2010-04-03
"Адам" бол кино

 

Нэг чармай шалдан нөхөр гүйж байна.  Эзгүй талаар элсэн говиор бүр өвлийн хүйтэнд цасан дунд гүйх аж. Юугаа хайгаад байгаа юм бол эсвэл төөрчихсөн юм болов уу. Энэ хотжил, сууршил, нийгэмшил, шахцалдаан дуу шуугиан дунд сэтгэлээ, хүн гэх мэдрэмжээ алдчихсан нэгэн түүнийгээ хайж гүйгүүл морь шиг гүйнэ.  

Үзэгчдийн сэтгэлд хүрсэн "Диваажингаас амьдралд хүрэх зам", "Мөрөөдлийн хөлөг онгоц" зэрэг хэд хэдэн уран сайхны киноны найруулагч Ж.Сэнгэдоржийн тав дахь уран бүтээл өөрөө зохиолыг нь бичиж найруулсан "Адам" киног үзээд бид чинь хотжилтийн өр төлөөсөнд бага багаар  сэтгэлээ, хүн гэх мэдрэмжээ алдаж машин робот шиг болж байгаагаа улам илүү мэдрэх шиг боллоо. Нийслэлд хэд хэдэн кино театруудад гарч буй түүний энэ бүтээл манай киноныхны  сонирхолыг татсан гэдэгт итгэлтэй байна.

Манай хотод хаа сайгүй хог дээр хэвтэж байдаг архичин залуу товчоон дээр нутаг буцах унаа хүлээн суугаа хөдөөний хүүхэн дээр очиж хажууд нь өвдөглөн суугаад:

-Та морь авахгүй биз? гэхэд

-Үгүй ээ. Таньд тэмээ байгаам уу? гэж хариу асууна.

Оройхон мань эр нилээн халамцуу алхаж явтал хөдөөний хүүхэн өдөр сууж байсан газраа нөгөө янзаараа л сууж байна. Залуу түүн дээр очиж хажууд нь цүнхийг нь налан тухлан сууж:

- Та яваагүй л байгаам уу?

- Эд чинь хүнээ дүүрэхээс нааш хөдөлдөггүй улсаа.

- Би ер нь танд тэмээ зурж өгөх үү гэж саймшираад үнгэгдэж нугарсан цаас халааснаасаа гаргаж ирээд эв хавгүйхэн тэмээ зурж эхэлдэг. Хог дээр гарахаасаа өмнө зургаар хоолоо олдог байсан болов уу гэмээр залуу маань  "бүтээлээ" туурвих хоорондоо гашуун ундаагаа өврөөсөө гарган хөнтөрөхөө ч бас үл мартана. Мэдээж удалгүй мань залуугийн нүд бүрэлзэн зүүд зэрэглээ мэт дайвалзан "тасарсан" байдаг. Нэг сэрсэн чинь хаа байсан говьд нөгөө хүүхнийд байж байна. Хүүхэн яах гэж тэр холоос архичин гарыг авчирваа. Гайхан юу болсныг санаж ядан ганц хоёр хонож хүүхэн түүнд аавынхаа дээлийг гаргаж өгнө. Сурч дасаагүй газар тэгээд ч айлд юу хийх билээ буцахаар болно. Тэгээд цамнаж байгаад нэг тэмээ унаад сумын төв гарна. Замдаа мань эр давсаг нь чинээд тэмээгээ хэвтүүлж чадалгүй үсрэн буугаад морь харах хооронд нь сул тэмээ нь зулраад алга болов. Ямар мотоцикл биш мэдээж л дээ. Алхаж алхаж говийн халуунд цохиулж элсэн дээр тэрийн унаад дэмийрч эхэлнэ. Сул ирсэн тэмээгээ хараад явгарсаныг ойлгосон хүүхэн араас нь явж олж ирээд асарч сувилж хөл дээр нь босгоно. Тэгсээр дасаж өөриймсөж гол нь байгалийн сайханд өөрийг нь гэх нэгний дэргэд хэн гэдгээ юу хийж яваагаа ухаарч өөрийгөө “олж” байгаа тухай өгүүлнэ.

“Адам” бол сүүлийн үед гардаг “кино реклам” юм уу хошин шогийн бичлэгүүдийн дэргэд шалан дээр унасан киног урлагийн зэрэгт нь хүргэх гэж оролдсон бүтээл болжээ. Гол нь манайхны үйл явдал хөөсөн цагаан кинонуудыг бодвол үзээд гарахад дотор маажих өгүүлэмж санаатай нь олзуурхууштай. Дээр нь хийсэн хэлбэр нь их өвөрмөц. Хоёрхон өгүүлбэр хэлдэг таван жил алга болоод эргэж ирдэг нөхрийг эс тооцвол бүх санаагаа хоёр дүрээр цөөхөн үгээр гаргаж чадаж.    

Гол дүрийн хоёр маань анх уулзахад хэлдэг дээрх өгүүлбэрүүдээс эхлээд үг бүр нь санаа гаргах аж. Морь тэмээний тухай яриа нь өнгөцхөн харахад ямар нэгэн утга санаа байхгүй мэт боловч киноны үйл явдал дүрүүдтэйгээ холбон бодоход энгүй говьд ганц гэрээр орь ганцаар олон жилийг элээсэн залуу бүсгүйд нэг л өдөр “тав жилээр хаяад” давхиад явчих хангал морь биш налгар тайван тэмээ илүү хань нөмөр түшигтэй гэсэн билэгдэл бүхий санаа байх аж. Согтуу нөхөр хотод тасраад хөдөө сэрчихээд “ тэнд /санаан зоргоор архиа ууж өөрийгөө мартаад найгаж явдаг хотод/  нь хаяад л ирэхгүй хүнийг энд чирч ирж байдаг” гэж үглэнэ. Олон жил гэрт гадаагүй ганцаар явж хүний мөрөөсөл болсон бүсгүйд эрдэнэ болсон хүн хотод бол хог дээр л хэвтэж байгааг хараад яаж тэнд нь хаяж ирж сэтгэл нь төвдөх вэ дээ. Архичин согтуу ч гэсэн хажууд хүн байна тэр тусмаа эр хүн байна гэдэг ханьтай. Харин мань залуу түм түжигнэж бум бужигнах хэрнээ нэгнээ танихгүй, тоохгүй хүйтэн хөндий хотын амьдрал дундаас гэнэт ирсэн тал нутагт өөрийнхөө “бүтээлийг” туурвих завсраа сэтгэлээ дэнсэлж өөрчлөгдөж хүн төрхөө олж эцэст нь унтарч үхсэн зүрх сэтгэл нь сэргэж бүсгүйд хайртай болж байна. Анх ирээд гэрийн хаяагаар архи хараад “үхэх” гэж догдолж өөртэйгөө тэмцэлдэж дийлэлгүй өвдөг сөхөрч байсан мань эр киноны төгсгөлд архи өгөхөд “За би ч болсоон” гэж хэлж чадахаар болжээ. Бас тэр халуунд дэмийрдэг хэсэг байна. Үхэх гэж дэмийрч байхад толгойд нь гол мөрөн биш АПУ-гийн кола харагдаад, амьдралд сөрж тэмцэж чадахгүй гудамжны цагаан утсаар хэн нэгнээс аврал өршөөл дуудах бид чинь хүн биш тэр тусмаа монгол хүн биш нэг шинэ төрлийн “хотын хүн” болсныг өвөрмөцөөр харуулжээ.

Киноны хөгжим, дууны найруулга бол тасархай. Киноны санааг илүү тодруулж үйл явдалтайгаа их сайн наалдаж зарим хэсэгт найруулагчийн дутуу гаргасан санааг нөхөж байх шиг санагдсан шүү. Хөгжмийн зохиолчоор "Алтан ураг" хамтлаг ажиллаж өөрсдөө тогложээ. Хуучин аялгуунуудаасаа оруулаагүй кинонд зориулж дан шинэ хөгжим зохиосон нь шинэ соргог сонсогдож байлаа. Хөгжмийн зохиолч “Алтан ураг” хамтлаг гэхээр сонин харагдаж байна билээ. Бодвол хамтлагаараа зохиосон юм байлгүй.

Өөр нэг дурьдалгүй өнгөрч болохгүй ололт нь дүр сонголт маш сайн байсан явдал юм. Гол дүрд А.Баттүшиг, Ё.Алтанзул нар сайн тоглосон байлаа. А.Баттүшигийн хувь түүний дэлгэцэнд гарч байгаа анхны дүр бол Ё.Алтанзулыг манай үзэгчид “Танайд хоноё” нэвтрүүлэгийн Тунгалагийн тухай “Зүүдний үргэлжлэл” киноны дүрээр нь мэдэх билээ. Дээр өгүүлснээр кино угаас үг яриа цөөн тул жүжигчдийн ур чадварыг асар их шаардаж байсан ч гол дүрийн хоёр жүжигчин энгийн сайхан тоглож чадсан байна.

Уул нь ийм сайн санаатай зохиол дээр жаахан ажилласан бол илүү чамбай бүтээл болох байж гэж бодогдож байна. Анх ирээд гэрийн хаяагаар архи хараад “үхэх” гэж догдолж өөртэйгөө тэмцэлдээд дийлэлгүй ууж тасарч байсан мань эр киноны төгсгөлд архи өгөхөд “За би ч болсоон” гэж хэлж чадахаар болж байгаа тэр өөрчлөлтийг харуулж байгаа нь сул болж. Гэрийн хаяанд нэг хүн зураг зурж сууж байгаад “гэгээрч” байгаа харагдаад байна. Нөгөө “Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлнэ” гээд жаахан “хөдөлгөөд” өгсөн бол ч. Бас хүний хань мөрөөсөл болсон бүсгүй, засарч байгаа эр хоёрын сэтгэл зүрхний өөрчлөлт дотносол нэг их харагдахгүй байснаа гэнэт өвөрт нь оруулаад “Эрдэнэ засгийн унага” хадаад явчих шиг болох юм.   

 Төгсгөлд нь манай хоёр сэтгэл зүрхээ ойлголцож хамт гадуур явж байгаад эргэж иртэл таван жил хаяад явчихсан гэрийн эзэн ирчихсэн сууж байна. Тавийн таван жил хаяж тэнэж явчихаад энэ хэн юм гэлтэй биш таг дуугүй. Манай залуу хэдийгээр бүсгүйтэй дотноссон ч гэрийн эзэн ирж байхад яах ч юм билээ бас дуугүй. Бүсгүй болохоор муу ч гэсэн хань нөхрөө гэх үү, сүүлд нь дотноссон залуугаа гэх үү хэнийг нь гэж гэж чадахгүй дуугарч чадахгүй гурван хүн ширээ тойрон бие биенээ харан таг дуугүй сууж байгаа хэсэг сэтгэл догдлуулж таавар төрүүлж юм бодогдуулахаар болжээ. Гэвч тэр аятайхан хэсгийн маань үргэлжлэл нь сул болж. Хэдийгээр гэрийн эзэн эргэж ирсэн ч “дахин төрсөн” газраасаа тэгэж тодорхойгүй буцаж байгаа төгсгөл нь олон үзэгчдийг бухимдуулж байлаа. Сүүлийн үеийн хөнгөхөн хошин шогийн аястай цагаан кино үзэж дасаж байгаа, юм бодох дургүй болсон зарим үзэгчидэд үйл явдал багатай дүр цөөтэй дээр бараг яриагүй энэ кино “ойлгомжгүй” байх шиг харагдаж байсан.

Эцэст нь хэлэхэд энэ чимээ шуугиант хотын амьдралд дунд “хүнээ алдаж” байгааг сануулж олон асуултуудаар үдсэн дажгүй кино болжээ. Кино бүтээгчдийн баталж байснаар жинхэнэ монгол ахуй үнэртсэн, хэн ч харсан монгол хүний ухаанаар бүтээгдсэн Монгол кино гэж хэлэхээр бүтээл хийж чадсан уран бүтээлчиддээ баярлалаа. “Өөрийгөө мэдэрдэг бас үнэлдэг” дээр нь киног урлаг гэж ойлгодог  хэн боловч заавал үзэх ёстой Монгол кино урлагч шинэ өнгө авчирсан кино бол яахын аргагүй энэхүү "Adam" хэмээх кино билээ. Би лав “Adam” бол кино гэж бардам хэлнэ.

 

Бичсэн: Батбаяр | цаг: 19:44 | Шүүмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Адам

Энэ их сонин шийдэлтэй сайхан кино болжээ, харин хоёрдугаар анги гээд хийвэл яасан юм бол гэж бодлоо. Энэ гурван хүний амьдрал яаж үргэлжлэх бол гэж бодох юм
Бичсэн: Moogii (зочин) цаг: 22:46, 2015-01-02 | Холбоос | |


Ойрд гараагүй сайн кино байна лээ. Уран бүтээлчдийг нь тэвэрч, үнсмээр санагдсан.
Бичсэн: иргэн (зочин) цаг: 15:23, 2013-04-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax