киноны гуравдугаар ангийг хийж гайхалтай нь бас л амжилттай болсон билээ. Энэ киноны гурван анги үйл явдал зохиомжын холбоотой боловч тус бүрдээ бие даасан бүтээл болж чадсан тул судлаачид гурван ангитай нэг кино биш /трилогия/ буюу гурамсан бүтээл гэж дуу нэгтэй дүгнэдэг байна.

Хүн бүр сайн мэдэх тул киноны үйл явдлыг нурших нь илүүц биз. Нэгдүгээр ангийг дүгнэж хэлэхэд нутгийн Доны /загалмайлсан эцгийн/ заналд аав ээжийгээ алдаж төрөлх Итали орон Сицил нутагтаа багтах газаргүй болсон арван хоёрхон настай жаал хүү Вито Андолини хэл ус ч мэдэхгүй таньж мэдэхгүй Америкт ирж сууршина. Яг манай өнөөдрийн Монгол шиг авилга хээл хахууль дэлгэрч хууль, дүрэм журам цаасныхаа үнэтэй болсон тэр үеийн Америк оронд гэр бүл нэр төрөө хамгаалж хүний өмнө толгой бөхөлзөхгүй хүн шиг амьдрахын тулд мафийн толгойлогч болж /outlaw/ хуулиас гадуур амьдрах нь зовлон үзсэн бага нас, мафийн баялаг уламжлалтай итали цустай түүнд зайлшгүй зүйл байсан гэдгийг гаргаж өгсөн байдаг. Байгалийн шалгарал дундаас үр удмаа үлдээх амьтны зөнгөөр гэр бүл үр хүүхэддээ аминаасаа илүү хайртай Дон Вито Короленид зам дээр нь хөндөлссөн хүнийг зайлуулах нь аллага биш ердөө л бизнес, ажил, гэр бүл нэр төрөө хамгаалах хэрэгсэл нь байдаг. Киноны хоёр дахь гол дүр Майклд аавынх нь гэр бүлийнх нь энэ ажил “бизнес” таалагддаггүй байсан боловч тэр заваан нийгэм энэ амьдрал түүнийг энэ ажил руу хүчээр түлхэн оруулна. Үргэлжлэл ангиуд дээр Майкл зөвлөхийнхөө хэлснээр “Жинхэнэ хүчийг өгч болдоггүй харин авч болдог” гэдгийг харуулан бүхнийг гартаа авч өөрийн дайсан таван гэр бүлд нэг зэрэг цохилт өгч гэр бүл доторхи урвагчдаасаа ч салж чадна. Харамсалтай нь энэ бүхний эцэст тэр эхнэр ч үгүй, ах ч үгүй, ээж ч үгүй мөн дайсан ч үгүй цор ганцаараа болсон байдаг. Хэдийгээр гэр бүлдээ аминаасаа илүү хайртай байсан ч  хууль бус зам гэдэг хэзээ нэгэн цагт заавал мухардаж үйл лай нь хамгийн хайртай нандин тэр л зүйл дээр нь тусна гэдгийг харуулсан байдаг. Майкл үүнийг мэдээгүй биш мэдэж байсан бүр анхнаасаа мэдэж хууль ёсны замруу орохоор тэмүүлж байсан боловч “булгийн эх булингартай бол адаг нь …” гэдэг шиг анхнаасаа хууль бус зүйл дээр үндэслэсэн юм боломжгүй гэдгийг нотолсон байдаг.

1990-ээд оны эхээр энэ кино манайд анх гарч байхад мөн чанарыг нь сайн ойлгоогүй залуучууд мафи байгуулж байна гэж давхиад хэрэг төвөгт орж байсан санагдана. Ямар юмных нь мафи байхав дарвисан хүүхдүүд л байсан. Тэр мафи чинь өөрийн гэсэн үндэс суурь, бүтэц зохион байгуулалт гээд олон хүчин зүйлээс бүрддэг. Харин сүүлийн хэдэн жилийн авилга хээл хахууль дэлгэрч хууль дүрэм журам уланд гишгигдсэн цаг үе хөрс суурь нь болж энэ бүхэн одоо манайд нэгэнт бий болж. Гэхдээ ялгаатай нь Америк болон бусад олон газар мафи нь гудамжиндаа байдаг бол манай Монгол мафи төрдөө гараад суучихсан байна. Зарим нь орос маягаар ольгархи бүлэглэл энэ тэр гээд байгаа үнэндээ бол зүгээр л манай төрд шигдсэн мафи шүү дээ. Мафи юм болохоороо үндсэн зарчим бүтэц нь адилхан ч Монголд юм бүхэн гажиж ирдэг зарчмаар олон ялгаа байдаг. Дээр хэлсэн манайх болохоор төржсөн мафи гэж шинэ дээд төвшинд хөгжүүлж чадсан байна. Тэд төрийн хууль ёсны эрх, бүтцийг ашиглан өөрийн төлөөний хүмүүсийг төрийн бүтцэд байршуулан авилга хээл хахууль болон хууль бус аргаар төсвөөс болон нийгмээс шимэгчлэн баяжиж байна. Тэдний энэ үйлдэл олон түмэнд ил боловч хууль шүүх цагдаа прокурор гээд бүгдийг жинхэнэ мафич ёсоор атгасан тул хэн ч халдаж зүрхлэхгүй харин ч тэдэнтэй тэмцээд байгаарай гэж байгуулсан АТГ нь гар хөл нь болон ажиллаж байна. Тэд өнөөдрийг хүртэл чихрийн цуглуулга мэтхэн авсан багш, эмч хамгийн томдоо л дунд шатны дарганцараас дээш хууль бус явдал олж харахгүй байгаад нь үүнийх нь баталгаа нь болж байна. Харин ард түмэн хэн нь авилгын, хэн нь газрын, хэн нь гэрээний “загалмайлсан эцэг” болохыг бүгдийг мэдэж байгаа.

Энэ хавар манай Монголын мафийн таван гэр бүлийн “загалмайлсан эцэг”-үүд хоорондоо хөлөө жийлцэх янз харагдаад байна. Ард мань мэтийн амьдралийг хөлдөө чирчихэлгүй тэр дээгүүрээ л холуур өнгөрөх болтугай. Төр нь өөрийгөө цэвэрлэж чадахгүй бол амьдрал туслана гэдгийг дээрх гайхамшигт кино харуулж итгэл өгч байна даа бидэнд. Хүлээж л байхаас.        

 
Бичсэн: Батбаяр | цаг: 20:46 | Кино ярьж өгье
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


zuv zuv
yostoi zuv heljee
Бичсэн: Зочин цаг: 21:05, 2010-03-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax