2010-04-04
Мөнгөн-Оньс гэж хэн бэ?

 

Мөнгөн-оньс арсланг төрөх шөнө ээж нь гэрийнх нь үүд алтан, мөнгөн  оньстой болчихсон байна гэж зүүдэлжээ. Тэгээд алтан оньсоор нь оньслох гэсэн түгжигдсэнгүй, харин мөнгөн оньс нь оньслогджээ. Ингээд ижий нь шинэ төрсөн хүүдээ ийм нэр хайрлажээ. Сонин түүхтэй содон гоё нэр байгаа биз. Ийм нэртэй Монгол улсын арсланг уншигч та таних уу? Танихгүй ч байж мэдэх. Монголын ард түмний хайрлаж хүндэлж явдаг бөхчүүдийн нэг Мөнгөн арсланд анхлан хайрласан нэр нь Мөнгөн-Оньс аж. Одоо ч иргэний үнэмлэхээс бусдад нь энэ нэрээрээ явдаг гэнэ.

Мядагийн Мөнгөн–Оньс Увс аймгийн Давст суманд төрсөн. 1959 онд 7 настайдаа Улаанбаатар хотод ирж 10 жилийн 21-р дунд сургууль, ХААИС-ийн ойн инженерийн анги төгссөн. Улсын арслан, баруун талтай, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө шагналт” зохиолч, эрдэм шинжилгээний ажилтан. Гэр бүлийн хүн Төгсжаргал Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин байсан. Мөнхсарнай гэж ганц охинтой. Хоёр зээтэй. Бидний мэдэх Мөнгөн арслангийн албан ёсны гэмээр ч юм уу танилцуулга гэвэл ийм. Хотол түмний цэнгэлийн манлайд зүлэг ногоон дэвжээнээ алдар цолоо дуудуулж явсан Мөнгөн арслан түмэн олныхоо сэтгэл зүрхэнд ир бяр, ид хаваараа сэтгэлд нь хоногшсон нэгэн болохоор уншигч олон маань андахгүй мэдэх билээ. Мөнгөн арслан гэдгээрээ та бидэнд танигдсан болохоор энэ нэрээр нь хөргөө үргэлжлүүлэхийг хүслээ. 

“Картон бөх” Мөнгөн

Картон бөх гэдэг нь Мөнгөн арслангийн 7-р ангийн хүүхэд байхаасаа тоглосон тоглоом нь юм билээ. 1966 онд хичээлээсээ тарж ирээд гэртээ картоноор 32 бөхийн дүрс хайчилж,мөрөөр нь тулгаж зогсоож байгаад үлээгээд, дээр нь дарж унасныг нь давсанд тооцон оноо данс бодоод оройжин тоглодог байжээ. Ээж нь ямар сайндаа л хүүгээ өдөржин хичээлээ хийхгүй цаасан бөх уушгаа цоортол үлээгээд суучих юм гэж зэмлэж байхав дээ.Тэрээр “түрүүлсэн” картон бөхийнхөө чихийг хэргээр хулгар болгон зурж, энгэрээр дүүрэн “А” үсэгтэй медаль зурж, түүнийгээ “Мөнгөн бөх” гэж нэрлэдэг байжээ. Хар багын л бөх болох гэсэн их хүсэл эрмэлзэлд нь жигүүр нэмсэн энэ тоглоомоороо нэрлэсэн ном бичсэн байна. Тэр их дэврүүн, мөрөөдөмтгий, хөдөлмөрч, ажилсаг хүү байж. Амьдрал ахуйгаа өөд татах гэж, ээждээ туслан хичээлээ тараад халуун усанд галч хүртэл хийжээ.  Шадивлангийн зусланд бараг арван жил зуссан. Тэр хугацаанд асгатай уулын хуурай гишүүг бараг түүж дуусгасан нь багын хөдөлмөрч байсныг нь илтгэнэ.  Зуны хоёр сар болооод зуслангаас хот руу буцахад хоёр машин гишүүтэй орж ирдэг байж. Энэ нь хожмоо хөлийн гишгэлт гарын атгалтыг сайжруулж, аажмаар бяд суулгаад байсан юм билээ” гэж дурссан.

Бөх болох мөрөөдөлдөө хүрэхэд хөдөлмөрч зан чанар нь л хөтөлсөн гэж найз нөхөд нь үнэлдэг. 1967 онд Түвдэндорж  багшийнхаа бөхийн дугуйланд орж, 1969 онд улсын идэрчүүдийн аварга  болсон нь улсын цолонд хүрч, олны хүндлэл хүлээсэн том бөх болохын эхлэл байв. 15 настайдаа улсын наадамд хоёр давж, тавин төгрөгөөр шагнуулаад бөөн баяр болж байжээ. Түүнээс хойш хорин жил тасралтгүй барилдаж, улсын арслан цол хүртэж, улсын наадмын арван таван шөвгөөрөө төрийнхөө тугийг ерэн таван удаа тойрчээ. Домог болсон хорин аваргын арван хоёртой барилдаж, арслан цолтнуудынхаа арван гуравтай барилдаж явсан нь өдгөө бодоход бахархалтай сайхан түүх, идэр залуу насны ир бяртай үеийн сэтгэлд хоногшсон дурсамж, басхүү нөр их хөдөлмөр зүтгэлийнх нь илэрхийлэл юм. Мөнгөн арслан өдгөө ч бөхчүүдийнхээ дунд байх дуртай. Ням гариг бүрийн заалны барилдааныг алгасахгүй үздэг гэнэ.


Бөх судлаач Мөнгөн

Мөнгөн арслангийн хүсэл мөрөөдөл нь бөхийн барил талыг дэлгэрүүлэх. Анх уулзахын л өөрийгөө танилцуулахаас эхлээд энэ сэдвээс яриагаа эхэлсэн нь хичнээн их ач холбогдол өгдгийг нь харуулсан. Байн байн энийгээ л ярина. Тэрээр бөхийн тухай 10 ном туурвисан байна. Ер нь тэрээр бөхийн барил тал гээч юмыг их ярьдаг гэдгээ ч өөрөө номондоо онцлон бичсэн байна лээ. Зарим хүмүүс үүнийг нь тоохгүй өнгөрдөг ч барил талыг сайн ойлгож мэдэж байх нь бөхийн амжилт гаргах гол үндэс гэж тэрээр үздэг. Нэг талаар энэ хайхрамжгүй байдал нь бөх судлал хоцрогдсоны илрэл гэж арслан боддог. Энэ тал гэдгээс л мэх гардаг. Бөхийн сургуульд ч энэ тухай ярихгүй юм гэж сэтгэл эмзэглэнэ. Өсвөр залуу бөхчүүдэд чухлыг нь ойлгуулж, зааж сургавал амжилт ахих түлхүүр болно гэж үздэг. Бөхийг улсын цол, эсвэл аймаг сум клубын нэрээр нь биш зүүн талын барилтай баруун талын барилтай гэж талаар нь л ангилна. Энэ тухай олигтойхон дэлгэрэнгүй бичвэл их буян болно хэмээсний тул ийнхүү чадан ядан буулгав. Тэрээр “Үндэсний бөхийн голлох хорин таван мэхийн дэлгэрэнгүй тайлбар толь”, “Бөх хүний барил тал бурхнаас заяатай”, “Хүчит арслангуудынхаа мяндсан зодогноос”, “Ерэн есөн шилмэл бөхийн дархан мэх”, “Монгол бөхийн цадиг” зэрэг бүтээл нь түүний нөр их хичээл зүтгэл судалгааных нь үр дүн юм. Мөнгөн арслан нягт нямбай хүн юм. 1980-1990 онд Улаанбаатар хотноо зохиогдсон үндэсний бөхийн барилдааны бүрэн тэмдэглэл түүнд бий. Хаанахынх ч архиваас хайсан олдохгүй үнэ цэнэтэй баримт, Монгол бөхийн судлалд бол ахин олдохгүй нандин эд. Дээрх бүтээлүүд нь хэдэн ч хүний эрдмийн зэрэг горилох бүтээл ч гэж хэлж болмоор санагдсан. 

Ботаникч Мөнгөн

Хэдэн жилийн өмнө манай хэдэн найзуудын дунд гудамжинд унгиралаа гээж хог тарьдаг Сибирийн улиангарын тухай яриа өрнөхөд нэг найз минь анх эр суулгац тарьвал зүгээр байдаг.  эр эмийг нь таньдаг хүн Мөнгөн арслан гэж хэлэхэд эрдэм шинжилгээний ажилтан бөх гэж сонсоод гайхаж байж билээ. 1974 оноос хойш гучин дөрвөн жил ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаа арслан маань өөрийгөө мод тарьдаг хүн гэж тодорхойлсон. Алтайн эрлийз улиас гээд бүтэн тэвэр бүдүүн улиас үржүүлсэн. Ботаникийн цэцэрлэгт арслангийн хөлс хүч сэтгэлээ зориулан ургуулсан моднууд бий.  Тэгээд тэр улиасаа зун очиж тэвэрч үзэж алжаалаа тайлна. Модны захад очиход зөөлөн салхи сэвшээд, сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Ер нь хүнд эерэг энерги өгдөг, их сайхан шүү гэж урамшина. Аливаа юмыг бөхийн дэг жаягаар эрэмбэ дараалалд нь авч явдаг гэж Ботаникийн хүрээлэнгийнхэн түүнийг үнэлсэн нь бий. Бөх хүн бүдүүн хадуун л гэдэг. Харин мань хүн “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цолтой эрдэм шинжилгээний ажилтан бөх дөө.

Зохиолч, жүжигчин Мөнгөн

Түүний тухай сонин дуусаагүй байнаа. Эрдэм шинжилгээний ажилтан бөх маань бас зохиолч жүжигчин гэнэ. Улсын цолтой бөхчүүд дундаа ганц зохиолч нь тэрээр одоогоос арав гаруй жилийн өмнө Монголын зохиолчдын эгнээнд  албан ёсоор багтсан байна.

1993 онд бөхийн тухай кино зохиол бичүүлэх гэж Соёлын гавъяат зүтгэлтэн, найруулагч Ганхуяг арсланг зориод иржээ. Тэр үед Мөнгөн арслан хоёр жилийн өмнө харваад, гэртээ эмчлүүлж сувилуулж байсан аж. Тэгтэл өөрт нь унаж явсан бөх ирж “Чиний барилдах үе өнгөрсөн” гэж “даналзжээ”. Хорь шахам жил бөхийн сорилгод аавыгаа дагаж явсан охин нь өмнөөс нь шаналж байсан нь санагдаад, эмэгтэй хүн барилдаж байсан домгоор ганцхан сарын дотор кино зохиол бичиж өгөхөөр амлажээ. Кино зохиол бичиж өгчихөөд, бараг мартчихаад явж байхад Ганхуяг найруулагч “Далантай арслан”-гийн дүрд хэнийг тоглуулахав гэж асуужээ. “Нэртэй жүжигчдээс тоглуулахгүй юу?” гэтэл та өөрөө тогло гэж санал болгожээ. Ууланд гарч үгээ цээжилж явж. Тэр жил тухайн үедээ залуу дуучин Долгортой кинонд хамт тоглож, дуучин нь гавьяат болж, кинонд тоглосон Намжилдорж нь начин цолонд хүрсэн гээд билэгшээлтэй жил байсан аж. Олон сайхан бөхчүүдийг кинондоо тоглуулж, нээлтэнд нь “Өргөө” кино театрын танхим дүүрэн бөхчүүд ирж оролцож байсан нь содон сайхан дурсамж болж үлджээ.

Мөнгөн  өвөө өлсгөлөн зарлахдаа тулжээ

Мөнгөн өвөө хоёр зээдээ нугасгүй. Жинхэнэ бууж өгнө дөө. Өнгөрсөн оны шинэ жилээр ой хүрч яваа зээ хүү нь өвдөхөөр нь хороололд гэртэй учраас эх нялхаст хүүгээ үзүүлэхээр очтол хаа байсан Сонгинохайрхан дүүрэгт үзүүл гэсэн байна. Газрын хол очих гэсээр явтал юу ч тохиолдож болно шүү дээ, бага насны хүүхдийг хаана ч гэсэн үзээд өгөх хэрэгтэй, манай эрүүл мэндийн систем их буруу байнаа гэж сууна. Дараа нь зээ хүүгийнх нь цагийн тариаг хийгээд өгөх сувилагч олдсонгүй. Харанхуй шөнө хаанаасаа сувилагч хайх вэ? Өрхийн эмнэлэг жижүүрийн сувилагчтай байх хэрэгтэй. Ядаж иргэддээ тариа хийгээд өгөх тогтолцоотой болооч ээ гэж эрүүл мэндийн салбарын эрхтэн дархтанд хүсэлт тавьсан шүү. Жаахан зээг нь тарих мэргэжлийн хүн олдохгүй болохоор нь өөрөө тарьж. Идэрмэг бяртай бөхчүүд, эрхтэн дархтнаас сүрдэж яваагүй өвөө нь хүүгээ тарихдаа л ёстой нэг сүрджээ. Жаахан зээгээ тарина гэдэг наадамд гурав давахаас ч хэцүү юм билээ гэсэн. Энэ асуудлаас болж Мөнгөн өвөө бүр өлсгөлөн зарламаар санагдсан гэнэ. Өлсгөлөн гэхээр ер нэг их дэмждэггүй байснаа хүн чинь бүр ягтаа тулахаар л өлсөх тухай боддог юм байна гэсэн.

Мөнгөн – Оньс “их сонин”  хүн

Эртний мэргэн үгэнд хүн мод тарих, ном бүтээх, хүүхэд төрүүлэх гурван үйлийг энэ яваа насандаа бүтээх ёстой гэдэг. Тэрээр энэ бүхнээ биелүүлсэн хүн юм. Өнгө мөнгөнд шунаж өөрийгөө зовоолгүй эрдмийн ажилдаа, бөхдөө сэтгэл зүтгэл амьдралаа зориулж ирсэндээ урамшиж яваа. Тэр бусдаас илүүрхэх ид хав, ир бяр, эрдэм чадалтай  ард олныхоо хүндлэлийг хүлээсэн  ч жинхэнэ  эгэл  нэгэн. Уншигч таны хуучны танил Мөнгөн арсланг бас “сонин” гэж тодорхойлмоор санагдсан. Ой сайтай гэж компьютер. Хаана ямар барилдаан болсныг, хэзээ хэн юу гэж хэлснийг дурайтал санана. Тэр бас өргүй явахыг чухалчилна. Энэ тухай Дархан аварга, зүүн талтай Баянмөнх “Мөнгөн маань их сонин ертөнц. Хүн тамхилахаар би бараг тамхилдаггүй гээд хөөрөг авдаггүй. Хүний үнэтэй цайтай юм алдаж унагаад цав суулгавал юу болохов гээд“ авдаггүй гэсэн байна билээ. Архийг бол огт амсаж үзээгүй, тамхи ч татахгүй. Хобби нь харин өөрөө архи огт амсахгүй мөртлөө архи цуглуулдаг. Дэлгүүрт орвол архины тасаг хавиар л эргэлдэнэ.

Хүн болж төрсний утга учир, зөв явахын ухааныг би Мөнгөн арслангаас мэдэрсэн. Монгол улсын арслан Мөнгөн-оньсын ертөнцийг уншигч таны өмнө дэлгэлээ. Таалал орших болтугай.

Бичсэн: Батбаяр | цаг: 13:47 | Ёстой хүний тууж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


ээжнь мядаг аавнь мижид мөнүү
Бичсэн: Зочин цаг: 23:39, 2022-03-25 | Холбоос | |


аавбн нэр хэн вэ
Бичсэн: Зочин цаг: 23:38, 2022-03-25 | Холбоос | |


баярлалаа аав хэн вэ ээжээрээ овоглох юм

Бичсэн: зочин (зочин) цаг: 07:52, 2021-09-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax