2010-03-22
"Хайрын рекорд"-ыг хэн тогтоов?

          Би өнөөдрөөс эхлэн манай кино урлагт  /нээрээ манайхан сүүлийн үед Молливуд гээд байгаа биз дээ/ гарч байгаа шинэ кино, шинэ өнгө төрх, шинэ үзэгдлүүдийг уншигчиддаа хүргэж байх болно. Энэ удаа бид “ТV коктейль” хамтлагийн жүжигчин, МҮТВ-ийн кино албаны дарга Д.Энхбаяр кино зохиолыг нь бичиж “GO” студийн бүтээсэн романтик хайр дурлалын сэдэвтэй ”Хайрын рекорд” киног танилцуулья. Юуны өмнө “Лемонс” хамтлагийн Одноогийн үдэш хотын гудамжаар:

“Яаж байсан ч би чам дээр очноо

Хонгор минь  эмзэг зүрх минь

Хайраар дүүрчээ өө өө өө өө /үг, ая Г.Ганг/

хэмээн дуулан давхиах шинэ клип дажгүй санагдаж энэ киног үзэх сэтгэгдэл төрүүлснийг хэлэх хэрэгтэй байх. Бас нээлтэн дээр нь хурим болсон гэхээр нь тэд юу хийсэн юм болоо гээд хорхой гозгоносон шүү.

Аятайхан байгууллагад гайгүй ажилтай Баттүвшин өөрийн найз “лайтай” хүүхэмсэг Баска, бүрэг даруухан Эба нарын хамт үдшийг өнгөрөөж байгаад буруу гарын Дон Чүлтэмсүрэнгийн эхнэртэй орооцолдсон Баскагийн балгаар Доны хоёр туслах Тайрдас Мөчирт нь баригдах шахаж зугтаана. Энэ үеэр санамсаргүй тааралдсан Гэрэл бүсгүй маргааш нь тэдний байгууллагад ажиллахаар ирснээр дурлалын романс эхэлж Баттүвшин хайр зарлана. Гэвч бүрэг ичимхий Эба ахдаа туслаж хайртай бүсгүйд нь захиаг нь зөөж өгч байгаад гайгүй нааштай байсан Гэрэлд бас л буруу ойлголт төрүүлнэ. Яаж түүнд ойлгуулах вэ? Санамсаргүй тохиолдлоор Гэрэлийн эгчтэй тааралдаж эмнэлэгт хүргэж өгснөөр байдал бүр дордож “бүтэл муутай шалиг амьтан” болж хувирна. Ядаж байхад Гэрэл захирлынх нь охин байж таарав. Яах вэ? Ингэхэд Баттүвшин ер нь хэн юм бэ. Үйл явдал цааш өрнөсөөр ээдрээ тайлагдаж өөр хэн ч биш “өөдөөс нь хараад зогсож байгаа бүсгүйд л хайртай залуу” болохоо ойлгуулж чадна. Энэ хооронд олон хөгжилтэй үйл явдлаар дүүрэн байна.


“Хайрын рекорд” киноны гол дүрд Ардын жvжигчин Г.Мягмарнаран, гавьяат жvжигчин Ц.Цэнд-Аюуш, Соёлын тэргvvний ажилтан Ж.Оюундарь, Б.Баатархvv, Б.Болдбаатар, Г.Эрхэмбаяр, Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Т.Хулан, “Найзууд” театрын жүжигчин, “A Capella” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр болон залуу уран бүтээлчид тогложээ.

“GO” студ анхныхаа энэ бүтээлээрээ цахиур хагалж манай кино урлагт шинэлэг өнгө төрх, амьсгаа оруулж өөрийн рекордыг тогтоож чадлаа. Юугаараа давуу байж чадав. Хамгийн гол зүйл нь найруулагч Д.Галбаяр агуулгаа цогцоор нь “киноны хэлээр” илэрхийлж чадсан байна. Үзэгдэлүүд нь өөр өөрийн үүрэгтэй холбоостой дараа дараагийн үзэгдэлүүдээрээ нэмж тодруулж өрнөсөөр нэгдмэл цогц болж дуу болон зургийн техникээрээ түүнийгээ чимж өгсөн харагдаж байлаа. Кинонд оролцсон жүжигчид зохиолоо сайн мэдэрч хэтрүүлж, дутаалгүй үнэмшилтэй жигд сайн жүжиглэсэн нь дүрийн сонголтоо зөв хийж сайн баг бүрдүүлсэнтэй нь холбоотой санагдсан. Ганц жүжигчид ч биш энэ киноны зураач, зураглаач, дууны найруулагч, хөгжмийн зохиолч гээд бүх л баг  өөр өөрийн үүргээ мэдэрч зохиолоо “киноны хэл”-ээр яриулж үзэгчидийн сэтгэлд хүргэж чадлаа. Сүүлийн үеийн зарим кино нөгөө л тайзны хошин шогийн тавилтай, холбоосгүй, гүйцэтгэл гэж авах юмгүй бүр шүүмжлэх ч шаардлаггүй байдгийг бодвол “Хайрын рекорд” манайд кино хөгжиж байна гэсэн итгэлийг төрүүлж өглөө.

Шүүмжлэх юм байвч хөлд орж тэнцэж ядаж байгаа хүүхдийг бүдэрлээ гэж зэмлэдэггүйтэй адил санаж бүгдэд нийтлэг байгаа ганц хоёр зүйлийг өгүүлье. Нэг хэсэг зах зээлд ороод манайхан кино хийх гэж нэг л их уйлсан, үхсэн, өвдсөн хар юм хийдэг байсныг бодвол сэдэв нь арай дээрдэж цайрч байна. Гэхдээ тэдэнд нь санаа өгүүлэмж /tagline/ алга. Социалист реалист урлагаар хүнийг хүмүүжүүлнэ гэдэг шиг юм ярих гээгүй. Зүгээр л, үзээд гарч байгаа хүнд үйл явдлаас тунаж үлдэх нэг юм байх ёстой ёо доо аан. Хүн кино, жүжиг үзээд гарах нь цирк, шоу үзүүлбэр үзээд гарахаас ялгаатай л баймаар санагдах юм.

Өөр нэг юм нь уран сайхны кино гэж байж уран юм нь алга зүгээр л кино. Бараг л баримттат кино шиг болох шахах юм. Хүргэн хүү” кинонд Должин хөвөнтэй хүрэмтэй, сахал нь ургасан гар хуруу нь хагарсан Дэмбэрэлтэйгээ чулууны үйлдвэр дээр уулзах гэж ирдэг дээ.  Тэгээд “Иш чи минь” гэж хэлээд л уйлдаг. Хатуу аав ээжийн аяар холдоод санаж ирсэн хар багын сэтгэлтэй хүнээ ядарч явааг хараад хайртай л юм бол уйлахгүй яах юм бэ?. Үзэгчид биеэ хураагаад дэнслээд цаашдынх үйл явдлыг хүлээж эхэлдэг. Иймэрхүү жижиг ч гэсэн уран шигтгээнүүд нь гол баатрын чинь албан намтрыг зөөллөж үзэгчидтэй ойртуулж өгдөг тул найруулагчын ур чадварын илэрхийлэл байдаг. Манай киночдыг ганц гацаагаад байгаа зүйл болох кино зохиолд ч бас хамаарна. “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал Хөнгөн бийрийг хөших хэрэг юун” гэдэг дээ.  Гэхдээ энэ нь бүх л кинонд ажиглагдаж байгаа зүйл болохоос тухайлан “Хайрын рекорд”-од хаягласангүй.


Аан тэр “The Invention of Lying” киноны постерийг хуулчихсан ч яахав жижиг асуудал. Ямар санааг нь туучихсан биш. Гэхдээ уул нь Молливудынхан тоодоггүй болохоос Холливудынхан постертоо их ач холбогдол өгдөг. Постер нь агуулгаа илэрхийлж үзэгчдийг татах товч тодорхой бөгөөд сонирхол татахуйц хамгийн сайн сурталчилгаа болж өгдөг учир их анхаарал тавьдаг.  Бүр бие даасан урлагын бүтээл гэж үзэж дэлхийн шилдэг 100, бүх цаг үеийн гэх мэтээр шалгаруулдаг.

Ямарч байсан жимээ олж байна, урагшилж байна, кино урлаг маань. Иймд л гэгээн бодлууд  тээсээр

“Яаж байсан ч би чам дээр очноо

Хонгор минь эмзэг зүрх минь

Хайраар дүүрчээ  өө өө өө өө өө өө өө хэмээн аялсаар харьж явлаа.

 

 

“Хайрын рекорд” киноны дуу

 

Чамд өгөх гэж зүрхээ өвөртлөд гарлаа

Шөнийн ц аг  эрт байлаа

Замын голд дунд бөглөөн дунд баахан зогслоо.

Чамд хэлэх үгээ бодлоо.

Зүрхийг  минь  чи авахгүй бол би яана

Эмзэг  минь  дийлдэг  болов уу тэр цохилтыг

Чамд дээр очих зуур гурван өдөр би бодлоо

Нөгөө л замын голоор бодол минь

Нирваан дүрд орчих шахлаа

Зүрхээ өнгийж  харлаа

Яаж байсан ч би чам дээр очноо

Хонгор минь эмзэг зүрх минь

Хайраар дүүрчээ  өө өө өө өөөө өө өө өө өө

Гэрийн чинь үүдэнд би одоо зогсоно

Эмзэгхэн дурлалт зүрх минь

Үүдийг  чинь тогшлоо

Чамтай хөтлөлцөн  замын голд баахан зогслоо.

Хотын чимээ нойрсоно

Дэргэд минь ганцаардсан гэрлэн дохио

Хайрын шивнээг сонсоно

Энэ үнэн би чамайг оллоо

Эмзэгхэн дурлалт зүрх минь

Хайраар дүүрчээ

 Гэрийн чинь үүдэнд би одоо зогсоно

Эмзэгхэн дурлалт зүрх минь

Үүдийг  чинь тогшлоо.

Бичсэн: Батбаяр | цаг: 19:56 | Шүүмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


http://bayasaa.com/?p=108&cpage=1 Монголчууд өөрийн гэсэн толгойгүй болчихсон юм уу даа...
Бичсэн: Зочин цаг: 12:23, 2010-03-23 | Холбоос | |


nice гоё шүү гоё блог нээгджээ. баярлах
Бичсэн: xvv цаг: 21:01, 2010-03-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax