2010-03-22
Шинэхэн холбоог шинжиж үзвэл

 

1990 оны 1-р сарын 21-ний  өдөр МоАХ, АСХ, ШДХ, МОХ гэсэн дөрвөн томоохон хүчин эв санааны дор нэгдэн анхны хамтарсан цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулжээ.  Энэхүү түүхт өдрийн 20 жилийн ойгоор АН-ын УИХ-ын зарим гишүүд “Монголоо шинэчилье” уриатай Монголын Ардчилсан Хүчний Холбоог байгууллаа. Холбоо нэг ерөнхийлөгч, нийгмийн салбар бүрээр ажиллах зургаан дэд ерөнхийлөгч, 21 ерөнхий зөвлөлтэйгээр үйл ажиллагаа явуулах аж. Ардчилсан хүчний холбоо анхдугаар чуулганаа ирэх 3-р сарын 1-нд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Тус холбоо нь  ардчилсан үзэлтэй, Монгол улсын шударга иргэдийг улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад нь дэмжиж ажиллах мөн төрийн албаны тухай хуулиар намын харъяаллаасаа татгалзсан намын гишvvд, ардчилсан vзэлтэй хvмvvсийн эрх ашгийг хамгаалахад vйл ажиллагаагаа чиглvvлэх гэнэ. Зохион байгуулагчид нь бид улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй, намын болон ТББ-ын ажил тусдаа, улс төрд шинэ давалгаа эхлүүлье, эх орноо өөрчилье, шинэчилье гэсэн хүмүүсийн нэгтгэе, хүмүүнлэгийн ажилд анхаарлаа хандуулъя хэмээсэн гэж мэдэгдэж байна.

Хэдэн жилийн өмнө улс төрөөс шахагдсан нөхдүүд нэгдэж мөн л нийгмийн чиглэлтэй үйл ажиллагаа явуулна гэж зарлаж байсан ч АН-ын томоохон фракц болж хувирсан"Алтангадас" ТББ-ыг байгуулсан туршлага АН-д бий. МАХН ч тэднээс дутахгүй “Зүүний хүчний холбоо”-гоо эмхэлсэн. Харин шинэхэн “Ардчилсан хүчний холбоо” ТББ-ыг АН-ын даргыг тодруулахаас эхлээд хамтарсан Засгийн газарт төлөөллөө оруулах vеэс улам оргилдоо хvрсэн фракцуудын зөрчлийн үр хөврөл болов уу гэж олон нийт таамаглаж байна. МАХН-тай хамтарсандаа өнөөг хvртэл итгэлтэй байгаа Алтанхуягийн байр суурийг ганхуулж "Алтангадас" фракцын нөлөөг сулруулж, МVДН, МоАХ, Зvvн хойд Ази фракцууд нэгдэж байгуулсан "Эрдэнийн хувь" фракцыг бэхжvvлэх оролдлого гэж хардах шалтгаан нь холбоог залуурдах удирдлагад сvvлийн vед хамтарсан засагт "аллергитэх" болсон гишvvд цөмөөрөө багтсан явдал юм. Энэ хардлагыг УИХ-ын гишүүн  Батбаярын “Гэрээ үзэглэсэн сайд нар огцорч гэрээг өөрчлөх ёстой …Тэд эх орноо худалдсан хүмүүс” гэсэн зоримог мэдэгдэл болон УИХ-ын гишvvн Эрдэнэ Ерөнхий сайд Батболдод  Оюутолгойн ордыг ашиглах гэрээ "Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зvйлийн 30.1, 30.2, 30.3 дугаар зvйлийг бvхэлд нь зөрчиж хөрөнгө оруулалт хийх vе шат хуульд заасан процессын дэс дараалал зөрчсөн” тухай асуулга хvргvvлсэн нь лавшруулж байна. Энэ холбоонд сүүлийн үед улс төрд дутагдаад байгаа ардчиллыг бэхжүүлэх эрүүл саруул гэж үзэх алхамуудыг хийхээр зориглон зүтгэж “Нэг ардчилал” клуб байгуулан ажиллаж буй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар яагаад багтсангүй вэ? гэдэг бас л сонирхол татаж байна.

Эрх барьж байгаа хоёр нам сүй тавьж хамтарсан засгаа байгуулахад эсэргүүцэж байсан нь олон ч нэгдээд улс оронд тулгамдаад байгаа шинэчлэлийн шинжтэй олон асуудлуудаа шийдэх гарц гэж харж байсан нь илүү олон байсан байх. Гэвч ганц л уул уурхайн ордын гэрээг хэрүүлтэй уруултай байгуулснаас өөр гялайх ололт байхгүй, цаашид ч хамтарсан үедээ хийж шийдвэрлэх дорвитойхон алхмууд харагдахгүй байгаа нь дээрх “улс төрч”  төрийн бус байгууллагыг  соёолох хөрс нь болов. Дээр нь улс төрийн хоёр том намд аль алинд нь туршлага болоод нөлөөлөх чадвараараа оройлж манлайлах жинхэнэ лидерийн “зуд” нүүрлэсэн нь нэрмээс болж байна. Нэг үгээр хэлбэл ирэх УИХ-ын сонгуулийн тоглоомын дүрмийг зохиолцох нэг баг тоглолтонд орж ирлээ гэж харагдаж байна. Үнэхээр өөрсдийнх нь хэлж байгаа шиг улс төрийн бус үйл ажиллагаагаараа улс орныхоо хөгжилд нэмэр болох уу? ууж идэх, сандал ширээний төлөө зүтгэх фракцын нэгдэл үү гэдгийг цаг хугацаа таниулаад өгнө.

 Хамтарсан засгийн тохиролцсон шийдвэрүүдийн цаана нуугдаад байсан улс төрчдийн үнэн нүүр царайг нээж харуулах салхи сэвэлзэж эхлэв үү. Энэ сэвэлзүүр салхи улс төрчдийн “хаврын синдром”-ыг хөдөлгөж шуурга болон исгэрэх үгүйг айсуй өдрүүд бидэнд харуулах биз ээ. 

Бичсэн: Батбаяр | цаг: 19:23 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax