2010-07-10
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Би С. Эрдэнэд зориулж хэлж байна. Үнэхээр тийм баримт байгаа бол намайг АТГ-т өг.

"Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй" ардын цэцэн үгийг жаахан гуйвуулав. Энэ залуу надад үнэн юм яриад байх шиг санагддаг тийм ч учраас бас эрх мэдэлтнүүдэд адлагдаж гадуурхагдаж байх шиг. Хэдий таньж мэдэхгүй ч ҮЗХ-оос гаргачихаж гэж сонсоод тэсэлгүй үгийг нь сонсох гэж гүйж хүрсэн юм. Мань хүн харин уужуухан сууж байна лээ.    

-Таны улс төрд орж ирсэн зорилго юу вэ?

-          Бүтэх бүтэхгүйг мэдэхгүй. Залуу хүний эрч хүч, ааг омогоор мэргэжлийнхээ үүднээс энэ нийгмийг бага ч гэсэн гэрэл гэгээтэй тал руу нь өөрчилчих гэсэн юм сан гэсэн бодолтой орж ирсэн. Гэхдээ энэ бодлоосоо няцаагүй байна. Урам зориг хэвээрээ байна. Эргээд харахаар монголд нэг юм үгүйлэгдэж байна. Хүмүүстэй гудамжинд тааралдаад ярихаар хуульчдын нэр хүнд уначихсан, ном дүрэм журмаар нь яваад эрхээ хамгаалуулна хангагдана гэдэгт итгэл нь алдарчихсан байна. Хэн эрх мэдэлтэй хэн мөнгөтэй байна, тэдний эрх хангагдана, тэдэнд таарсан шударга ёс үйлчилнэ. Жирийн иргэн бол хог шаар шиг болчихсон гэсэн гомдлыг байнга тавьж байгаа. Би хуульч хүн болохоор энэ мэргэжлээр бахархах ёстой гэж боддог. Хуульч гэхээр л ад үзэгдэж, хэн дуртай нь нулимаад хаячихаж болдог юм байна гэсэн санааг өөрчлөхийг хүсч, зүтгэж байна. Хоёр дахь том хүсэл бол өнгөрсөн хорин жилийг харахаар нийгэмд бодлого байхгүй, болчихож. Улс төрийг жаахан ч гэсэн мэргэжлийн болгох гэсэн хүсэл байгаа юм. Мэргэжлийн гэдэг ойлголт байхгүй болчихсон, бүх юм сонирхогчийн түвшинд. Сайд томилох болохоор хэн мөнгө төлсөн нь очоод улс орны төлөө юм хийхгүй байгаа нөхцөлд ирээдүй ямар харагдаж байгаа дээр эргэлзээ үүсэж байна. Мөн сүүлийн үед шинэ үе гэдэг ойлголт аяндаа үүсч байна. Шинэ үеийн залуучууд юу хүсч байгааг эрх мэдэлтэй улс төрчдөд сонсгох хүсэлтэй байна. 

                                                                

-          УИХ-ын гишүүн асан Дэлгэрмаагийн ярилцлагыг уншсан. Тэнд таныг ҮЗХ-ноос гарсан шалтгааныг анхан шатны намынхаа ажилд оролцдоггүй гэсэн санаагаар хэлж байсан. ҮЗХ-ээс шахагдсан шалтаг шалтгаан чинь юу байна? УИХ-ын гишүүн ҮЗХ-ноос гарч байсан тохиолдол өөр бий билүү?

-          Чингэлтэй дээр Батж. Батбаяр гишүүн жил болоод гарч байсан. Шахаад гаргасан хүн нь чи намынхаа олон гишүүдийн итгэлийг олж авч чадахгүй байна гэж хэлэхэд танай хамаатнууд хуралдаж байхад чамаас өөр хэн сонгогддог юм гэж хэлж байсан юм бий.

Би хувьдаа Тэмүжин ҮЗХ-ноос гарахад нэг их том юм биш гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь хэн нэг нь Ардчилсан намын орон нутгийн дунд шатын намын байгууллагыг өмчлөөд авчихсан, өөрсдийн хамаатан, найз нөхөд компанийхаа хүнээр дүүргэчихдэг АН дотор бугшчихсан феодолизмаасаа салах ёстой гэж үзэж байна. Ганц Баянголд ч биш, хэд хэдэн дүүрэгт ийм байна. Тэнд нь АН хоёр хуваагдаад талцчихлаа. Ер нь бол намаар мөнгө хийдэг хэн төлбөр төлсөн нь шат ахиж байдаг ийм систем, дотоод ардчилал нь байхгүй болж байгаа тохиолдолд АН гадагшаагаа том ардчилал том улс төр дээр эрүүлжинэ гэдэг нь өрөөсгөл болчихоод байна. Иймээс АН дотоод эрүүл мэнддээ анхаарах ёстой. Миний хэлсэн үгэнд дуртай ч хүн байна, дургүй ч хүн байна. Хэн нэгэнд, бүгдэд таалагдах албагүй. Тэр тусмаа гажууд буруу явж байгаа хүмүүст таалагдах гэж далдагнах хэрэггүй.

-          Нөгөө талын байр суурь нь таныг анхан шатны намын ажилдаа оролцдоггүй, татвараа төлдөггүй гээд байна л даа.

-          Хэн нэгний олгирахи системийг би санхүүжүүлж байх албагүй. Надад тийм их мөнгө ч байхгүй. Намын олон нийтийн ажил хийхгүй, зөвхөн хэдэн хүнийг тойроод уух идэх ажлаа зохион байгуулаад түүнийгээ ардчилсан намын ажил гэж бодож байгаа бол том эндүүрэл.

-          Ардчилсан хүний холбоо байгуулагдахад тэнд олигархуудтай тэмцэнэ гэж яригдсан. Олигархи гэж хэн бэ? Яг тодорхой тодорхойлолт гарахгүй байна л даа.

-          Олигархи болохыг хүсч эрмэлзэж байгаа феодолууд тэр үгийг хэлж байгаа болохоор олон нийт итгэхгүй байгаа байхгүй юу? Хулгайч хулгайчаа барихгүй гэсэн үг байдаг. Хэрвээ хулгайч хэн нэгэн хулгайчийг илрүүлэхийг байгаа бол түүнээс илүү хулгайлахыг хүссэн байдаг. Тиймээс өөрсдөө мөнгөөр асуудлыг шийддэг, хор найруулдаг, идэж уух дон шүгэлсэн байж дараа нь бид олигархийг цэвэрлэнэ гэж ярьж байгаа бол тэдний буурин дээр бид очно оо л гэж байгаа хэрэг. Олигархижсан авилгажсан тогтолцоог өөрчилье гэсэн бодол байхгүй байна. Ний нуугүй хэлэхэд надад тэгж харагдаж байгаа учраас би дэмжихгүй байгаа. Мэдээж хэрэг З.Энхболд гишүүн шиг бодол ч надад бий. Гэтэл дотор нь явж байгаа олигархиас илүү аймшигтай уугаачин идээчдийг хараад энэ хүмүүс өөрчилнө гэдэгт итгэхгүй байна. Тийм учраас надад олигархи хэн бэ гэдгээс илүүтэй олигархийг шүүмжилж байгаа хүмүүс нь өөрсдөө хэн бэ гэдгийг илчлэх хэрэг гарч байна.

-          “Алтан гадас” МОАХ фракцуудын зөрчил хурцдаж байна. Ямар нэг фракцгүй улс төрийн дэмжлэг байхгүй болохоор та цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна?

-          Ний нуугүй хэлэхэд би нэг зүйлийг харж байна. Үе үеэрээ явж байна. Фракц бол бидний дээд талын үе эрх мэдэлтэй байхын тулд өөрсөддөө зурсан гортиг байхгүй юу. Энэ гортигоор залуучууд хуваагаад тэмцэлдээд байх нь гол биш. Бид өөрсдөө гортигоо татах хэрэгтэй.  Өөрөө өөртөө гортигоо татах ёстой. Тэд сандал ширээгээ булаацалдан тэмцэж байгаа бол ашиггүй. Харин зарчмын алдаатай бодлогыг өөрчилөх гэж байгаа бол, ардчилсан намыг муухай харагдуулаад байгаа хэн нэгний зохиосон балиар тогтолцоог өөрчлөх гэж байгаа бол дэмжих хэрэгтэй.  АН бол өөрөө харьцангуй ардчилал зөв уур амьсгалыг дэмжих төв хүч нь юм ш дээ. Тэгэхээр ардчилсан нам өөрийгөө эргэж харах цаг нь болсон. Түрүүний яриад байгаа олигархижсан гэдэг нь төрийн тусламжтайгаар мөнгө олж байгаа том бүлэглэлүүдийг зогсоох хэрэгтэй. Харин энийг хийх хүч чадал нь ардчилсан намд хаана байна, эргээд харах ёстой байхгүй юу. Яг ний нуугүй хэлэхэд дотоод сонгуулийг мөнгө олох хэрэгсэл болгож байгаа, мөнгөөр бүх юмыг шийдэж байгаа ийм хүмүүс өөрчлөлт хийнэ гэж байгаа бол энэ худлаа. Засгийн газартай тохиролцож байна, засаг даргатай тохиролцож байгаа ялгаа л байгаа болохоос Хувьсгалт намтайгаа адилхан түрийвчинд орчихсон байгаа хүмүүс юуг нь хийх юм. Шинэ үе бол өөрөөр харж байна. Дотроо сандал ширээ булаацалдаж, намаа талцуулж хуваадгаа болих ёстой. Ардчилсан нам нэгдмэл байх ёстой. Зөв юмны төлөө нэгдмэл зогсох ёстой. Тэрнээс хэн нэгэн хүний талд орж зогсох тухай биш. Ардчилсан намд ямар бодлого хэрэгтэй байна гэдэг дээр зогсох ёстой. Тэр фракцгүй энэ тэр гэдэг нь жаахан ялгаа байгаа. Тийм  ялгаатай байгаа байдал намайг сул дорой харагдуулж байгаа байж магадгүй.  Дэмжлэг байхгүй фракцын гадна үлдлээ гэж бодож байж магадгүй. Гэхдээ би ирж яваа цаг л гэж бодож байна. Би харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй гэдэг үгийг би бодож явдаг. Ирж яваа цаг байна даа, юм өөрчлөгдөнө дөө, өнөөдөр биш юм аа гэхэд маргааш өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг.

-          Дараагийн удаа нэр дэвшихэд одоогийн тогтолцооны нүдээр харахад тойргийн гадна үлдсэн юм шиг харагдаж байна?

                                                                                             

-          Залуучуудын дунд ийм санаа оноо байна.  Энэ бол миний өөртөө үнэнч байх гэсэн итгэл үнэмшил. Хэн нэгний барьсан шатан дээр аль нэг залуу нь өгөгдөж гарчихаад ингэж явж амжилтанд хүрдэг байхгүй юу гээд шүлсээ хаяж л байна л даа. Гэхдээ би тэд нарт зориулж,  наад шат чинь эзэнтэй, чи эзэнд нь төлбөрөө төлөхгүй бол дуртай үед нь л ойчно ш дээ. Тийм ч учраас хэврэг ч гэсэн өөрийнхөө шатыг босговол дээр юм биш үү.  Өнөөдөр хэврэг ч гэсэн маргааш бөх бат болно гэж хэлдэг. Өнөөдөртөө би маргааш илүү хүчтэй болно гэдэгт итгэж байна. Дараагийн удаа УИХ-д нэр дэвшихийн тулд аль нэг фракцад орох бодол алга. Хамгийн гол нь Тэмүүжин УИХ-ын гишүүн байх, ҮЗХ гишүүн байх бол жижиг асуудал гэж хэлсэн дээ.  Хамгийн гол нь энэ улс оронд том өөрчлөлт ирэх үү, үгүй юу? Энэ өөрчлөлтийг эрүүл саруул хэсэг нь дэмжээд урт удаан хугацаанд тулж явж чадах уу үгүй юу? Эсвэл гоё шинэчлэлтийн нэр барьж орж ирээд, хоёрдугаар эгнээнийхэн хоолондоо орох гээд байна уу гэдэг асуудал байна. Би үүнээс болгоомжилж байна.

-          Та мэргэшсэн парламенттай болохыг хүсдэг. Энэ ажил хаанаа явна? Тодорхой хуулиуд санаачилсан нь үр дүнд хүрэхгүй байх шиг.

-          Одоо байгаа эрх мэдэлтнүүд эрх мэдлээ хянуулах, хариуцлага тооцуулах үнэхээр дургүй байна. Тийм учраас парламентийг хариуцлагатай болгоно гэхээр засгийн газарт байгаа хүмүүсийн үс нь босдог юм байна. Хуучин улс төрчдийн гар хөл нь татдаг юм байна. Түүнийхээ реакци болгож, хэл ам нь хурц болдог юм байна. Монголд хууль хэрэгждэг байх уу үгүй юу? Албан тушаалтнууд алдаа хийсэн бол огцордог, оноо байвал урам авдаг тогтолцоо байна уу үгүй гэдэг асуудал. Үнэндээ Монголд алдаа хийнэ үү үгүй юу гэдэг асуудал биш болжээ. Нийгэмд хариуцлага алга байна. Жирийн иргэдэд хариуцлага хүчтэй. Чи хэн нэгний хүн биш бол, ямар нэг бүлэглэлд харъяалагддаггүй бол, хэн нэгэнд татвар төлдөггүй бол чиний жижигхэн алдаа ч том хариуцлага болж хувирч байна. Ийм байдлыг өөрчлөхийн тулд төлөөллийн ардчилал болсон парламентийг ил тод ажиллуулдаг байх хэрэгтэй. Одоохондоо урагшилсан юм алга. Хойшоо ухарсан юм л байна. Манайхан дэмжиж байгаа ч нэг зовлон байна. Энэ том зорилго руугаа харж зогсох гэхээр дотоод зөрчил нь хувааж талцуулаад байна. Хэн дарга болохов, ҮЗХ-д хэний фракц хүчтэй байхав, хэнийг дэмжчихвэл хаана юу болчихоод байна  гэдэг жижиг улс төр нь том улс төрөө унагаад байгаа байхгүй юу? Баянголоос би шахагдаад, Эрдэнээ гэдэг хүн надад дургүй байх нь жижиг асуудал. Энэний золиосонд ардчиллын төлөө явж байгаа том алхмаа унагачих гээд байна.

-          АН-ын ҮЗХ сонгуульд МОАХ газар авч байгаа сураг байна? Хамтарсан засгийн талаарх таны санаа бодол  

-          Ер нь бол анх хамтарсан засаг байгууллахад би эсэргүүцэж байсан. 27 гишүүнтэй хүчтэй цөөнх байгаад энэ улсад жаахан ч гэсэн хариуцлага хяналт нэвтрүүлэх хэрэгтэй гэж бодож байсан. Гэтэл үүнээс илүү хамтраад шийдэх зүйл олон байна гээд олонхоороо шийдээд хамтарсан. Гэхдээ шийдсэн юм нь ховор байна, эргээд харахад олон асуудлаа шийдэж чадаагүй байна. Ганц шийдсэн юм нь хэл амтай Оюутолгой л байх шиг байна. Хамтраад шийдвэрлэж байгаа шийдлүүд дээр эдийн засгийн гэх юмуу, мөнгөтэй холбоотой асуудлаа хурдтай шийдвэрлэж байна. Харин засаглалыг сайжруулахад шударга ёс, ил тод байдал, хариуцлага гэдэг юмнуудаа нэмэгдүүлэх чиглэлээр юм хийгдэхгүй байна. Ядаж л сонгуулийн хууль нь урагшлаагүй байна. УИХ-ыг хариуцлагатай болгоё гэхээр талцаад хэвтчихэж байна. Халаасыг нь ил тод болгоод хэн юу идэж уув гээд хариуцлага тооцох гэхээр хөндөлдөөд хэвтчих хандлага хүчтэй байна. Тиймээс хамтарсан засгийн газар ажил гүйцэтгэсэн гэхээсээ илүү ажиллаагүй нь тодорхой юм чинь эртхэн хэн хэн чигээ бодсон нь дээр.

-          Хүмүүсийн сонирхож байгаа асуудал бол гишүүдийн тэрбумын асуудал байна. Та яаж зарцуулж байна.

-          Би тэрбумаараа Баянгол дүүрэгт төрөх эмнэлэг баръя гэж төлөвлөсөн. Харин нийслэлээс Баянголд төрөхөөс илүү хүүхдийн эмнэлэг чухал байна гэсэн. Хүүхдийн эмнэлэг барихад 2 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Өөрийн мөнгийг хүүхдийн эмнэлэг рүү хувиарласан. Өөр мөнгө хайж байна. Б.Энхбат гишүүн 300 саяыг шилжүүлж байна. Өөр бусдыг нь янз бүрийн эх сурвалжаас хайж олно доо. Надад том асуудал шийдье гэсэн санаа байсан. Анх улс төрд орохдоо жижиг сажиг косметик хагалгаа шиг биш том асуудлыг л шийдэх хэрэгтэй гэж төлөвлөж байсан. Тийм ч учраас би тэрбумын эсрэг байсан. Анх уул нь бол 76 тэрбум гэж хуваахынхаа оронд нийслэлээс авдаг 57 тэрбумаа нийслэлд үлдээчихье. Зам зэрэг томоохон асуудлуудыг шийдье гэсэн саналтай гаргасан. Тэрбумаа авах гэж шунаж байгаа гишүүдийг хараад би дургүй л хүрч байна.

-          Та тэрбумаасаа Баянголын цагдаагийн хэлтэс дээр шаардлага хангасан байцаалтын өрөөтэй болгох асуудлыг шийднэ гэж яригдаж байсан. Тэр юу болов?

-          Тэрийг хийх гээд зүтгээд байна. Тэрбумаасаа хийх боломжгүй болсон өөр юм хайж байна.

-          Тэрбумын тухай ярихад гишүүд бид захиран зарцуулахгүй, бидний нэр дээр өгч байгаа болохоос биш бид мэдэхгүй гэсэн. Одоо бүгд л засаг дарга шиг ярьж байна.

-          Сангийн сайд ч анх тэгж хэлж байсан. Харин УИХ-ын гишүүний оролцоо их байгаа. Мань мэт нь тийм юманд гээд ерөнхийд нь чиглүүлээд өгчихөж байгаа. Гэтэл зарим нь өөрсдөө захиран зарцуулж байна. Үнэнийг хэлэхэд тэд сонгуулийн мөнгөө эндээсээ босгож байна гээд ярьж байна. Энэ бол үнэндээ улс төрийн карьераа өсгөж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр улс төрийн карьераа өсгөж болохгүй. Ний нуугүй хэлэхэд би заримдаа энэ УИХ дотор 76 засаг дарга орж ирээд суучихсан юм биш биз дээ гэж боддог. Тойрог дээрээ очоод зарим ярьж хэлж байгаа нь ч гэсэн хууль тогтоогчийн ажил ярихаасаа илүү засаг даргын ажлыг ярьж байна. Хууль тогтоогчид  үнэхээр орон нутагтаа тэгж л санаа тавьж байгаа юм бол орон нутгаа эрх мэдэлжүүлж, хөрөнгө мөнгөний мэдэлтэй болгох өөрчлөлт оруулахгүй, бүх эрх мэдлийг УИХ-даа татаж авчихаад мөнгө байхгүй би л арай гэж олж ирлээ гэж гавъяа байгуулсан дүр эсгэж байгаад дургүй хүрч байна. Үнэхээр орон нутагтаа хайртай юм бол боловсролыг, эрүүл мэндийг, дэг журам сахиулахыг үйлчилгээтэй нь мөнгийг нь дагуулаад орон нутагтаа өгчихөөд ч дээ. Засаг дарга нь юмаа шийдвэрлэг л дээ.

-          Мөнгө ярьсных улс төрд оролцох мөнгөө хэрхэн босгодог вэ?  

-          Би өртөг зардал ихтэй хүн биш хэмнэлтэй. Дундаж монгол иргэн яаж амьдарч байгаа тэр амьдралаар амьдарч байгаа хүн. Судалгааны ажил хийнэ. Лекц унших, мэдлэгээ ашиглаж ном хийж мөнгө олох юм. Миний олж байгаа мөнгө надад хүрэлцээтэй. Харин бусад авилагчдад өгдөг мөнгө байхгүй. Үнэнийг хэлэхэд дүүргийнхээ намын гишүүдийг цуглуулаад хооллож цайлж чадахгүй. Тийм мөнгө байхгүй. Цай хоол өгсөнгүй гэдгээр намын ажил хийсэнгүй гэж үнэлж байгаа бол би тийм намын ажлыг үнэхээр хийж чадахгүй. Иргэдтэйгээ уулзаад санаа оноогоо хуваалцаж явдаг. Манайх нэг давхарт байдаг байлаа. Долоон удаа цонхоо хагалуулаад, намраас байраа 3 давхарт шилжүүлсэн. Тэгээд байрны зээл авсан жаахан өртэй. Янз бүрийн иргэд бусад гишүүдтэй адил хүүхдийн төлбөр, эмчилгээний зардал, зэрэг хүсэлт тавьдаг. Надад мөнгө байхгүй. Түрийвчинд хорь гучин мянган төгрөг байвал илүүчлээд л  явж байна. Миний ард ямар нэгэн юм байхгүй.

-          Зарим нэг сонин хэвлэл нэт сайт дээр таныг MCS–ээс мөнгө авсан гэдэг.

-          Тэрийг хэн ярьж байгааг би мэднэ. 2008 оны сонгуулиар 6 сарын 20-оос хойш нэг сонин дээр өдөр бүхэн миний эсрэг хар PR хийж байсан. “Өнөөдрийн тойм” гэж С.Эрдэнэ гэдэг хүний гаргадаг байсан сонин. Тэр сонин ардчилсан намын ухуулах байраар үнэгүй тараагддаг байсан. Тэнд “Тэмүжин бол MCS-ийн хүн. Мөнгө авсан гэж бичсэн”. Бас сонгогчидтой уулзахдаа хүртэл ярьж байна гэсэн. Би С.Эрдэнэд зориулж хэлж байна. Үнэхээр тийм баримт байгаа бол намайг АТГ-т өг. Битгий хов жив хөөцөлд. Намайг сонгуулиар хэн нэгнээс том мөнгө авч өөрийнхөө өмнө гишгэсэн гэж гүтгэх гэж бодож байгаа бол үүнийгээ АТГ-т өгч шалгуулаа Эрдэнээ гэж.

-           Хаврын синдром эхэлж байна.  Энэний чиг хандлага хаашаа явж байна?

-          Зарим нь эздийнхээ өмнөөс хуцаж байна. Зарим нь өөрийнхөө үгийг хэлж байна. Тэрийг нь ялгаж ойлгох ёстой. Ард иргэдийн амьдрал сайнгүй байна. Иргэд өөрчлөлтийг хүсч байгаа ш дээ. Тийм учраас иргэд үгээ хэлэх нь буруу биш. Тэрнийг хаврын синдром гэж нэрлэх хэрэггүй. Харин үүнийг нь далимдуулаад сандал ширээнийхээ хэрүүлийг босгоод хүссэндээ хүрээд авья гэж хэн нэгнийг турхираад хуцуулж байгаа хүмүүс ч байна, мөнгийг нь төлөөд жагсааж байгаа хүмүүс ч байна энийг салгаж ойлгох ёстой гэж бодож байна.

-           Аливаа болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг өөрчилье засаж залруулья гэхээр засаг төр шүүх цагдаа дээр очоод тулаад мухардчихаж байна. Яг болж бүхэхгүй байгаа бүхний үүр уурхай нь тэр засаг төр нь шүүх цагдаа нь болчихоод байгаа тохиолдолд иргэдийн уур бухимдал бослого хувьсгал гэж яриад байгааг буруутгах аргагүй болчихож. Хүчээр асуудлыг шийдэх нь үргэлж хохиролтой байдаг ч манай нөхцөлд хүмүүс өөр гарц олж харахгүй байх шиг.

-          Бид хоёрын эхний сэдэв рүү буцаад ороод ирж байна. Парламент гэдэг бол ард түмний төлөөллийн байгууллага болохоос биш цөөн олигархи бүлэглэл, намын фракц бүлэглэл хүчнүүдийн идээшлэг газар биш. Гудамжинд иргэдийг бухимдуулдаг асуудал парламент дээр яригддаг шийдэгддэг нөхцөлд иргэд гудамжинд гарч жагсаж арга буюу чулуу мод барихгүй байхгүй юу. Хэдэн улс төрчид төр засгийг нь өөрсдийн юм шиг эзэмшчихээд дуу хоолой нь сонсогдохгүй дүлий юм шиг байгаад байхаар иргэд бухимдаж байна. Би хэрэндээ л зүтгээд байна байгуулж чадах нь уу үгүй юу “Өргөдлийн байнгын хороо” гэж. Иргэдээс ирж байгаа санал санаачилга хэлж байгаа үг хэлийг албан ёсоор хүлээж аваад хэлэлцэж шийдвэрлэж байхгүй дүлий юм шиг байгаад хад мөргөсөн юм шиг хамаг санал нь унаад байхаар иргэд нэгдээд мод чулуугаа бариад жагсана шүү дээ. Иймд хүчирхийлэлийг дэмждэг хөлдүү бодлогоо өөрчлөх хэрэгтэй байна. Тийм учраас парламент өөрчлөгдөх ёстой гэж бодож зохих хуулиудийг санаачилсан. Харамсалтай нь сонгуулийн өмнө -ээ гэгээн минь би та нарынхаа нүд чих ам хоолой шүү гэж гүйж байж гарсан энэ нөхдүүд дэмжихгүй байна. Нэг нь “Намайг байгаа цагт энэ хуулианд өөрчлөлт оруулахгүй” гэж хэлж байна гэсэн /Ц.Нямдорж гишүүнийг хэлж байгаа бололтой/. Сайд байна уу, байнгийн хорооны дарга байна уу хэн нь ч гэсэн та нар хэний төлөөлөл юм бэ гэдгээ бодмоор байгаа юм. Хөдөө хотгүй хүмүүсийн амьдрал муу байна ш дээ. Гэтэл өөрчлөлт хэрэггүй ээ гээд суугаад байж болохгүй ээ.

-          Манай сонины дээр хотод хүн амын дийлэнх байхад УИХ-ын дийлэнх нь хөдөөнөөс сонгогддог нь зөв үү, төлөөллийн ардчилалын зарчим алдагдаж ээ гэсэн нэг нийтлэл гарсан сонгуулийн хуулинд энэ санаа тусаж байгаа болов уу

-          Манайх бол төлөөллөө алдчихаад байгаа. Хүн амынх нь дийлэнх нь хотод сууршиж байхад парламентынх нь 3/2 нь цэвэр хөдөө орон нутгаас төлөөлөлтэй байдаг. Энэ нь өөрөө мөнгийг хааш нь урсгах вэ бодлогыг яаж үр ашиггүй болгож хувиргах вэ гэдэг бодит жишээ болж байна. Энэ зарчим дээн Э.Бат-Үүл гишүүн бид хоёр маргасан. Манай Бат-Үүл гишүүн сум болгоноос гээд зарчим тавихаар нь би наад төлөөлөл чинь дахиад бүр эвдэгдлээ  суманд хэдэн хүн байна хотод хэдэн хүн байна. Төлөөллийн ардчилал гэдэг чинь хүн амынхаа тоотой харьцуулагдахгүй зохиомол засаг захиргааныхаа нэгжийхээ системээр яваад ирэхээр бүр мэргэжлийн бус болж дампуурнаа гэж хэлж байсан. Энд хэлэхэд би Э.Бат-Үүл гишүүнийг үнэлдэг. Үзэл бодлын маргаан энэ зарчмын маргааныг хэзээ ч өш хонзон болгож хувиргадаггүй тийм хүн. Өнөөдөр тас түс маргахад маргааш тэр чинь яагаад байлаа гэж дахиад ирж мэтгэлцдэг хүн. Э.Бат-Үүл гишүүний энэ чанарыг үнэхээр хүндэлдэг. Гэтэл манай зарим нэг хүн үзэл бодлын битгий хэл анзааргагүй яваад мэндлэхгүй өнгөрөхөд л өш хонзон болгож хувиргаад хариуг нь өгнөө гэж ярьдаг тийм увайгүй хүн олон байдаг. Хүнтэй маргаж мэтгэхэд энэ чинь юмыг шинээр таньж мэдэх гэж шийдэх гэж байгаа болохоос биш дайсан болох гэж байгаа юм биш гэж үздэг энэ зан чанарт нь дуртай. Нөгөөтээгүүр Э.Бат-Үүл гэж ардчилалын нэг том нөмөр нөөлөг байдаг. Яг ойлгоод энэ ардчилалд ингээд байнаа гэхэд энэ хүн мөнгөнд эрх мэдэлд өөр үзэл бодлын бус нөлөөнд автдаггүй тууштай зогсож чаддаг ганц багана юм уу даа. Би тэгж харж байдаг.

-          Э.Бат-Үүл гишүүний саналыг би мэргэжлийн болж чадахгүй байгаа сонирхолын зөрчилд баригдсан энэ парламентыг аврахын тулд ухарч гарц хайсан арга ядсан алхам юм уу даа гэж хардаг.

-          Би бол Э.Бат-Үүл гишүүний ярьж хэлж байгаа санааг ойлгож байгаа. Энэ олигархжсан, талцаж хуваагдчихсан, зөвхөн мөнгө эдийн засгийн сонирхолоор хэлхээ холбоо нь гүнзгийрчихсэн ямар ч итгэл үнэмшилгүй үзэл бодолгүй, ёс зүйн зарчим бол ярихын ч хэрэг байхгүй энэ бүх байдлыг өөрчлөхийн тулд мөнгө хийж байгаа тэр эрх мэдлийг нь задлах ёстой гэдэг дээр яах аргагүай үнэн юм шиг сонсогдож байна. Гэхдээ бид хоёрын мэтгэлцээн хэвлэлээр үргэлжлэх болно.

-          Сүүлийн асуулт нээлттэй сонсгол ямар шатанд явж байна одоо дараагын алхам

-          Түрүүчийн 12-р сарын 2-нд болсон нээлттэй сонсолын үргэлжлэл 4-р сарын 14-нд болно. Анх дөрвөн сэдэв хөндсөн байсан дөрөвдэх сэдэв нь галт зэвсэг хэрэглэсний улмаас иргэний амьд явах эрх зөрчигдсөн эсэх тухай асуудал байсан. Тэр асуудал нь тухайн үед шүүх прокурорынхон ажлаа дууаагүй байгаа учраас хуулийн зөрчил гач байна гэж хойшлуулья гэсэн санал гараад хойшлуулсан. Өнөөдрийн байдлаар прокурор хэргийг шалгаж эрүүгийн байцаан шийдвэрлэх ажиллагаа дуугавар болж байгаа нөхцөлд сонсгол явахаас өөр аргагүй юм байна. Одоо гадагшаа дотогшоо явсан хүмүүс цуглахаар ажлын хэсэг хуралдаад үндсэн чиглэлүүдээ гаргана. Нээллтэй сонсголын журмаар 14 хоногын өмнө зарлах ёстой сая зарласан. Хүний амьд явах эрх зөрчигдсөн гэсэн “Хүний эрхийн үндэсний комисс”-ийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхийн тулд нягтлах мэдээллүүд байгаа учраас энэ сонсголыг хийж байгаа. Сонсголд галт зэвсгийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрийхэн оролцоно гэхдээ тэртэй тэргүй бодитой хохирол нь байж байгаа учраас тэд нараар үг хэлүүлэхгүй. Нөхцөл байдлыг шууд гэрчлэх бололцоотой галт зэвсэг хэрэглэсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэд байгаа. Яг сонсголтой холбоотой манайд гурван иргэн гомдолоо гаргасан. Тэр гурван иргэнийхээ боломжтой хоёрынх нь үгийг сонсох байх. Мөн цагдаа прокурор тухайн үед онц байдлыг ахалж байсан ХЗДХ-н сайд байсан Ц.Мөнх-Оргил нарыг дуудаж асууж мэдээллүүдийг тодруулна.

-          Прокурор цагдаагийнхан ирэх болов уу ?

-          Ирүүлнэ.

                                                                                                                                                     "Толь" сонины 2010 оны 4-р сарын ... дугаарт хэвлэгдсэн/
Бичсэн: Батбаяр | цаг: 18:04 | Бусад
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих