2010-07-11
“ХАЙРЛААГҮЙ АМЬ”

2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд “МИ-8” нисдэг тэрэг осолдож, албан үүргээ гүйцэтгэж явсан хэдэн сайхан залуусын амь насыг авч одсоныг монголын ард түмэн мартаагүй. Энэхүү ослоор амь үрэгдсэн залуусын гэгээн дурсгалд зориулсан SCORE entertainment-ийн бүтээл “Хайрлаагүй амь” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна.

Гол дүрүүдэд төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатар, УДЭТ-ийн жүжигчин СТА С.Болд-Эрдэнэ, СТА Г.Эрдэнэбилэг, СТА Г.Амгаланбаатар, СТА Д.Баттөмөр, СТА Г.Эрхэмбаяр, СТА Ц.Баясгалан, М.Тогтохжаргал, Х-ТҮЦ продакшны жүжигчин Б.Хулан нарын мэргэжлийн жүжигчид тоглосон киноны ерөнхий найруулагчаар Г.Энхтөр, продюсераар Г.Баяржаргал, зураглаачаар Н.Азжаргал, киноны зохиолыг Б.Ган-Очир, Г.Мөнхд, хөгжмийн зохиолчоор Н.Халиун, зураачаар Т.Өсөхбаяр нар ажиллаж киноны дууг “Харанга” хамтлагийн дуучин Х. Лхагвасүрэн дуулжээ.

             

Кинонд МИ-8 онгоцны ослын тухай биш онцгой байдлын газрын ажилтнуудын  ажил, амьдрал, ард түмнийхээ төлөө гэсэн чинь сэтгэлийг харуулахыг зорьсон байна. Онцгой байдлын газрын ажилтан залуусын ажил амьдралаар төлөөлүүлэн орчин үеийн залуусын нөхөрлөл, хайр дурлал, атаа жөтөө, алдаа оноо зэрэг амьдралын олон өнгийг харуулахаар манай залуу, дунд, ахмад үеийн уран бүтээлчид хамтран бүтээсэн эмгэнэлт, уянгын уран сайхны кино юм. Дүрүүдэд манай мэргэжлийн жүжигчид тоглосон болохоор мэдээж тоглолт дажгүй. Ялангуяа М.Тогтохжаргалын дээвэр дээрээс үсрэх гэж байгаа хэсэгхэн үзэгдлийн жүжиглэлт залуу жүжигчин гэхэд сайн болжээ.

Сүүлийн үед гарч байгаа бусад кинонуудыг бодвол онцгой байдлын албаныхны ажлын онцлогийг харуулсан үзэгчидийн сэтгэл догдлуулсан хурц хүнд элемэнттэй үйл явдал олон гарах бөгөөд тэр бүх үзэгдлүүдийн гүйцэтгэл нь харьцангуй сайтай кино болжээ. Киноны хөгжим дууны найруулга гайгүй болж киноны дуу ч үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан бүтээл болсон билээ. 

Кино үзээд гарч явсан хос хоёр ярьж байна. Залуу нь - Энэ киног үзээд Онцгой байдалд ажилд орж болохгүйг мэдэж авлаа гэхэд бүсгүй нь – Би ч гэсэн Онцгой байдалд ажилладаг залуутай сууж болохгүйг сайн ойлголоо гэж ярих нь сонсогдов.

                        

Хэрвээ “Хайрлаагүй амь” киноны уран бүтээлчид үзэгчдэд манай онцгой байдлынхны ажил хүнд бэрх, эрсдэлтэй тухай л өгүүлэхийг зорьсон бол амжилттай болж гэж болно. Харин кино урлаг гэдэг шалгуураар үзвэл шүүмжлэх юм нэлээд байнаа. Энд юуны өмнө манай киноны уран бүтээлчдийн бэрхшээл болсон зохиол нь муу гэсэн шүүмжийг бас л хэлэх болох нь. Киноны найруулагч зохиолын эрэлд гарч олдохгүй болохоор нь сүүлдээ хэвлэлийн бага хурал хийлгэж зохиолын уралдаан зарлаж байж энэ зохиолоо олсон тухай хүүрнэсэн байдаг.

Харамсалтай нь сайн зохиол олоогүй байна. Хоёр залуугийн нэг бүсгүйд сэтгэлээ өгсөн хайрын гурвалжингийн тухай цухас өгүүлдэгийг эс тооцвол амиа хайрладаггүй мэргэжилтэй эрэлхэг залуусын ажил мэргэжлийн хүнд бэрх бас аймаар эрсдэлтэй тухай хэтэрхий нэг талыг барьсан өгүүлэмжтэй болж. Найруулагч ч гэсэн амиа хайрладаггүй тэр эрэлхэг залуусын амины үнэ цэнийг урлагийн хэлээр, киноны хэлээр гаргаж чадсангүй. Кино урлаг гэдэг талаасаа өөрийн өгүүлэмж санаа багатай, үйл явдлын өрнөл тайлал гэхээр юмгүй сулхан байна. Нэг л их амь амьдралаа авгай хүүхдээ хөсөр хаяж үхэж үрэгдсэн талаас нь дүрсэлж. Мөн зураглаачийн тэр олон гоё хурц, хүнд элемэнттэй үйл явдлыг нэг л энгийн планаар хавтгай гэрлээр авсан ажлууд нь ур чадвар багатай болсон санагдав.

Эцэст нь хэлэхэд найруулагч маань зохиол дээрээ сайн ажиллаж, задаргаа хийж ар гэр, амьдралаа орхиод өргөсөн тангарагтаа үнэнч байж бусдын төлөө байнгын эрсдэлтай маш хүнд нөхцөлд овсгоотой, эр зоригтой, чадварлаг, хариуцлагатай ажилладаг онцгой байдлын албаны сайхан сэтгэлтэй сайхан залуучуудын амьдрал тэмцлийн мөн чанар, бусдын төлөө хайрлаагүй өргөсөн амь насны үнэ цэнийг урлагийн хэлээр илүү утга уянгатай өрнөл хөгжил, тайлалтай үзүүлсэн бол бүр илүү сайн кино болох байв.

Зүүний хүчний холбоо гэсэн сурталчилгаа, Онцгой байдлын сайд Ухнаагийн Хүрэл.. хэн ч гэнэв дэлгэц дүүрэн мэдэгдэл зэргийг хараад кино урлаг биш өөр юманд зорио юу ч гэж бодож амжив.

Гэхдээ энэ киног үзээд ямар ч байсан Онцгой байдлын эдгээр хүмүүсээ бид тусалж дэмжиж чаддаггүй юм аа гэхэд хүндэлж хайрлаж явья л гэсэн сэтгэл өвөрлөж харилаа.


Бичсэн: Батбаяр | цаг: 00:20 | Шүүмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


үзээгүй юм байн үзмээр юм байна сайн муу нь хамаагуу үзэж байхад илүүдкүүмда баярлах
Бичсэн: arch_tseegii цаг: 19:18, 2010-07-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax