2010-03-24
Хотын хайрын дууль буюу "Би чамд хайртай-2"

 

Оросын үзэгчид 2007 оны 12-р сарын 21-нд гарах нэгэн киног тэсэн ядан хүлээж байлаа. Энэ нь шинэ жил болгоноор гардаг ч уйдамгүй “Хачин тохиол ба хөнгөмсөг хос” киноны хоёрдугаар анги байв. Харин аль 2005 оноос л сураг нь гарсан хайртай киноных нь /зохиолыг залуу уран бүтээлч Алексей Слаповский бичиж, Тимура Бекмамбетов  найруулсан/ үргэлжлэл үзэгчдэд үнэхээр таалагдсангүй. Энэ нь өмнөх ангийнх нь хүний сэтгэлийн чанад дахь эмзэг нарийн өнгө аясыг харуулсан гайхалтай найруулга давтагдашгүй гэдгийг л харуулснаас цаашгүй юм болов. Мэдээж яаж домогт Рязановын энд хүрэхэв. Ядаж л бөөн рекламны цуглуулга гэсэн шүүмжлэлээр булуулав. Харин урлаг талаасаа олигтой юм болоогүй ч ашиг бол гайгүй. Таван сая доллар  зараад бараг тавин саяыг олсон сураг дуулдсан. Дээрх киног гарах үед Оросод явж байсан манай нэг сэргэлэн бизнесмэн эр дээрх киног үзээд, хуучны алдартай киноны үргэлжлэл хийж ашиг олж болохыг харсан байна. Түүнийгээ ч ажил хэрэг болгож "Би чамд хайртай-2" киног Монголын үзэгчиддээ өргөн бариваа.

И.Нямгаваагийн зохиол, Б.Балжиннямын найруулгаар 1985 онд Монгол кино” нэгтгэлд бүтээсэн "Би чамд хайртай" кино “хотын хайрын” тухай урлагийн хэлээр гайхалтай бүтээгдсэн анхны кино учраас хүн бүгдийн сэтгэлд хүрсэн бүтээл билээ. Хайртай баатруудынх нь хувь тавилан хаашаа эргэснийг таамаглах үзэгчдийн сэтгэлд хүрсэн үргэлжлэл хийнэ гэдэг амаргүй болохыг дээрх орос киноны төсөл харуулсан. Харин "HERO энтертайнмент", "Монгол кино нэгдэл", "В продакшн"-тай хамтарч Үрлээ, Дэлгэр, Баяраа гурвын “хайрын гурвалжин” хорин таван жилийн дараа хэрхэн эргэж тэд ямархуу амьдрал туулсныг харуулахаар зориглож "Би чамд хайртай-2" киног бүтээжээ.


Юуны өмнө 2009 оны есдүгээр сарын есөнд гурван ес давхацсан билэгт сайн өдөр монгол орон даяар сүр дуулиантай нээлтээ хийсэн киноны продюсер "Номадс"-ын сүлжээ рестораны эзэн М.Есөнмөнх үнэхээр гайхалтай ажиллаж манай кино бизнесийг нэг шинэ шат ахиулж чадсаныг тэмдэглэх хэрэгтэй. Сурталчилгаанаасаа эхлээд л мэргэжлийн ажиллаж, дээр нь манайд хөгжөөгүй кино дагасан бизнесийн суурийг тавив. Харамсалтай нь бүр хэтрээд киноны туршид өөрийн хоолны газраа хахтал сурталчлав. "Би чамд хайртай-2" кино дээрх санаагаа авсан орос киноны олон дутагдлыг өвлөсний нэг нь рекламны цуглуулга болсон байв. Ивээн тэтгэгч байгууллагууд болох "Pepsi", "Unitel" корпорацийнхан өөрсдийгөө "Номадс"-аас дутахгүй рекламдаж, жүжигчид нь юм л бол чанга чангаар Unitel, Pepsi-ийн рекламыг уншиж байлаа. Продюсер хэтэртэл ажилласан нь найруулагчийн буруу л даа. Киног урлагийн бүтээл биш ивээн тэтгэгч компаниудын  сурталчилгаа гэж андуурдаг зовлон арилаагүй цагт сайн кино төрөх тухай саналтгүй. Сайн кино хийж үзэгчдийг татаж мөнгө босгодог байтал манайхан киноны дундуур бараа рекламдаж кино ч биш реклам ч биш аль ч үгүй юм хийх юм.

Дэлгэр Хөвсгөлдөө амьдарсаар бурхны оронд одож. Түүний хүү Мэндээ бодвол сургуульд сурахаар хотод орж ирэх бөгөөд оюутны байранд орох төлөвлөгөө нь нурсанаас найзынхаа ахынх нь хашаанд түр толгой хоргоддог. Хотод ирээд хамаг юмаа алдсан түүнд аавынх нь үлдээсэн модон хайрцаг, хийл хөгжим л үлдсэн байлаа. Найз нь хайрцгийг шалж байж онгойлгоход Дэлгэрийн хайрын захидлууд байх агаад Мэндээгийн ээжид биш Үрлээ гэх эмэгтэйд зориулж бичсэн байдаг. Захидалд Үрлээгийн гэрийн хаяг байх бөгөөд Мэндээгийн найзад захидлуудыг Үрлээд хүргэж өгөөд хоолоор дайлуулах "мэргэн санаа" төрнө. Үрлээ энэ үед арван жилийнхээ 25 жилийн уулзалтад явсан байдаг ба мэдээж тэнд Баяраатай таарна. Тэрээр хань ижил, үр хүүхэдгүйгээр барахгүй ядуу хоосон, архичин болжээ. Түүний аав Самбуу үхэхээсээ өмнө ачийн бараа харуулсангүй гэж гомдоллоход Баяраа Үрлээг дурсана. Харин аав нь "Хэдэн жилийн дараа машин ч болж магадгүй" хэмээн гайхуулж байсан бурхнаа архичин хүүдээ өгч заруулж, хүн шиг хувцаслаад ангийнхныхаа уулзалтанд очиж, Үрлээтэй уулзаж охиноо авчрахыг шаардана. Баяраа Үрлээгээс охинтойгоо уулзахыг хүсэхэд тэр татгалзав. Нөгөө захиа хүргэж гэдэс гарах гэж яваа хоёр хайсаар Мэндээ Үрлээгийн гэрийн хаалгыг тогшиход Золбоо охин нүдээ боон гарч ирээд баахан жүжиглээд боолтоо тайлтал мэл гайхсан, танихгүй залуу зогсож байхыг хараад балмагдсан охин тэднийг хөөж явуулна. Хоол хайсан бүтэлгүй хоёр охинд уурлаж найз нь “ээж нь аавыг чинь зовоосон юм чинь чи охиныг нь өөртөө татчихаад хая” гэсэн утгагүй зөвлөгөөг Мэндээд өгнө. Харин тэр анхныхаа харцаар дурласан юмдаг уу даа. Ингээд Золбоогийн гар утасны дугаарыг Мэндээд найз нь олж өгсөнөөр тэр Золбоог элдэв мессежээр бөмбөгдөв. Бас үнэмшилгүй тохиолдлоор Туяахүүгийн хаясан утсыг Мэндээгийн найз олж, түүнийгээ ашиглан Золбоогийн төрсөн өдрийг мэдэж авна. Найз нь Золбоогийн найз залуу Хангайг төрсөн өдөрт нь очуулахгүй замд нь саатуулж байх үед мань Мэндээ урилгагүйгээр очиж гэнэт хайраа илчилж дуулаад унав. Энэ үеэр Золбоогийн сүй тавих гэж байсан, юм л бол хүн зодох гэж дайрдаг Хангай ирж бөөн юм болов. Самбуу гуай хорт хавдраараа түрий барьж Золбоод ээжийнх нь нууж байсан аавтай бас өвөөтэй болохыг илчилнэ. Харин Золбоо эцгийгээ хүлээж авахгүй гэдгээ хэлж, сэтгэл нь үймэрч Мэндээтэй анх удаа хоёулхнаа уулзана. Уулзалтад Мэндээ үнэтэй хар машин хөлөглөн ирж түүнийг зугаацуулж байтал Хангай Мэндээгийн найзыг дарамталж, Мэндээ Золбоод хайргүй, ээжийнхээ өшөөг Үрлээгээс авахын тулд Золбоогийн толгойг эргүүлж байгаа гэж хэлүүлнэ. Ингээд тэр хоёрын хайр бүтэлгүйтэж Золбоо байшингуудын дундуур Дэлгэртэй бараг адил гүйж, Мэндээ Хөвсгөл рүүгээ буцна. Аавынхаа сүүлийн бурхныг зараад томоожиж ухаан суугаа юу гэлтэй харагдах Баяраа /ямар тохиолдлоор танилцсан юм бүү мэд/ Мэндээг гаргаж өгөхдөө сүүлийн нэг арга бий шүү гэж хэлнэ. Удалгүй охин нь өөртэй нь уулзахыг зөвшөөрсөн гэж Үрлээ Баяраад хэлдэг. Мэндээ бодвол Баяраа л хэлсэн болов уу шинэ жилээр аавынхаа адил өвлийн өвгөний дүрд хувилж Үрлээгийнд ирж бэлэг тараачихаад гарахад Үрлээ охиноо хойноос нь гарах зөвшөөрөл өгч толгой дохиход тэрээр гүйн гараад Мэндээг уучилна. Энэ үед Баяраа шинэхэн машиныхаа дэргэд дэгжин хувцастай зогсоод тэднийг бахдан харна. Ингээд кино төгсөнө. Магадгүй цаашид тэд хамт амьдрах биз ээ.

Би чамд хайртай киноны өмнөх ангиас өвлөгдсөн Жигмэд багшийн дүрд Ардын жүжигчин Б.Дамчаа агсан, Баяраагийн аав Самбууд гавьяат жүжигчин З.Жарантав, Үрлээгийн дүрд жүжигчин С.Пүрэвмаа, Баяраагийн дүрд жүжигчин Н.Бадрал, ангийн дарга Туяахүүгийн дүрд хөгжимчин, жүжигчин Н.Гантулга  нар тоглосон бол шинэ ангийн дүр Золбоод Ч.Ундрал, Хангайд Г.Эрдэнэбилэг, Мэндээд "В продакшн"-ы захирал, дуучин Д.Болд нар тоглосон байна. Жүжигчид бүгд л зохиолын шугамын дагуу сайн жүжиглэж. Киноны хөгжмийн зохиолчоор ажилласан ганц мэргэжлийн бус жүжигчин Д.Болд аль аль аль үүргээ муугүй биелүүлснийг хэлэх хэрэгтэй. Бас туслах дүрүүд бүгд мэргэжлийн жүжигчдийнхээ хувиар сайн тоглож киног их л дээш татсан байна.

Зохиолыг бичсэн Б.Батрэгзэдмаа хэн хүн зориглон орохгүй байгаа тайз дэлгэцийн бүтээлийн зохиол туурвиж яваа ганц эмэгтэй зохиолч. Кино зохиол бичнэ гэдэг амаргүй. Кино бол синтез /нэгдмэл/ урлаг юм. Эндээс чадалгүй хүн өөрийнхөө өчүүхнийг таньж, чадсан нь хүч чадлаа мэдэрдэг. Энэ киноны зохиолын хувьд гэвэл аль 1980-аад оноос зүрх сэтгэлдээ киноны төгсөөгүй төгсгөлийг өөр өөрийнхөөрөө ургуулан бодож ирсэн үзэгчдэд зориулж бичнэ гэдэг бэрх гэдгийг ойлгож байна. Гэхдээ л зохиолч маань өмнөх ангиас өвлөгдсөн үйл явдлын болоод дүрүүдийн зан чанарын шугамыг сайн мэдэрсэнгүй юу даа. Зохиолд шигтгээ болсон хөөрхөн хэсгүүд олон бий ч ойлгомжгүй дутуу дулимаг болсон хэсгүүд бас олон байна. Өмнөх анги дээр Баяраагийн аав Самбуу биднийг зах зээл гэдгийг дуулаа ч үгүй байхад юмны үнэ цэнийг мэдэрсэн “капиталист” хүн байдаг. Гэтэл энэ анги дээр бүр модоо барьсан өвгөн гараад ирэх юм. Бодвол хайртай охиноо хуурч хаясан муу хүн болохоор архичин болгож дүрсэлсэн хүү нь хамаг юмыг нь балласан байх гэж бодьё. Уул нь Баяраа өмнөх анги дээрээ сэтгэлгүй ч бусдыгаа бодвол хэрсүү гэмээр үг яриатай нөхөр байсныг бодолцсонгүй. Зах зээлийн буянд аавынхаа цуглуулгыг дөрөөлж, хөрөнгөтэй болсон ч хүйтэн сэтгэлдээ хөтлөгдөн үр хүүхэд хань ижилгүй яваагаа ухаарч байгаагаар дүрсэлсэн бол дээр гэж санагдана. Энэ ч яахав миний л бодол. Гэтэл энд мань хүн гэмээ ухаарч засарч байгаа нь сайн харагдахгүй аавынхаа үлдсэн ганц бурхныг зараад өнгө орчих юм. Мэндээ ганц хараад дурласан охиндоо хоёр уулзаад хайраа илчлээд нөгөө анх удаа хотод ирсэн хөдөөний нөхөр чинь төрсөн өдөр дээр нь поп одын хэмжээнд дуулаад унах юм. Хөдөөнөөс найдаж ирсэн найз нь Мэндээгийн хайрыг баллаж мурьчихаад яваад өгөх юм. Бас дээр өгүүлснээр Туяахүүгийн хаясан утсыг Мэндээгийн найз таарч олоод ч байх шиг. Тэр нэг Хангай гэж хангай шиг сайхан нөхөр харсан болгоноо зодоод байх бололтой юм аа гэтэл сүүлдээ түүнээс гарамгүй уяхан үг урсгаж уйлаад унав. Иймэрхүү ойлгомжгүй хэсэг их байнаа. Ядаж байхад Золбоогийн төрсөн өдрийг зун хийгээд байх юм. Дэлгэр шинэ жилээр өвлийн өвгөн болж Үрлээд бэлэг өгөөд гарахад их томдоо л нэг сараас илүүгүй манцуйтай хүүхэд тэвэрсэн байдаг биз дээ.

Зохиолын энэ бүх алдааг найруулагч засаж чадсангүй. Бас найруулгын олон жижиг алдаа байгааг энд нурших юун. "HERO энтертайнмент"-ийн анхны кино болохоор дараа дараагийнх нь бүтээл чамбай болно биз ээ. Яг санаа авсан орос кино шигээ сайн бүтээлийн өв дээр муу ажилласан, сайн жүжигчдийн тоглолтыг муу найруулсан бүтээл болжээ.

Бичсэн: Батбаяр | цаг: 09:32 | Шүүмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


unen bichjee mash ih huleej bj net-d tavigdahiig ni huleej huleej uzeed uram hugarsan shu eshul hun bur goy goy gd bhar ch tegsen u gehde bur mergejlin tuvshinguus harj bichsen bichlegiig unshaad sanal niilleee алга ташилт
Бичсэн: Victoria цаг: 06:18, 2010-04-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax