2010-07-09
Моцартыг бурхан л алсан


 

Би авьяасыг шүтэн биширдэг. Суу билэгт авьяастнуудын гайхамшигт урлагийн бүтээлүүдийг харж сонсож мэдэрч байхдаа өөрийн эрхгүй ямар нэг бурхан бий гэж дуу алдан хүлээн зөвшөөрдөг өө. Тэр гайхамшигт авьяаст суу билэгтнүүд бурханы хоолой, бурханы хэл, бурханы аялгуу, бурханы гар болж бүтээлүүдээрээ биднийг алмайруулан шагшуулж үл танигдах далдын гоо сайхан руу даллан дуудаж байдаг. Тэр тусмаа Вольфганг Амадей Моцартын хөгжмүүд намайг сонсох бүр зүгээр л алж байдаг. Түүний "Eine kleine Nachtmusik" Rondo Allegro,  40, 41-р симфони, реквием, лимбэний гоцлол зэрэг бүтээлүүдийг сонсох бүр бурханы хоолойг сонсох шиг болж өөрийн эрхгүй мансуурч дур тавих шиг совин төрж агуу хүч чадлыг мэдрэхийн зэрэгцээ өөрийнхөө юу ч биш болохоо ухаардагаа. Магадгүй тийм ч учир 1984 оны “Амадей” кино миний сэтгэлд ойр тусч үзэх бүр ухаарлыг өгдөг байх. 

 

 “Хөхөөний үүрэн дээрх нислэг” хэмээх гайхамшигт киног найруулсан чех гаралтай Милеш Форманы 1984 онд найруулсан “АМАДЕЙ” кино жүжгийн зохиолч Питер Шофферийн  Александр Пушкиний  “Моцарт ба Сальери”  эмгэнэлт дуурийн цомнолоос төрсөн сэтгэгдэл дээрээ үндэслэж 1979 онд  бичсэн жүжгийн зохиолоос сэдэвлэжээ. Кино үнэхээр гайхалтай амжилт олж 1985 онд найман Оскар, өөр бусад кино фестивалиас 13 төрөлд 32 шагнал хүртэж тухайн үедээ МРАА-гийн рейтингийг тэргүүлж байлаа.

Хүмүүсийн олонх нь энэ киног Моцартын намтар гэж боддог нь эндүүрэл юм. Үнэн хэрэг дээрээ “Амадей” бол Антонио Сальерийн бурхантай хийсэн тэмцлийн эмгэнэлт түүх юм. Тэрээр бас ч гэж нэр алдар хөгжмийн зохиолч бөгөөд эхэндээ дөлгөөн, сайхан сэтгэлтэй, ихээхэн шүтлэгтэй нэгэн байх боловч төгсгөлдөө бурхантай тэрсэлдэгч болно. Энэ түүх бидэнд бурхантай харилцах харилцаа болон байгалийн суут ген, хардалтын тухай олон асуултыг тавьдаг. Ер нь киноны түлхүүр санаа нь мань бүтээгч маань хүмүүст яагаад ямар нэгэн юманд хүрэх хүсэл өгдөг вэ? (уг тохиолдолд гялалзсан хөгжмийн зохиолч болох), гэвч тэр нөхөр /бурхан/ авъяас билгийг тэнцвэртэй заяахгүй юм даа гэсэн санаа юм. Кино галзуугийн эмнэлэгт хөгшин Сальеригийн амиа хорлох гэсэн оролдлогын дараах байдлаар эхэлнэ. Түүний нүглийг наминчлуулахаар залуу лам түүн дээр орж ирэхэд, Сальери түүнд өөрийн амьдралын түүхээ ярих бөгөөд энэ нь киноны үйл явдлыг Венад аваачна. Энэ цаг үед Сальери Иосиф II хааны ордны хөгжмийн зохиолч байх ба тэр амжилтанд хүрсэн, нэр алдартай, өөрийнхөө амьдрал болон хөгжимдөө сэтгэл хангалуун нэгэн байлаа. Тэрээр амжилт, нэр алдар хайрласан Бурханд талархдаг байв. Тэгэхэд тэр Моцартыг мэддэгүй, түүний хөгжмийн тухай сонсоо ч үгүй байсан юм. Удалгүй Моцартын нэр алдар гайхамшигт бүтээлүүд Сальеригийн сэтгэлийг татаж, нэг хүлээн авалтан дээр хайсаар байж уулзав. Энэ уулзалтын үеэр Сальери Констанц Вебертэй эрээ цээргүй аашлах Моцартыг хараад шоконд орно. Тийм гайхамшигтай аялгуу хөгжим энэ тэнэг залуугийн хаанаас нь төрдөг байна гэдгийг үнэхээр ойлгосонгүй. Гэвч эцэст нь Сальери хэдийгээр түүний бүтээлүүд сайн олны дунд нэртэй боловч Моцартын хөгжмийн дэргэд өөрийнх нь хийсэн бүтээсэн юу ч биш юм гэдгийг ойлгоно.

Сальери Моцартад бурхан суу билэг, авъяас өгснийг ойлгохыг хүсэхгүй байлаа. Тэр их авъяас билгийг яагаад Сальерид өгсөнгүй шүтээнийг доромжлогч нэг муу тэнэг жаал Моцартад өгөв? Сальери бүх л амьдралынхаа туршид үнэнч сүсэгтэн байсан атал тэнгэр бурхан Моцартыг сонгож, өөрт нь суу билиг заяагаагүйд итгэсэнгүй. Хамгийн гол нь Сальери бурхан түүний хөгжмөө гэсэн их эрмэлзлийг харгисаар бут ниргэж орхисныг нь ойлгохыг хүссэнгүй. Энэ нь түүний цөхөрсөн халаглалаар илэрдэг. Тэрээр “Би зөвхөн Бурхны төлөө дуулахыг хүссэн. Тэр надад ийм хүсэл заяасан атал яагаад авъяас билэг өгсөнгүй вэ? Яагаад” гэж халаглана. Сальери өөрийнхөө гаслалаас болж үхэх дөхөж байв. Тэр бүх хайр сэтгэлээ Бурхны хөгжимд зориулсан байтал хаягдаж гээгдсэн Сальери бурхнаас татгалзах болов.

Ийнхүү Сальери бурхны дайсан болж хувирах бөгөөд Моцартыг устгаж түүнээс хариугаа авахаар ам өчгөө өгнө. Киноны үлдсэн хэсэгт Сальери Моцартын найз, холбоотон гэж ойлгуулах боловч бүх хүчээ Моцартын амжилтыг сүйтгэхэд зориулах болов. Сальери хэдийнэ өөрийн гэсэн төлөвлөгөөтэй болж, Моцартад өнгөрсөн эцэгтээ зориулж реквием бичихийг албадах бөгөөд Моцартын эцэг нь харгис хэрцгий, түүний бүтээлч хүсэл эрмэлзлийг нухчин дардаг нэгэн байсан тул энэ нь Моцартыг ихээхэн стресст оруулж улмаар Моцарт байнга архи уух болов. Сальеригийн галзуурсан төлөвлөгөө ёсоор бол реквиемийг их л нууцлаг хүлээн аваад, Моцартыг үхүүлж, түүнтэй салах ёс гүйцэтгэх үед тэр реквиемийг өөрийн нэрээр Сальери зохиосон гэж тоглуулах ёстой байлаа.  Энэ үеэр Моцартын найз Эммануэл Шикандер түүнийг ард түмэнд зориулж, дуурь бичихийг санал болгож байв. Моцарт саналыг нь зөвшөөрч, “Шидэт лимбэ” алдарт дууриа бичиж, амжилтанд хүрэв. Ухаан муутай эхнэр нь хаяж явж дээр нь дуурь реквием хоёр дээр их ажиллаж ядарсан бас гүнзгий стресст орсон Моцарт удалгүй хүндээр өвдөнө. Үүнийг л хүлээж байсан Сальери гэрт нь ирж түүнийг албадан реквиемийг нь бичүүлж туйлд нь хүртэл сульдаана. Маргааш нь  Констанц буцан ирж гэрт нь байсан Сальериг явахыг шаардана. Удалгүй Сальеригийн төлөвлөснөөр Моцарт нас барсан ч тэр реквиемийг авч чадсангүй. Төгсгөлд нь Сальери “Моцартыг бурхан алсан”. Тэр түүнийг бас биднийг бүтээсэн, тэр л биднийг тэмцэлдүүлсэн, эцэст нь өөрийнхөө бүтээлийг буцаагаад аваад явлаа гэсэн гайхалтай санааг гаргасан байдаг. Нээрээ л сайн нэрийг нь болохоор бурхан хүлээгээд саар мууг нь болохоор өчүүхэн муу хүн эсвэл чөтгөрүүд үүрч байх ёстой юм уу. Бүгдийг бурхан бүтээсэн нь үнэн л юм бол сайн нь ч саар муу нь ч бүгд түүнийх л байх ёстой.

       

Үнэхээр гайхамшигтай кино урлаг талаасаа дүр дүрслэл өгүүлэмж санаа бүх юмаараа шилдэг нь. Моцартын дүр их сонирхолтой. Жаахан гаж тэнэгдүү ч гэмээр хачин инээдэг, эмзэг сэтгэлтэй агуу их авьяастай мөртлөө нэг муу багнаас айдаг давжаа залуу. Түүний энэ гадаад байдал гайхалтай авьяастай нь зөрчилдөж байдаг. Ер нь авьяас өөрөө гаж үзэгдэл, гаж өөрчлөлт, мутант байдал юм. Тэгэхээр суутанууд ч гажигууд байдаг нь үнэнтэй билээ. Энэ талаасаа амьдралд илүү ойр болсон. 

Кино хоёр нүүртэй баг, хачин инээд гээд билэгдэлт дүр ёгтлолт санаа ихтэй. Моцартын хачин инээд чинь бурханы инээд тэр үргэлж тэгж хачин инээж байдаг. Тэр хоёр нүүрт чинь бурхан өөрөө. Хагацал зовлон гэдгийг мэдэхгүй өөрийн мэдэлд буй өчүүхэн сүнсэн хүмүүсийн ааш авирыг шоолон тэгж инээж байдаг юм. Тэр дандаа хоёр нүүр гаргадаг.

Кино зургийг Милош Форман өөрийн төрсөн хот Прагт авсан бөгөөд хуучны түүхт энэ хот эртний Вена хотын байдлыг харуулж чадсан билээ. Гол дүрд Мел Гибсонийг тоглуулахаар проб авч байсан байна. Үнэн хэрэгтээ Сальери тухай цагтаа Моцартаас илүү нэр алдартай байсан бөгөөд Шүбэрт гэхэд түүнд бүтээлээ зориулж байжээ. Харин Пушкинээс хойш Сальери хэнд ч хэрэггүй атаархагч мангас болж хувирсныг нь найруулагч арай зөөлрүүлж далдуур хөнөөгч болгож үзүүлжээ.   

 


Бичсэн: Батбаяр | цаг: 13:48 | Кино ярьж өгье
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


суутнууд ухаантнуудыг бишрээд ханахгүймдоо сонин юм гэж сонин шүү
Бичсэн: arch_tseegii цаг: 19:22, 2010-07-14 | Холбоос | |


ingeed bodson kurt kobainiig bas burhan alsiim bnaldaa ter aguu avyasiig turuulcheed ard n tiim yum hiijeedeg ugaasaa egel humuusiin dund aguu avyastai bna gedeg barag l shiitgel yum bisho
Бичсэн: dao цаг: 13:54, 2010-07-10 | Холбоос | |


Яасан сайхан бичнэ вэ, өөртэй чинь танилцаж болох уу? зүрх өвдөх
Бичсэн: Наташа (зочин) цаг: 12:37, 2010-07-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax