2010-04-06
Хөл дулаан бол сэтгэл дулаан

 

          “Монголд үйлдвэрлэв” гэсэн баярламаар хаягтай “Янмал” ХХК-ын чанартай сайн оймс дэлгүүрийн лангуун дээр харагдах болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Монгол нутагт эмээ нарын нэхэж байсан ноосон оймсыг эс тооцвол манайдаа анхны оймсны үйлдвэрээр орж захирал Д.Лхагважавтай танилцаж, уншигчиддаа түүний ертөнцийг цухас ч болов нээхийг зорилоо. Хөл дулаан бол сэтгэл дулаан байдаг гэж тэр хэлсэн. Нээрээ ч оймс өмсдөггүй хүн байхгүй. Бүхний хэрэглээ болсон эд учраас тэр хүн бүхний сэтгэлийг дулаан байлгах гэж зүтгэж явна.

Бурхнаас уучлалт гуйсан нь

          1997 оны намар Лхагважавыг Солонгост ажиллахаар эхнэртэйгээ очоод удаагүй байтал араас нь аав ээж нь утсаар ярьж байрнаасаа хөөгдчихлөө гэж хэлжээ. Гайхаж цөхөрсөндөө хэлэх үг олдсонгүй. 1991 оноос хойш Цайз зах дээр хэдэн жил өвөл зунгүй зогсож байж хоёр өрөө байр авч аав ээжийгээ оруулчихаад хүний нутагт ирсэн байлаа. Тэр үед байр хувьчлагдаагүй байсан тул худалдаж авсан хүнээсээ байрны ордероо нэр дээрээ шилжүүлж авах гэж байтал амжсангүй.  Солонгос явах боломж гарсан тул нөгөө хүндээ итгэж бичиг баримтаа өгч хоёр хөгшний нэр дээр шилжүүлээд өгчихөөрэй гэж тохирсон байна. Гэтэл нөгөө хүн нь түүнийг  яваад удаагүй байтал луйвар хийж,  аав ээжийг нь байрнаас нь хөөж гаргасан аж. Буцаад очвол тэр хүнээс мөнгөө олж авч чадаа ч уу, дахиад эргэж ирэхэд виз гарах болов уу гээд эргэлзэж, Солонгосоос ирж чадалгүй орхисон байна. Харь хол хүний нутагт яах ч арга байсангүй. Хүний амьдралд орон байр чухал тэр тусмаа байр байшин ховор байсан тэр үед үхтлээ зүтгэж байж авсан хоёр өрөө байраа алдана гэдэг үнэхээр харамсмаар. Лхагваа тэр үед багтарч цөхөрч бурханыг дуудан зүхэж гомдоллодог байв. Түүнээс хойш бусдаас дутахгүй ажиллаж байр сууцтай болно гэж өдөр шөнөгүй зүтгэх болжээ. Хүний нутагт бүтэн найман жил уйгагүй зүтгэж, дээр нь оймс хийх ухааныг сурч ирсэн байна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ гэдэг шиг тэр амьдралын ухаанаас суралцжээ.  Өнөөдөр тэр алдсанаасаа илүү сайхан байртай, ажил амьдралтай болжээ. Эргээд харахад хэрвээ тэр үед байраа алдаагүй бол тэгж махарч зүтгэж өнөөдрийн энэ амжилтанд хүрэх байсан болов уу. Хэдийгээр айхтар итгэж сүслэдэггүй ч сүүлд нь бурханаас уучлалт гуйсан гэсэн. Бэрхшээл бүхний цаана бэлэг бий гэдгийг тэр одоо ойлгосоон.

Амьдрал миний багш

Ер нь түүний үеийнхэн шилжилтийн тэр цаг үед бүхнийг шинээр нээж байв. Цоо шинэ харилцаа, хэн ч мэдэхгүй нийгэмд алдаж онож амьдрал дундаас сурч байлаа. Лхагваа 1990 онд дунд сургуулиа төгсөөд удалгүй олон жил үерхсэн дунд сургуулийн найз анхны хайртайгаа гэрлэжээ. Хоёр залууд сайхан хайраас өөр юу ч байсангүй бүхнийг амьдралаас сурч авчээ. Хэдэн жил Цайз дээр зогсож арьс шир түүхий эд авч алдаж онож уйгагүй зүтгэснийх хүнээс дутахгүй болж иржээ. Тэгээд залуус олны жишгээр Со яваад удалгүй дээр өгүүлснээр байраа алдаад харамсаж явж. Амьдралын бас нэг сорилт байж дээ. Тэнд ажиллаж байхдаа их ч зүтгэж тэр хэрээрээ тэднээс их ч юм сурсан байна. Сүүлдээ ажиллаж байсан үйлдвэрийнх нь захирал түүнд итгэж бүх юм аа даатгах болсон байна. Зүтгэлийг нь үнэлсэн хэрэг байж. Тэр ч байтугай түүнд чи нутагтаа очоод оймсны үйлдвэр байгуулж чадахаар боллоо би чамд туслья гэж хэлжээ. Нээрээ хүний нутагт насаараа амьдрахгүй , тэгээд ч жаргалд булхавч харийн нутаг хүнийх зовлонд умбавч эх нутаг чинийх гэж үг байдаг болохоор тэр гэртээ хариад оймс хийхээр шийджээ.

Анх үйлдвэрээ байгуулах гэж байхад байр сууц, тог цахилгаанаас эхлээд ар араасаа хөвөрсөн олон бэрхшээл байсан. Ямар сайндаа эхэлж авчирсан хоёр машинаа битгий эвдэрчихээсэй гэж эхэн үедээ үргэлж айдастай байдаг байсан гэж байхав. Хэрэв тэгвэл монгол оймсны загалмайлсан эцэг болсон тэр засаж чадахгүй бол хэнийг дуудах вэ дээ монголд. Одоо энэ бүхэн ард хоцорч үйлдвэр нь нэг үеэ бодоход жигдэрсэн ч гэсэн маркетинг менежментээс эхлээд мэдэхгүй чадахгүй юм таарч л байгаа. Амьдрал түүнд багшилсан учир шантралгүй зүтгэлтэй байхад гарц заавал байдаг гэдгийг тэр одоо мэдсээн.

Янмал түүний бүтээл

Үйлдвэрийнх нь нэр солонгосоор оймс гэсэн үг бас төвдөөр эд баялаг өсөн дэвжих гэсэн утга байдаг аж. Солонгосын сайн утсаар чанартай оймс нэхэж хямд үнээр хүмүүст хүргэдэг тэдний оймсыг бид чанарыг нь таньж хэрэглэдэг болжээ. Тэнд өдгөө хорь гаруй залуусыг сургаж ажиллуулж олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Хамаг авьяас ухаан бодол хүч чадлаа зориулсан түүний энэ үйлдвэр өөр олон монгол залууст бүтээж босгох үлгэр дууриал болж араасаа дагуулж байна. Энэ зун л гэхэд түүнийх шиг таван оймсны үйлдвэр ажиллаж эхлэнэ гэж хэлнэ лээ. Анхдагч болохоор түүнээс ирж асууж сурч зөвлөгөө авах зүйл их байдаг бололтой. Нэг монгол хүн жилд зургаахан мянган төгрөгийн оймс өмснө гэж тооцоход жилд 10 гаруй сая доллар Эрээн рүү алдаж байна. Зөвхөн оймсонд гэхэд аймаар тоо. Энэ их мөнгөнөөс ядаж талыг нь ч гэсэн монголдоо үлдээх энэ үйлдвэрүүдийг төр олигтойхон дэмжээд өгөөсэй.

Манай төр жижиг дунд үйлдвэрээ дэмжинэ гэж их ярьж бас эхнээс нь хийж ч байгаа. Лхагваа дээр суугаа эрхмүүдэд хандаж жижиг дунд үйлдвэрүүдийг эхний 3 жил татвараас чөлөөлчихвөл хамгийн том дэмжлэг болно гэж дамжуулсан шүү. Нэг юм байгуулаад зээл аваад хэдэн тоног төхөөрөмж оруулж ирээд учраа олоогүй байж байтал татвар гээд нэхээд эхэлдэг. Эхний энэ үед л тоног төхөөрөмж материал сэлбэг гээд хуримтлалтай болж хөл дээрээ босох гэж ядаж байдаг үе шүү дээ. Гэтэл гадныхныг болохоор тогтвортой байдлын гэрээ байгуулаад 3 жил татвараас чөлөөлөөд байдаг биз дээ. Хэнийгээ дэмжих гээд байдаг улс юм бол доо гэж. Монгол улсыг Таван толгой, Оюу толгой биш ажилсаг зүтгэлтэй монгол залуусын толгой л хөгжүүлнэ гэдгийг тэр одоо ухаарсаан.

Залууст үлгэр болмоор олон зөв чанар түүнд байнаа. “Анхны алхам” киноны буриад өвгөний хэлдгээр ийм залуус олон бол баян чинээлэг аз жаргалтай Монгол орныг байгуулахад амархан байна даа гэж бодогдож байлаа.


Бичсэн: Батбаяр | цаг: 15:48 | Ёстой хүний тууж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


tanitai yaj holbogdoh we? hamtarch ajillah bodoltoi baigaa. ninja_sg@yahoo.com.
Бичсэн: erka (зочин) цаг: 12:01, 2013-03-20 | Холбоос | |


Tuguldur
Unheer saihan hereg bna, ene niitleliig olon hun unshig
Бичсэн: Зочин цаг: 01:47, 2011-11-04 | Холбоос | |


setgegdel bichsend bayarlalaa
Бичсэн: Зочин (зочин) цаг: 17:59, 2010-04-07 | Холбоос | |


Янмал гэж энэ Монгол оймсыг манай гэрийн гурван эрэгтэй гурвуулаа өмсдөг хэхэ. Нарантуул дээрээс ээж нэг ширхэгийг нь 1500 хан төгрөгөөр авсан гэнэлээ...Дэлгүүрээс яг гайгүйхэн шиг солонгос оймс авах гэхээр арайл үнэтэй байдгиймаа нуугаад яахав. Харин энэ оймсны хувьд бол чанартай бас дээр нь хямд үнэтэй, өнгө загвар сайтай сайн оймс байналээ шүү...Хүний сурсан юм гэж сайхан юмдаа... тэврэлт гоё шүү
Бичсэн: Зоригт ван цаг: 20:10, 2010-04-06 | Холбоос | |


"Жаргалд булхавч харийн нутаг хүнийх зовлонд умбавч эх нутаг чинийх"

Үнэхээр сайхан нийтлэл байна. Олон хүнд уншуулах юмсан. Өөрөө ч бас хичээл зүтгэлээ илүү байлгамаар санагдлаа. гоё шүү
Бичсэн: Алмас цаг: 16:29, 2010-04-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



 
xaax