2010-07-14
“Амьдрах сайхаан”


Тэртээ 1940 оны 8-р сарын 21нд нэгэн цагт хамтран зүтгэж асан  И.Сталины захиалгаар амь насанд нь халдсаны улмаас  Зөвлөлт гүрний үүсгэн байгуулагчдын нэг, онолч, тууштай марксист Койокан Лев Тройцкий алс холын Мексикт Мехико хотын даруухан эмнэлэгт нас баржээ. Түүний нас барахаасаа өмнө үхлийг мэдэрч зөгнөн бичсэн гэрээсллийн  “Амьдрах ёстой сайхан юм. Хойч үеийнхэн маань амьдралыг бузар явдал, дарлал, хүчирхийлэлээс цэвэрлэж, амьдралаар бүрэн дүүрэн цэнгэцгээж явах болтугай” /нэрт гүүш Ц.Гомбосүрэн гуайн орчуулгаар/ гэсэн  хамгийн сүүлийн  мөр  нь Италийн нэгэн жүжигчин, найруулагч Роберто Бенинигийн сэтгэлд хоногшин үлдсэн байна. Хожим 1997 онд  өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон нэгэн киногоо дээрх үгнээс ишлэн авч “Амьдрах сайхан” хэмээн нэрлэжээ.

                               

 

Энэ кино гарангуутаа л олон улсад хүлээн зөвшөөрөгдөж шагналыг ёстой түүж өгчээ. 1998 онд Канны кино наадмаас шүүгчдийн нэрэмжит Гран-при, Оскарын 7 төрөлд нэр дэвшиж “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал хүртсэнээс гадна “Шилдэг хөгжмийн найруулга”болон   “Шилдэг гадаад хэл дээрх кино” шагнал, хүртсэн байна. Энэ кино нь Роберто Бенинид алдар хүндийг авчирч тэрээр нэг үдшийн дотор хоёр Оскарын эзэн болсон билээ. Мөн өөр хоёр ч томоохон кино наадмаас /Сезар, ВАФТА/ болон бусад наадмуудаас нийт 21 шагнал авсан байна.

1939 оны Итали. Тосгоноос амьдрал хөөж хотод ирсэн хөгжилтэй Гвидо сургуулийн багш Доратай тохиолдлоор тааралдаж түүнд анхны харцаар дурлана. Гвидо өөртөө итгэлтэй, өөдрөг сэтгэлтэй, амьдралын ухаантай тохиолдож буй саад бэрхшээлийг өөрийн өвөрмөц хошин мэдрэмжээрээ даван гарах чадвартай  гэдэг нь киноны эхнээс л мэдэгдэж эхлэнэ.
          Амьдрал дээр ч бас бүсгүйчүүдийн хайрыг түүн шиг романтик эрчүүд татдаг биз. Тэрээр өөрийн хязгааргүй илэн далангүй байдал, байж боломгүй хошин шогийн мэдрэмжийн давхцлаараа Дорагаа байлдан дагуулжээ. Хайр дурлалын өмнө эрх мэдэл эд баялаг юу ч биш гэдгийг киноны эхний хэсэгт уянгатай хөгжилтэйгээр өгүүлдэг. Дора Гвидо хоёр улмаар гэрлэж, өөрийн гэсэн номын дэлгүүрээ нээж, Джузеппе Жошуа гэдэг хөөрхөн хүүгийн ээж аав болжээ. Киноны эхний хэсэгт аз жаргал халгиж, үлгэрийн мэт сайхан үргэлжилнэ.

 Гэтэл нацистууд гарч ирж, еврейчүүдийг гадуурхаж эхлэв.  Насанд хүрэгчдийг хорих лагерьт хорьж,  хөгшид хүүхдийг хийн зууханд шатааж байлаа. Хүүтэйгээ хамт хорих лагерьт хоригдсон Гвидо үхлээс, хийн зуухнаас аврахын тулд  Жошуа хүүдээ эргэн тойрнод өрнөж байгаа бүхнийг тоглоом гэж ойлгуулж, үгэнд нь сайн орж, тоглоомын дүрмээр тогловол танк хожно гэж ойлгуулна.  Шагналыг авахын тулд  заавал 1000 оноо цуглуулна.  Гэхдээ оноо авах дүрэм нь гэвэл герман цэргүүдийн нүдэнд харагдахыг хориглоно, уйлж болохгүй, цэргүүдээс юу ч гуйж болохгүй гэж хэлнэ. Эргэн тойрны цус, нулимс, үхэл зовлонг  мэдэхгүй хүү нь аавдаа итгэж, энэ бол зөвхөн тоглоом гэж бодно. Киноны хоёр дахь хэсэг бол инээдмийн цаанаас нэвчих зүрхны нулимс билээ.


Хүнд хүчир ажлын дараа яаж ч ядарч байлаа ч амьдралд нь юу ч тохиолдсон хүүгийнхээ өмнө тэр дандаа л ИНЭЭМСЭГЛЭДЭГ. Тиймдээ ч бяцхан хүү Жошуа нь дайны хүнд бэрхийг мэддэггүй. Харин ээж нь яагаад өөрсөдтэй нь цуг байхгүй байгаад л бага зэрэг гайхаж асууна. Удалгүй чөлөөлөх армийнхан  ирж дайснууд ялагдаж, ухарч хорих лагерь бужигнаж эхлэв. Хорих лагерийн хүнд амьдрал дундаас хүүгээ амьд авч үлдэж чадсан Гвидо  хаана байгааг нь мэдэхгүй  хайрт ханиа  бужигнаан дунд олж авч үлдэхээр хайна. Харин  бяцхан Жошуагаа яахав. Тэр мэргэн арга олжээ. Хүүдээ энэ бол тоглоомын сүүлийн шат нуугдаж тоглож байгаа юм хэмээн ойлгуулаад нууж орхино. Энэ хооронд  эхнэрээ хайсаар. Гэвч дайснуудад баригддаг. Эцэст нь тэр өөрийг нь буудан хороохоор тууж яваа ч хүү нь нууцаар харж байгааг мэдэх тул хөгжилтэй инээмсэглэн алхсаар үхэл рүү туугдан одно. Түүний нүүрэнд нөгөө л гайхамшигт ИНЭЭМСЭГЛЭЛ тодорч хүүгийнхээ сэтгэлд тэр янзаараа үлдэнэ. Эцгийн хайр, ханийн хайр гэж чухам юу болохыг хайрынхаа төлөө хүн юу хийж чадахыг харуулсан инээдэмтэй эмгэнэлтэй бас цаанаа зөндөө сайхныг агуулсан гайхамшигт кино. Гайхамшиг инээмсэглэлийн үр дүнд бяцхан хүү Жошуа дайны аймшгийг мэдэхгүйгээр ээжтэйгээ уулзсанаар кино төгсөнө.

Киноны найруулагч гол дүрийн жүжигчин Роберто Бенигни эмэгтэй гол дүр Николетта Браски нар амьдрал дээр ч нэг гэр бүлийн хоёр бөгөөд энэ киноны дараа хамтран тоглосон хоёр гурван кино хийсэн боловч үүн шигээ их амжилт олоогүй юм.

Хайрыг мэдрүүлж бас мэдэрч чадвал амьдрах сайхан шүү хүмүүсээ.


Бичсэн: Батбаяр | цаг: 11:27 | Кино ярьж өгье
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Тийм шүү схан кино...
хайртай
Бичсэн: luna цаг: 19:46, 2010-07-14 | Холбоос | |


үзэх болгонд мангар харамсдаг кино
Бичсэн: dao цаг: 19:24, 2010-07-14 | Холбоос | |


энэ үнэхээр гоё кино гоё шүү
бас товч бөгөөд тодорхой бичсэн байна nerd
Бичсэн: arch_tseegii цаг: 19:11, 2010-07-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax