2010-03-22
Өөртөө тусалдаггүй хүн

Бид бага байхдаа Борис Полевойн “Ёстой хүний тууж”-ыг уншиж өсцгөөсөн. Манай нийгэмд түүнээс дутахгүй “ёстой сайн” хүмүүс зөндөө л байгаа. Харин өөрийнхөө амьдралыг хөөн даруухан амьдрах тэднийг бид таньдаг болов уу. Бид энэ ертөнцийг нээхээр энэ буланг хөтөлж байна.

 

Амьдралын нарийн учрыг нь мэдэхгүй ч найз нарын маань дунд үргэлж хүнд туслаж явдаг өргөж дүүрч авсан олон хүүхэд тэжээж тэтгэж буян болж явдаг нэгэн “Сонин хүн”-ий тухай яриа олонтаа сонсогддог байсан юм.  Хайж явж уулзаад санаагаа хэлэхэд “Миний тухай юуг нь бичдэг юм” хэмээн нэлээн цааргалж байж  дурамжхан зөвшөөрсний эцэст бид нэг шөнөжин сууж хууч хөөрч хамаг амьдралаа надад кино шиг л нүдэнд харагдтал ярьж өгснийг нь чадан ядан сийрүүлвэй.

 

Би чинь Улаанбаатарт ирээд огт өвдөөгүй юм

          1958 он Увсын Улаангомд холбооны техникум төгссөн шинэхэн техникч Буянжаргал мөн л худалдааны техникум төгссөн шинэхэн худалдагч Дүрзээ нар сэтгэл нийлэн гал голомтоо бадрааж ууган хүү мэндэлсэн нь манай уншигчдын шинэ танил Цогтбаатар байлаа. Тухайн үеийн  жишгээр 17, 18-тай хоёр л нийлж байсан юм даг уу даа. Хүү 5 нас хүртлээ өвчин ороогоод тэр үед элбэг байсан шар өвчнөөр бараг 10-аад удаа комд ороход аав ээж хоёрт нь Дэлэг гэж эмч “Наад хүүхэд чинь тэсэхгүй нь гомдлын мөрт хот орж нэг үз” гэж бас нутгийн нэгэн лам “Нутаг сэлгэвэл зүгээр” гэж айлдсан тул Буянжаргалынх 1965 онд  хотын айл болохоор нүүжээ.

Түүний ярьснаар Улаанбаатарт ирээд таньдаг айл бараадаж Цагаанхуаранд бууж нээрээ нутаг зохисон ч юм уу тэр цагаас хойш Цогтбаатар хамрын ханиад ч хүрээгүй гэдэг.Тэр үеийн Цагаанхуаран дүүрэн оросууд байсан тул хүү олон хүүхдүүдтэй дотносон танилцаж тоглож наадсаар орос хэл гайгүй сайн сурсан нь хожим олон юман дээр хэрэг болсон аж. Удалгүй 21-р сургуульд орж аав нь автобус баазад нягтлан хийдэг тул аль очсон хэсгийг нь даган нүүж  22, 49-р сургууль дамжсан байна. Гэрийн эзэн өдөр ажилтай тул ажилчдын А автобус авчирч дандаа шөнө нүүдэг байжээ. Тэр 7 охин 1 эрэгтэй дүү ахалсан айлын ууган хүү. Аав ээж нь ажил гээд эрт гараад алга болно олон охин дүүг харж асрах, үс гэзгийг нь самнах, ус цасанд оруулах, хоол ундыг нь бэлдэх,  хичээл номыг нь давтуулах  үүрэг эмээ бяцхан Цогоо хоёр л ноогддог байсан тул багаасаа хар бор ажлын дөртэй болсон. Эмэгтэй дүү нараа их асарсаан. Эрэгтэй хүүхдүүд тараад хөл бөмбөгийн талбай руу гардаг бол шууд тараад гэр лүүгээ гүйдэг байсан даа” гэж тэрээр бага насаа дурссан юм. Хожим дүү нараа асарсан ахын энэ л сэтгэлээр олон хүүхдүүдийг асарч явсан байна. 1975 онд  түүнийг 8-р ангид байхад гэрийнхэн нь бүгдээрээ  өвдөж, тэр үеийн “Уулын амны” эмнэлэгт хоёр гурван сараар хэвтэхэд  гэрээ сахиж өглөө нь хичээлдээ яваад өдөр нь хоол цай хийж гэрийнхнээ эргэж хажуугаар нь бас орос хэлнийхээ хэргийг гаргаж Сансарын орос дэлгүүрээс гуйж байж тэр үед олддоггүй байсан 2 төгрөг 50 мөнгөний зузаан дэвтэр хоёр гуравыг авч оюутан эгч нарт 5 төгрөгөөр өгч хоол ундаа авч харьдаг байжээ. Ер нь л хар багаасаа орос хэлний хэргийг гаргаж ойр зуур наймаа хийчихдэг “овоо гар” байсан байна.

          8-р ангиа төгсөөд тэр үед нээгдээд удаагүй байсан Барилгын 1-р ТМС-д орлоо. Мэдээж багаасаа орос хэлтэй өсчихсөн нь хэрэг болсон. Удалгүй хичээл сургууль ажил мэргэжлээрээ олон орос багш нартаа үнэлүүлэн шалгарч Орост 4 жил Барнаулын ТМС-д цахилгааны мэргэжлээр анх сурч мандаж явсан оюутнуудын нэг байв даа.

Тэр үед таван дүүтэй болсон байсан болоод 6 рублийн стипендтээрээ тэд нартаа ойр зуурын юм цуглуулна гэж хадгална. Тэр үеийн оюутнуудын л адил амьдарч байлаа.. Бүлтэгнээд л орос бабушка нарын ус түлээ зөөж гүйсэн хүний арга эвийг олсон нэг нөхөр байсан шиг байгаа юм. Бас болоогүй эвлэл мэвлэлийн сонгуультай. Төгсч ирэхэд нь Брежнев дарга Монголд ирэхэдээ Улаанбаатар хотод бэлэглэнэ гээд сүүлд нь оросууд “Их өр”-дөө оруулаад мурьчихсан 3, 4-р хороолол ид баригдаж эхэлж тэнд дотоодод төгссөн 4 залууг ахалж оросын СОТ-3-аас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

Тэгээд намар нь цэргийн зарлан дуудах ирээд шууд цэрэгт явахаар болов. Гол хүч айлын том болохоор нь аав ээж хоёр нь нялх нойтон олон дүү нартай гээд явуулахгүй гэж их зүтгэсэн ч зөрсөөр байгаад  цэрэгт явжээ.  Одоотой адилгүй арми эр цэргийн алба хаана гэдэг залуусын бахархал байлаа.

Зүүнбаянгийн 126-р нэгтгэлд зенитийн хороонд учраа мэдэхгүй шинэхэн цэрэг очоод толгой нь эргэчихсэн өглөө нь нар баруунаасаа мандаж, зүүн тийшээ жаргаад, үгүй нээрээ хаана ирчихэв ээ гээд..л гайхаж байжээ.  Ангийнх нь хаалган дээр томоос том пайзан дээр  улаан өнгөөр “Манай нэг номерын дайсан БНХАУ 135 кмт байна” гээд биччихсэн одоо бодоход сүртэй байлаа. Цэрэгт очсон 1977 он их түүхтэй жил. Вьетнам Хятад хоёр байлдаад, Монголоос Вьетнам руу их тусламж явуулж байсан. Хотод “Вьетнамаас савараа тат” гэж хашгирч жагсаал хийгээд л ер нь Хятад Монголын харилцаа асуудалтай байсан үед цэрэгт татагдсан учир урд хил дээр цэрэг их төвлөрүүлж байжээ. Түүний цэргийн дурсамж нь одоо ч санаанд нь илхэн, залуу насныхаа хамгийн дурсгалтай үе гэж боддогийнх биз ээ.

-Карантинаас гараад анги орох юм гэж бодтол бүгдийг нь  жагсаагаад шууд зэвсэг өгөөд буу аранз цув бүгдийг нь ав гэсэн. Аранзан дотор 100 гр цэвэр спирт, 5 кг боорцог, 2 консерв, 1 чипа цагаан өмд, цамцны нормтой  байсан даа.  Шинель бол цэргийн хүнд ор дэвсгэр. Галиндэв хурандаа, Баатар генерал  гэдэг чинь мундаг хүмүүс байсан. Зенитийн хороо чинь их алдартай тэнд научикаар очлоо. Тэр шөнөдөө бид нарыг Зүүнбаянгаас 2 км зайтай байрлуулж, цай унд өгөөд улс төрийн орлогч Билэгсайхан гэж дөнгөж сургууль төгссөн сайхан дэслэгч – “Та нар бол эх орны цэрэг. Эх орны төлөө амь хайргүй зүтгэнэ. Эх орны даалгавар гүйцэтгэж  мэднэ, залуу насныхаа ааг омгийг гаргаж,  зүтгэх хэрэгтэй гэлээ. Бид нар ч гайхаад  юу болсон юм бол гээд. Үүрээр 5 цагт хилээс 20 кмт байрлалдаа очсон. Хил их гоё харагдаж байсан. Элстэйгээ адил шаргал өнгөтэй цэргийн татлага татсан окопон дотроос научикний дурангаар л хилээ харна. Өглөө үүрээр 5 цагт тэнгэрт дуу чимээ гарч, Оросын хүч ирлээ гэсэн.  Онгоцноос шүхэрээр бүх юм буугаад л танктай хуягттайгаа  бидний урд орж байрласан.  Бид нар тийм юмыг кинон дээр л харж байснаас  амьдрал дээр үзээгүй учраас ангайж байж билээ.  Тэгэхнээ хээрийн сургууль байсан юм байна лээ. Хятадууд хил дээр цэрэг татаж бөөгнүүлэхээр нь хамтарсан хээрийн сургууль хийж сүрийг үзүүлж байсан юм байлгүй. Тэр хээрийн сургууль дээр байгаа сайн оносон гэж шинэ цэргийн салаа 14-үүлээ “Онц буудагч” болж 24 цагийн чөлөөний хуудсаар шагнуулж байлаа. Цэргийн бидэнд асар их үнэтэй чөлөө. Тэгээд л Сайншанд үзүүлнэ гээд 31-д ачиж аваад Өвөр шандад сувилагчийн сургуульд очиж оюутны зааланд 3 цаг бүжгэнд орж байсан явсан. Онц буудагчийнхаа тэмдэгийг зүүгээд баахан гоёчихсон амьтад дэлхийг аваад өвөртөлчихсөн юм шиг Шандын гудмаар багтаж ядан жаал алхаад  тэгээд л чөлөө дуусч билээ гэж дурсана. Бидний үеийнхэн Чойбалсангийн үеийн алаг пагонтой хувцасыг хамгийн сүүл өмссөн цэргүүд. Офицер парад хувцастай байсан. Манай дүү зургийг маань харчихаад манай ах генерал байж гэж тоглож байсан даа.

1979 оны өвөл хоёр оны зааг дээр нөгөө “Онц буудагч” болсон 14 цэрэг бага даргын курст сууж түрүүч болох гэж хот руугаа буцаж ирж 096 дүгээр нэгтгэл дээр 1 жил сурсан даа. Түрүүч цол аваад наадмын цэргийн парадын сургууль хийгээд 1000 цэргийн карантинд бужигнуулж явлаа. Тэгэхэд Хадаа аварга 1979 оны цэрэг каринтин дээр багтах хувцас байхгүй гээд ард хувцастай ирчихсэн бас “Хөдөөгийн баясгалан” кинонд тоглосон  МУгавъяат жүжигчин болсон Батзаяа ирж гэж үзэх гэж очиж, киноных нь дууг дуулуулж л явлаа. Би урлагт их сонирхолтой л доо. Тэгээд 6-гуулаа Сүхбаатарт 152-р ангид очсон”  гэж дурсаж сууна.

 

Алдаа оноо ингэж л эхэлсэн дээ

Сүхбаатарт ирээд удалгүй тэндэхийн л нэг цэргийн даргын охин Дорнодын Анагаахын техникумд оюутан Гэрлээтэйгээ танилцжээ. Жил шахам дотносон танилцаж суух барих боллоо. Халагдахаас нь сарын өмнө анги нь 14 хоногийн хээрийн сургуульд гарч Цогоо цөөхөн цэрэгтэй ангидаа жижүүрт үлдлээ. Тэр үеэр үерхдэг бүсгүй Гэрлээ нь орос хэлний төгсөлтийн шалгалттай орос хэлэндээ муу унах байхаа гээд сууж байна. Жаахан давтуулж байснаа Дорнод орж шалгалтанд нь туслах юм болоод найзууддаа аргалж байгаарай гэж захиад хамт шууданд суугаад Дорнод гараад өглөө. Залуу ч байж дээ.

Тэгсэн яг явсан хойгуур нь дээд оны цэргүүд халагдахаасаа өмнө складнаас цэрэг нэхий дээл сум хулгайлж зарсан хэрэг илрээд анги дээр нь хотоос яамнаас шалгалт ирж таарчээ. Манай хүн яахав мэдэхгүй сайхан амьтан найз охиноо дагуулчихсан шалгалтанд нь туслаад Дорнодын төвөөр жаргаж явдаг. Араас нь дуудлага ирээд эрэл сурал болж байгааг сонсоод айж айж 10 хоноод очиж баригдаж сахилгад ороод удалгүй цэргээс оргосон хэргээр “Бүгд найрамдах” уншуулж 6 сарын ял авлаа. Анх ингэж л алдаж аавын хаалга татсан аж. Тэгээд Баруун-Уртын мөрдөнд хэдэн сар байж байтал хүмүүс нь таньдаг, хүн нь гайгүй гээд гал тогоонд Сүхбаатарын Халзан сумын айлын мал өөрийнх дээрээ тоолуулсан малын хулгайн хэрэгтэй залуутай хоёулаа хувиарлагддаг юм байна. Тэгтэл нэг өдөр нөгөөх маань оргоод гэрлүүгээ алга болчихов. Хоёулаа байсан нэгийгээ оргуулсан гээд хэрэгт орохоос айж араас нь Халзан сум руу явж олж ирсэн чинь бас оргосон гээд Мөнгөнморьтын хорих руу шилжүүлчихдэг юм байна. Харин аз болж, ирээд удалгүй өршөөлөөр суллагдав.

Суллагдаж ирээд ажил нэлээн хайсан хэсэгхэн ч гэсэн “аавын хаалга” татсан гээд авах газар байдаггүй. Хүний эцэг болохоор муу аав нь л Эвлэлийн Төв хороогоор гүйж өөрөө батлан дааж байж автобус бааздаа сельсараар оруулж өглөө. Хүний нэр байна хор байна гээд зүтгэж багаасаа хар бор ажилд нухлагдсных ажирсангүй, төлөвлөгөөгөө сайн биелүүлж шагнал ч авдаг боллоо, хэсгийнхээ эвлэлийн үүрийн дарга ч боллоо. Удалгүй дарга нар дуудаж сайн ажилласан тул авто сургуулийн дэргэд анх нээгдэж байсан автобусны жолоочийн жилийн курст явууллаа. Чех автобусны нэгдүгээр зэргийн жолоочын  үнэмлэхтэй мундаг амьтан төгсөөд бааздаа орох гэтэл аав нь хориглоод хамаатан садныхан дээрээ Увс явж ажил хий гэж хөөдөг юм байна. Мэдэхнээ тэр үед автобус ховор буудлаас буудлын хооронд хүн их чихэж явна. Тэгэж байгаад хүн амьтан унагаж гэмтээгээд түрүүнд нь нэг алдсан хүн дахиж хэрэгт орно л гэж бодсон юм байна лээ. Хайрлаж байгаа нь л тэр. Цогоо ч үгэнд нь ороод Увс явлаа. Тэгсэн Чехийн автомат коробкатай машинаар сургуулийг нь төгссөн хүн орос машинд таг бас  хотоос очсон гээд жаахан гадуурхах маягтай аль л муугаа өгөөд “Тожоо жолооч” гэж хүртэл нэр авлаа. Харин бас л орос хэлний хэрэг гарч Дарханд төвтэй ороосын байгууллагад ажилд орж арай гайгүй болж жил гаруй ажиллаж байтал ар гэрээс нь дуудаж буцаж хотдоо ирлээ. Бодвол аав нь хүүгээ амьдрал үзэж, ухаан суулаа гэж бодоо байлгүй.  Буцаж автобус бааздаа жолоочоор орж дассан газар сурсан ажил гялалзуулж өглөө.

Тэр үед байгууллагуудын дэргэд “Ажилчны соёлын ордон”  гэж  олон байлаа. Мань хүн баазынхаа дэргэдэх “Ажилчны театрт” элсэж урлаг уран сайхны амтыг мэдэрч олон жүжигт дүр бүтээж. Уран сайхны удирдагчаар МУ Гавьяат  Н.Гомбосүрэн, Н. Сувдаа нар ажиллаж “ард түмэнд урлагаар үйлчлэнэ” хэмээн олон ч газар аймаг сумдаар явсан байна. Ингэж явахдаа нэг удаа дарга нараасаа гуйж Сүхбаатар аймаг руу явахаар зөвшөөрүүлж. Учир нь өмнөхөн нь Гэрлээгээс нь захиа ирсэн байсан тул сургыг нь  гаргаж уулзах гэж яваа нь тэр. Уул нь суллагдаж ирээд хоёр гурван захиа бичсэн боловч хариу ирсэнгүй, сураг тасараад байсан аж. Бодвол аав ээж  хоёр нь хэцүү газар орсон хүн дэмий гэж хориглоо байлгүй гэж бодож байж. Гэтэл харин гэнэт захиа хүрээд ирдэг Анхны юм бүхэн хүний сэтгэлд үнэтэй байдаг. Энэ хүртэл хань ижилтэй болоогүй яваад байсан нь анхны хайрын нандин дурсамжууд нь эрхэм байж дээ гэж бодогдож суусан. Даанч тэр хоёр уулзаж чадсангүй зөржээ. Нэгэн таних хүнээс Гэрэлээ хүүхэлтэй болсон тэр нь чиний охин гэсэн үг сонсоод сураг алдарчээ. Бодлогошронгуй харцанд нь төөрөлдсөн тавилангийн эрхээр холдсон ч залуу насны нандин дурсамж болсон хайрын эзэн түүнтэйгээ  нэг уулзаж сэтгэлээ дэвтээхсэн гэсэн хүсэл тодорч байлаа.

Нэг удаа эвлэлийн сонгуултнуудыг цуглуулж тэдний бааз хүүхэд асрах газрын өнчин хүүхдүүдийг халамжлах болсныг хэлж хүн бүр 10 хүүхэд хариуцаж авлаа. Цогтбаатар 6 солонгос 4 монгол хүүхэд авч олон охин нойтон дүүтэй хүн тэдэнтэйгээ зүйрлэн өдөр бүр эргэж тойрч хоол унд хувцас хунар гээд цалингаасаа илүүчилж аав шиг нь л байдаг болов. Тэр үед Солонгосын дайнаас өнчин хоцорсон хүүхдүүдийг Монголд асрамжинд авчирдаг байсан юм. Бусад хүмүүс ч хариуцсан хүүхдүүдээ эргэж тойрч л байсан байх. Гэхдээ мань хүнд юманд сэтгэлээсээ ханддаг нэг чанар байна. Хүнд тусласан ч хүүхэд асарсан ч ажил төрөл хийсэн ч сэтгэлээсээ гэдэг нь хүмүүсийн ярианаас болон хоёр гурван хоног ажиглаж байхад илхэн байсан.  Хүүхэд гэдэг сэтгэлийг таньдаг юм хойно дорхноо л багшаа ааваа гэх болж, тэдэн дундаасаа Төгсбаатар Баярсайхан хоёртоо амь байдаг байлаа.

Амьдрал үргэлжилсээр…. автобус бааздаа жолоочоо хийж төлөвлөгөө нормоо биелүүлж, ардын театртын уран сайхандаа гүйж бас болоогүй “Мандах нарны туяа” кинонд туслах дүр бүтээж, асрамжын хэдэн хүүхдүүдээ эргэж тойрсоор дундуур нь баазынхаа шеф Их дэлгүүрийн худалдагч бүсгүйчүүдтэй 6 давхарынх зааланд бүжгэнд орж  юм бүхнийг амжуулж гүйсээр 1989 онтой золгож ардчилал эхлэв. Өмнөхөн нь тэр хоёр хүүхэдтэй нэг бүсгүйтэй айл болсон байв.

Зах зээл наймаа панз гээд хүмүүс бужигнаж амьдрал ч их өөр болов. Мань хүн автобус бааздаа жолоогоо бариад амьдрал хуучнаараа. 1994 он гараад нэг Эрээн орж үзье гэр орондоо ч ойр зуур юм авья гэж бодоод гартал замдаа зах зээл гээд ойрд уулзаж чадаагүй нөгөө Төгсбаатар, Баярсайхан хоёртойгоо таарчихдаг юм байна.  Ааваа багшаа гээд бөөн юм болж аж амьдрал ярьсаар  хамт Эрээн ороод буцтал Замын-Үүд дээр нөгөө хоёрыг нь цагдаа бариад авдаг юм байна. Яав юу болов гээд асуутал “Та энэ хоёрын юу нь вэ? Хамт яваа юу” гэхээр нь “Тийм хамт яваа багш нь байна” гэтэл гурвууланг нь  барьж аваачаад Сайншандын мөрдөнд хийчихдэг юм байна. Мэдэхнээ нөгөө хоёр нь хүний том сайн бараатай “гахай”-г  өөрийн жижиг юмаар сольж байгаад баригдсан байна. Тэгээд Цогтоог урьд нь аавын хаалга татсан болохоор нь прокурор “Чи л уруу татсан байна. чи ийм юмаар л багшилдаг хүн байна” гээд бүлэг хулгай гээд хэрэг тулгах болов. Би анх удаа явж байгаа тэднийг тийм зүйл хийснийг нь мэдээгүй гээд хийчнээн учирлаж тайлбарлаад ч анхнаасаа цуг явсан, урьд нь хэрэгт орж байсан гээд таван жилээр тасалчихдаг юм байна. Дунд шатны шүүх хуралд орохынхоо өмнөх шөнө их юм бодож. “Би ч яахав залуу хүн. Дөнгөж амьдрал эхэлж байгаа энэ муу хоёр маань яана даа. Нэгэнт мултарч чадахгүйгээс хойш тэр хэцүү газар гурвуулаа зовж байхаар ганцаараа үүрээд гардаг юм уу” гэж бодоод өглөө нь шүүх хурал дээр хэргээ задалсан байна. Аав ээж нь уурлаж, шүүгч өмгөөлөгч нь гайхаж бөөн юм болжээ. Гээд яахав тулаад ирсэн үйлийн үрийг туулаад гардаг хорвоо гээд хоёр жил зургаан сараар таслуулж Багануурын хориход ирсэн байна. “Хожим сураг дуулахнээ тэр хоёр маань зөв замд орж одоо гэр бүлтэй ажил төрөлтэй сайхан явж байгаа юм байна лээ. Надад энэ л болоо би харамсдаггүй. Төгсбаатар маань хоёр гурав асууж ирсэн гэсэн. Манай дүү нар ахыг хэрэгт түлхсэн гээд царай өгөөгүй бололтой” гэж суусан.

Багануурын хориход ирээд хүмүүсийнх нь ая эвийг олж овоо дасаж, цахилгааны мэргэжилтэй гарын уртай гээд янз бүрийн юм тохижуулж байтал нэг удаа дарга нь дуудаж “Таны хувийн хэргийг уншлаа. Өөрийг чинь ч нэлээд ажиглалаа, эвлэлийн байгуулагад ч ажиллаж байсан юм байна. Хэдэн хүн ахлаад ууланд мод хий” гэж хэлэв. Хүн итгэж байна гэж зүтгэж төлөвлөгөө норм ч овоо, ажлын хоног ч гайгүй цуглуулж байтал Хэнтийн Биндэрийн нэг залуу оргоод алга болчихдог юм байна. Тэр чигт нь хаячихвал тэр залуу дахин алдаж ялаа нэмүүлэх гээд байдаг. Хянагчаасаа гуйж байгаад араас нь 2 хоног явж олж ирээд ойлгуулах санаатай гар хүрч хэд цохиод автал нөгөөх нь дээш мэдэгдэж шүүх мүүхдээ тулж хүн зодож гэмтээсэн гээд гурван жилийн ял пан гээд нэмчихдэг юм байна. Ёстой л тэнгэр хол газар хатуу гэдэг болж хамаг итгэл найдвэр нь алдрах шиг санагдаж. “Хүн өөрийг нь хайрласандаа хэд цохио л биз. Гэтэл өрөвдөхөд өр лүү өшиглөнө гэдэг шиг өөрийг нь ингэж байх гэж”  бодоод ёстой хэмх нүдмээр санагдаад байж ядав. Тэгээд тэсэлгүй нөгөө нөхрийн араас ууланд мод хийж байгаа хэсэг рүү оргоод бүтэн хоног цасан дундуур алхаж очтол нөгөө хэсэг нь зөрөөд анги руугаа буучихсан байв. 4 хоноод эргээд очтол барьж аваад оргосон гээд дахиад зургаан сар.

Дараахнаас нь тэр тоосгон дээр ажиллав. Тоосго ч гэж дээ Оросууд буцсаны дараа хуучин дивиз гэж байсных нь байшин савыг буулгаж авцгааж байсан үе. Нэг хоригдол өдөрт 500 тоосго буулгаж цэвэрлээд хурааж хүлээлгэж өгнө. Ажил төрөлд түүртэж байсан биш гайгүй л байлаа. Харин тэдний ажиллаж байсан газрын хажууханд Энхтайван гэж нэг авгай 4 хүүхэдтэйгээ амьдардаг байв. Амьдрал ядуу хүүхдүүд нь бага яана даа л гэмээр хэд байх. Өөрөө хүнсний зах дээр хүмүүсийн мах шулж өгч ясаар нь хүүхдүүдээ хооллоно. Арай том нь хаягдал нүүрс зөөж түлээгээ аргална.  Гэтэл нэг өдөр том хүүхэд нь хүнд зодуулаад өнгөрчихөв. Туслах хүн ч байхгүй буяны ажилд хэрэглэх мөнгө төгрөг ч байхгүй уймарсан хэдийг хараад “хар нүднээс хөмсөг гадуур” гэж хаяж сэтгэл төвдсөнгүй хянагчаасаа  гуйж хэд гурван цаас амлаж зөвшөөрүүлээд өдөр нь нормынхоо ажлыг хийгээд шөнөжин хаягдал хөнгөн цагаан, зэс ухаж тушааж хэдэн цаас өгөв. Тэр цагаас хойш Цогтбаатар тэд нарт байнга тусалж өдөр нь нормын ажлаа хийгээд шөнө нь унталгүй арай том арван нэгтэй хүүг нь дагуулан /тэр жаахан хүүгийн туслах ч гэж юу л байсан аж дээ./ хаягдал түүж тэр хэдийг тэжээж тэтгэх болов. Тэгж яваад тэр хоёр нэг шөнө дарагдсан өрөөнд байсан бага ч биш хэмжээний агуулах олсон байна. Цэргийн болон ажлын гутал хувцас, хөнжил дэвсгэр, сум, сэлбэг материал гээд цэргийн ангийн хэрэгцээний нэлээд зүйл байсан аж. Хоёр машиндүүрэн ачаа барааг бүгдийг нь хорих ангидаа комисс гаргаж хүлээлгэн өгч түүний буянаар олон эрчүүд дулаан хөнжил дэвсгэр, гутал хувцастай болж анги нь ч овоо баяжиж байжээ. Юм олж хүлээлгэж өгсөн гэж түүнийг таван ажлын өдрөөр шагнасан гэнэ лээ.

1998 онд түүнийг Улаанбаатар луу татаж Зайсангийн хорихын эмнэлэгийн сувилагч болгов. Тэр үед нийгэм даяраа ядуурал газар авчихсан хүнд үе байсан тул хоригдлуудын дунд тураал ихтэй үүнээс улбаалаад сүрьеэ их байлаа.  Хамгийн хэцүү үе нь тэр үе байж нэгэнт дор орсон нь хичнээн ч сувилж асарч тойлоод түүний гар дээр нэг хэсэг өдөрт л хоёр гурваараа амь тавьж байж. Дандаа сайхан залуу хүмүүс эрчүүд гэж бодохоос харамсмаар гэж дуу алдаж суусан. Нас барсан хүмүүсийн ар гэрт нь мэдэгдэж буяны ажлыг нь номоор нь хийхийг хичээнэ. Ар гэр нь ядруу хол хөдөө гадаанаас хүмүүс нь ирж чадахгүй ирсэн ч шарилаа авч хөдөөлүүлж чадахгүй нь таарвал сүүлийн замд нь үдэх үүрэг бас түүнийх байсан байна. Засаг төр мөнгөжөөд одоо яадаг болсон юм бүү мэд. Тэр үед бол ар гэр нь боломжгүй хөдөөлүүлэх зардлынх нь талыг нь гаргаж чадахгүй бол талийгаачид хайрцаг хийж өгдөггүй байж. Кинон дээр гардаг дайны үеийнх шиг л даавуунд ороож оршуулдаг байж. Тэгээд ороох даавуу гуйхаар эмнэлэгт хэрэглэж байсан хуучин цагаан хэрэглэл өгдөг байсан гэж байгаа. Тэрээр “хэдий алдаж оносон ч гэсэн муу ч гэсэн эр хүн юм байна эцсийн замд нь арай ч хүний сайн муутай холилдсон хуучин даавуу болохгүй” гэж бодоод өөрөө аргалаж хүн амьтанд даавуу захиж авчруулдаг байсан гэж байгаа. Хар дарсан зүүд шиг энэ хүнд өдрүүд нь түүнийг одоо ч зовоосоор байдаг биз ээ.

Тоотой хоног дуусаж 1999 онд тэр наранд гарлаа. Хэдий тэр өөрөө буруугүй боловч бусдын төлөө дөрвөн жил найман сар суусан байлаа. Хуулийнхны хэлээр давтан хэрэгтэй гээд магадлан гээчээр нь орсонгүй ажлын хоногоор л хугацаагаа нааш нь татаж 6 сар гаруйг хасжээ. Гарч ирээд аав ээжтэйгээ уулзаж сэтгэлийг нь амраагаад “Нарс”-анд байх хугацаанд нь хөндийрсэн тул авгай хүүхэд гэж гэртээ харьсангүй. Харин хотруу шилжүүлсэн хойгуур нь яаж шуухан амьдарч байгаа бол үргэлж санааг нь зовоож байсан нөгөө дөрөв рүү Багануур хүрч очив. Очтол нөгөө хэд нь бахь байдгаараа бүр ч царай алдчихсан байна гэнэ. Тэр цагаас энэ гурван хүүхдийг асарч тэжээхийг өөрийнхөө үүрэг болгон авсан гэдэг. Ингэээд зүтгэж гарч дээ. Юу л хийж болох бүхнийг хийсэн гэж байгаа. Анх эхлээд гарч ирээд юу юу ч үгүй тул хүмүүсийн хуучин гутал уллаж засахаас эхлээд, шил авч тушаах, вокзалаас сүү авч зарах, дараахан нь оёдлын үйлдвэрүүдийн хаягдал материалаар хүүхдийн өмд, дэр гудас хөнжил оёх гээд юу эсийг хийсэн гэхэв. Энэ бүхэнд нөгөө гурван хүүхдээ дагуулан ажилд сургаж хэлж зааж явж, нөгөө хэд нь ч үгнээс нь гаралгүй заасан бүхнийг нь сурч авсан байна.  2001 онд ээж нь бурхан болсон ч нөгөө гурав түүнтэй үлдэж одоо түүнийг аав гэх болсон байна. Одоо ч хүүхдүүд нь нэг үеэ бодвол овоо том болж дээ. Цогтбаатар “Богда холдинг” ХХК-д ажиллаж зун нь тэр хэдтэйгээ барилга дээр цахилгааны монтаж, шавар заслын ажил хийнэ. Өвөл бол айлуудын байр сууц засаж өгч ер нь хийж болох бүхнийг л хийдэг гэж байгаа.  Өөрийн гэсэн орон гэртэй болж чадаагүй байсан тул хотын төвд нэг дүүгийнхээ ажиллуулдаг PC тоглоомын газар шөнө нь манаа хийнгээ хоног төөрүүлдэг аж. Нэг өдөр гаднаас нэг жаахан хүү ороод ирж гэнэ. Харваас тэнэмэл бололтой  өлсөж ядарсан, их даарсан өвчтэй хүү байж. Өрөвдөөд хоол унд өгч угааж цэвэрлэж эмнэлэгт үзүүлж эмчилж авч. Тэгээд аав ээж төрөл садныг нь сураглаж хайж үзвэл аав ээж нь гайгүй залуухан хүмүүс боловч салж сарнисан хамаатан садан нь ядруу “наад хүүхдийг чинь бид авч тэжээж чадахгүй та хүн хийж ав” гэж. Ингээд бас нэг хүүтэй болоод байтал тэр хүүтэй хамт асрамжын газар байсан найзууд нь гээд бас хоёр хүү салахаа больжээ. Бүл нэмж олуулаа болсноос хойш хоёр гурван жил болж байгаа юм гэсэн. Тэгээд хүүхэд л юм болсон хойно нөгөө хэд нь сурсан зангаар заримдаа тэнэх гээд гараад алга болно. Тэр –“Би хүүхдүүдээ нэг ч удаа гадуур хонуулж үзээгүй. Шөнөжин хайгаад олоод авдаг. Улаанбаатарт 370 траншены нүх байдаг. Бүгдэнгээр нь үзээд бас хүүхдүүд цугласан PC тоглоомын газруудаар явж байгаад олоод авдаг. Хүүхэд нэг л шөнө гадуур хоновол цаашаа явах гээд байдаг” гэж ярьж байлаа. Өөрөө архи тамхи хэрэглэхгүй, хүүхдүүд нь ч янз бүрийн газраас ирсэн гэхэд тамхи татахгүй, зааж зааварлаад үглэж байсан ч ааваа гээд үгнээс нь гарахгүй хүмүүжил сайтай юм. “Би эдэндээ бүгдэд нь цахилгаан, оёдол, засал чимэглэл, тогооч гээд таван төрлийн мэргэжил заасан. Одоо хэн нь ч өөрийгөө аваад явахаар чадалтай болсон гэж бахархан ярьж байна.


2009 онд тэднийх сонин ихтэй байгаа аж. Багануураас ирсэн гуравынх нь бага хүү охин хоёр нь тусдаа гарцгааж хань бүл үр хүүхэдтэй болж өвөө болгож баярлуулав. Ажлаас нь Нисэхэд нэг жижиг байшин өгсөнд нь тэднийгээ тусад нь гаргасан байна. Бас болоогүй байгууллагаасаа зээл авч хүүгийнхээ хуримыг хийж чадсандаа бөөн баяр байна лээ. Энэ ондоо өөрсдөө нэг толгой хоргодох гэртэй болчихвол ч амьд хүн аргатай болно биз гэж сууна.

Өөрийгөө хэзээ ч боддоггүй ядруухан ч гэсэн үргэлж бусдын төлөө гэсэн ийм л нэг “Сонин хүн” байна. Нэгэн ухаантан “Хүмүүст байдаг хамгийн том дутагдал нь тэдэнд жижиг дутагдалууд хэт их байдагт оршино” /Жан Поль/ гэсэн гэдэг. Харин мань хүн ганцхан том дутагдалтай тэр нь өөрийгөө золин байж бусдыг хэт их хайрладаг юм шиг санагдсан.  Гэтэл бидний цаг үргэлж өөрчилж байгаа ертөнц яагаад түүнийг өөрчилөөөгүй юм бол. Эсвэл бид өөрсдөө өөрчлөгдөхийг хүсээд дараа нь түүнийгээ хувь тавилан гэж чихдэг юм болов уу. Би түүний тухай мундаг том том дүгнэлт хийгээд нэмж элдвийг нуршаад яахав уншигч авгай мэргэн оюундаа тольдон буй биз ээ.

Бичсэн: Батбаяр | цаг: 19:29 | Ёстой хүний тууж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Yamar goy iim buyantai saihan setgeltei Jinhene Mongol er hun hovordson ene uyed yosyoi onovchitoi bichileg hiisen bna . Tereza eh havitsaa hun bna daa =)
Unshaad setgel neg l hunguruud saihan bolchiholoo bayarlalaa.
Ene hunii yusun tsagaan husel n biyeleh boltugai
Бичсэн: Зочин цаг: 00:02, 2010-07-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax