2010-06-26
“Зүүдэнд ч оромгүй явдал” буюу орчин цагийн Ромео Жульеттагийн түүх



1979 оны хавар найруулагч Илья Фрэз Госкино фильм дээр «Роман ба Юлька» шинэ кино зохиолоо танилцуулжээ. Далан нэгэн настай  найруулагчийг өсвөр үеийнхний хайр сэтгэлийн тухай сэдэв барьж авсанд гайхсан тэд “Энэ чинь тэгээд юуны тухай кино юм дээ” гэж асуухад нь “Жинхэнэ хайрын тухай кино байх юм” гэж хариулсан гэдэг. Тэгээд зохиолыг нь үзэж ярилцаад Юлькаг нь Таня болгож ганцхан засвар хийсэн гэнэ. Ингэж бид бүхний үзэх дуртай орчин цагийн Ромео Жульетта болсон “Зүүдэнд ч оромгүй явдал” кино төрсөн түүхтэй. Ромео Жульетта гэсэн нь учиртай. Анх кино зохиол нь эмгэнэлт зохиомжтой байсныг /магадгүй Роман арай өндрөөс унах байсан болов уу/ нь зураг авалтын явцад туршлагатай найруулагч өөрчилсөн байна. Хүүхэд залууст зориулсан киногоо хийж дуусаад соц нийгмийн үзэл суртлын хяналтанд оруулсны дараа найруулагч “Манай гол баатрууд нэг удаа ч гэсэн үнсэлцсэн бол энэ хяналт шалгалтыг давахгүй байсан” гээд инээж байсан гэдэг. Кино 1981 онд үзэгчдийн хүртээл болоод их ч амжилт дагуулсан байна. Тухайн оныхоо “Советский экран” сэтгүүлийн “Шилдэг кино” шагнал, Вильнюст болсон Бүх холбоотын хүүхдийн кино фестивалийн дэд байр, 1982 онд Томарийн /Португали/  Олон улсын хүүхэд залуучуудын кино фестивалийн шагнал авч, 26 сая хүн үзэж сонирхсон нь ЗХУ-ын киноны түүхэнд арванхоёрдугаарт бичигдэх болсон байна.

Дунд сургуулийн ахлах ангийн сурагч Романы /Никита Михайловский/ амьдралыг өөрчлөх шинэ өдөр эхэллээ. Өөр дүүргээс нүүж ирж зэргэлдээ байранд нь орсон  Катя /Татьяна Аксюта/ тэдний ангид шилжиж орсон өдрөөс тэд дотносон үерхэх болж тэр нь улмаар бүр гүнзий хайр болж хувирна. Гэвч тэднийг ойлгох хүн байсангүй. Катягийн ээж Людмила /Ирина Мирошниченко/ Романы аав Константинтай /Альберт Филозов/ залуугийн хайр сэтгэлийн холбоотой байсныг мэдэх Романы ээж Верад /Лидия Федосеева-Шукшина/ энэ бүхэн бүр ч таалагдсангүй. “Замбараагүй явдалтай” айлын охиноос хүүгээ салгахын тулд тэр “бүхнийг хийхэд” бэлэн байна. “Арван долоон настай тэдэнд ямар юмных нь хайр байдаг юм” гэж үзэх томчууд “өөрийнхөө төлөө юу ч хийж амжаагүй байгаа” тэдний өмнөөс асуудлыг шийдэж, Романыг өөр сургуульд шилжүүлж, тэднийг уулзахыг хориглосон боловч залуусын анхны хайрыг яахин тийм амархан дарж чадах билээ. Хүн энэ л насан дээрээ амьдралын яль шаль өнгөнд хууртаагүй цэвэр ариун сэтгэлтэй байж жинхэнэ чин зүрхнээсээ хайрлаж дурлаж чаддаг болохоор Шекспир “Ромео Жульлетта” жүжгийн гол дүрээрээ арвантав зургаатай тэднийг сонгосон байх. Тэдний хайр сэтгэлийг хорьж дийлээгүй ээж нь Ромкаг Ленинградад байх эмээгийнх нь бие  муу байгаа гэж хуурч явуулна. Түүний энэ шийдвэрт “одоо үеийн хүүхдүүд хэтэрхий жаргалтай байна. Тэдний хайр сэтгэл гэдэг жаргал нь дэндсэн хэрэг” гэж үзэх сургуулийн захирал /Нина Мазаева/ дэм өгнө. Насан туршдаа хагацахгүй гэж амласан анхны хайртаасаа удаан хугацаагаар хол байх нь “хорхой шавьжийг ч хайрлах” зөөлөн сэтгэлтэй “Монгол охин” Катяд хүндээр тусна. Гэвч тэд томчуудын санасанчлан хайр сэтгэлээсээ няцалгүй үнэнч байж зүтгэснээр эцэст нь жинхэнэ хайр сэтгэлээ олж байгаа тухай тун  сонирхолтой үзүүлжээ.

Жинхэнэ хайрын тухай үзүүлэх гэж зорьсон Илья Фрэз найруулагчийн энэ кинонд олон янзын хайр гарна. Гол баатруудын маань сэтгэл зүрхний анхны  ариун хайр, Катягийн ээжийн гурав дахь хайр, хэдий буруу ч Романы ээж болон эмээгийн хүүгээ гэсэн хайр, уран зохиолын багш Еленагийн /Татьяна Николаевна Кольцова/ бүтэлгүй хайр, түүний найз асан Михаилийн /Леонид Филатов/ тооцоот болзолт хайрыг дүрсэлсэн бол бүр дайны хүнд хэцүү амьдралд зүрх нь чулуужсан ямар ч хайрыг үгүйсгэх сургуулийн захирал эмэгтэй болон эрдмийн цол зэрэг, чухал ажлын дэргэд гэр бүл хайр сэтгэл хамаагүй  “хэнээс ч хамаагүй” хүүхэдтэй болж болно гэх үзэлтэй Еленагийн ээж зэрэг сонирхолтой дүрүүд гардаг.

Хүн хэрвээ анхны хайрынхаа төлөө Катя шиг тэмцэж чадахгүй бол ээжийнхээ үгэнд орж хайртай “Шарман”-аасаа салсан, амьдрал нь хоосон уран зохиолын багш эмэгтэй шиг “муур тэвэрсэн хөгшин авгай” болно гэдэг санааг найруулагч гайхалтай харьцуулан гаргаж өгсөн байдаг.

            Найруулагч дүрийн сонголтыг оновчтой хийж, сайн баг бүрдүүлсэн байна. Катягийн дүрийг  бүтээсэн Татьяна Аксюта хамтран тоглогчоосоо долоон насаар эгч төдийгүй аль хэдийн театр урлагын дээд сургуулийг /ВУЗ/ төгсөж нөхөрт гарсан байсан боловч арван зургаатай охины дүрийг чадварлаг бүтээсэн нь гайхалтай. Хайртынхаа мөрийг түшээд “Алёна царай муутай тээ” гэж гэнэхээр бүлтгэнэх дүрийг нь хүмүүс үргэлж дурсдаг. Харин Романд тоглосон Никита Михайловский хэдий арван зургаатай ч бүр зургаан наснаасаа эхлэн урлагт зүтгэсэн туршлагатай жүжигчин байсан байна. Харамсалтай нь энэ авьяаслаг жүжигчин 1991 онд хорин зургаахан насандаа өвчний учир Лондонд өөд болсон байна. Түүнийг эмчлүүлэхэд Маргарет Тетчер, Борис Ельцин зэрэг олон алдартнууд туслаж байсан гэдэг. Бусад жүжигчдийн тухай тэдний авьяас чадварын тухай ярих нь илүүц байх. Бүгд алдартай жүжигчид авьяастнууд байсан. Үзэгдэл болгон, үйл хөдлөл, үг хөдөлгөөн болгон найруулагч, жүжигчдийн гайхалтай авъяасын дор чадварлаг бүтээгдсэн байнам. Эмээд нь л гэхэд домогт Татьяна Пельтцер тоглосон байдаг. Түүний киноны төгсгөл хэсэгт Ромкаг хориглож байгаа хэсгийн жүжиглэлт үнэхээр тасархай. Манай кино үйлдвэрийнхэн ч /хуучнаар/  ганц энэ биш олон бүтээл дээр ямар сайхан дуун хөрвүүлдэг байсан юм дээ гэж бодогддог.

Кино амжилттай болоход киноны хөгжмийн зохиолч Алексей Рыбниковын авьяас чадварыг зайлшгүй тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр бүр 1970 онд сэтгэлд хоногшим уянгатай аялгуу зохиосон боловч таарах үг олоогүй байж. Нэлээд хожим нэг өдөр санамсаргүй Рабиндранат Тагорын шүлгийн түүврээс Аделин Адалисийн орчуулгаар “Сүүлчийн найраглал” шүлгийг нь үзээд энэ киноны алдарт дуу төрсөн гэдэг. Киноны үйл явдал бүхэлдээ энэ тансаг уянгалаг аялгууны гурван ч өөр хувилбар аязан дор өрнөдөг.  Кино гарсаны дараа дуу нь олны дунд түгж Валери Руслан, Леной Перовой, Варвара болон рок-групп «Мультфилмы» зэрэг олон алдартан дахин дахин дуулсан хайртай дуу нь болсон. Тэр дундаас бидний сайн мэдэх «Ялла» хамтлаг «Песня года - 1981» наадамд дорны өвөрмөц өнгө аясаар дуулсан нь бас үзэгчдийн сэтгэлд хүрсэн байна. /http://www.youtube.com/watch?v=urx6A78Q7BU&feature=related/ Энэ дууг ая зохиогч, дуучин Долгионы сайхан монголчилсноор “Киви” хамтлаг  үзэгч, сонсогчиддоо хүргэсэн билээ.

Хайр тэр тусмаа жинхэнэ хайр гэдгийг тэр болгон хүн бүр амталдаггүй. Ихэнх нь хайрлана гэдгийг дасахтай андуураад зүгээр дууриагаад л өнгөрдөг. Түүнийг амталж мэдрэхэд цэвэр ариун сэтгэл төдийгүй эмзэг мэдрэмтгий зүрх хэрэгтэй. Цөөхөн хүн урлагын авьяастай байдаг шиг бас цөөхөн хүн хайрлах бас хайрлуулах “авьяастай” байдаг. Авьяас төрөлхийн байдаг шиг хайрын мэдрэмж бас төрөлхийнх байдаг. Тийм болохоор жинхэнэ хайрыг бүгд ойлгодоггүй гайхан хүлээн авдаг нь амьдралын үнэн билээ.

Далан нэгэн настай кино найруулагч Илья Фрэз энэ бүтээлээрээ бидэнд “Хайрлахгүйгээр яаж амьдарч чаддаг байнаа” /Танягийн үг/ гэсэн томоос том асуулт тавьсан билээ. Хайрыг мөнхийн сэдэв гэдэг. Мөнхийн сэдэвтэй, гайхалтай өгүүлэмжтэй, авьяаслаг жүжиглэлттэй, уянгалаг дуутай энэ кино цаг хугацааны саадыг даван бидэнд ухаарал уярал хайрласаар байх биз ээ.                                       

2010 он
Бичсэн: Батбаяр | цаг: 00:04 | Кино ярьж өгье
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Кино нь ч угаасаа хөөрхөн кино тээ...
Бичсэн: luna цаг: 20:14, 2010-06-30 | Холбоос | |


Сайхан нийтлэл болжээ....ГОЁ БИЧЖЭЭ... тормолзох
Бичсэн: Зочин цаг: 19:45, 2010-06-30 | Холбоос | |


Ямар кино байдаг билээ? Нэрийг нь л их олон сонсож байсан юм байна.. Хайр майр гээд балай юм бодогдуулчих юм даа...
Бичсэн: xvv цаг: 17:43, 2010-06-30 | Холбоос | |


дуу нь маш гоё.

тэр үед киног орчуулах, дуу оруулах гэж гайхамшигтай байжээ. одоо болтол дүрүүдийнх нь "дуу хоолой" сэтгэлд тод.
Бичсэн: хундага цаг: 21:34, 2010-06-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax